“Реал Мадрид” шөвгийн наймд “шалгарлаа”

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

“Реал Мадрид” шөвгийн наймд “шалгарлаа”

Европын хөлбөмбөгийн холбооны “Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны эхний тоглолтууд өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө Испанийн Эзэн хааны гэгддэг “Реал Мадрид” Германы “Шальке04” багийг талбайд 6:1-ийн харьцаатай хожлоо. Ирэх гуравдугаар сарын 19-нд болох хариу тоглолтод “Шальке04” Испанийн “Реал Мадрид” багийг зургаан гоолын зөрүүтэй хожиж, дараагийн шатад шалгарах боломжтой. Гэсэн ч “Реал Мадрид” багийг талбайд нь зургаан гоолын зөрүүтэй хожно гэдэг боломжгүй зүйл. Товчхондоо бол  “Реал Мадрид” шөвгийн наймд шалгарлаа.

“Шальке04” багийн талбайд болсон энэхүү тоглолтод “Реал Мадрид”-аас Криштиан Роналду, Карим Бензема, Гарет Бэйл нар хоёр гоол оруулж, дубль хийсэн. Харин талбайн эзэн “Шальке04” багаас 90+1 дэх минутад Клаас Ян Хунтелаар гоол оруулж, нэр төр авчирсан юм.

Тоглолтын дараа “Реал Мадрид” багийн довтлогч Криштиан Роналду

-Карим Бензема, Гарет Бэйл бид гурав маш сайн тоглолоо. Гэхдээ манай баг бүх зүйлээрээ илүү байж, сайн тоглосон. “Шальке04” багийн тоглолт тийм ч сайн байсангүй. Дараагийн шатад шалгарахдаа ойртсондоо тун баяртай гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Криштиан Роналду өнгөрсөн шөнө хоёр гоол оруулснаар “Аваргуудын лиг”-ийн мэргэн буучийн гуравдугаар байрт бичигдэж эхэллээ. Тэрээр “Аваргуудын лиг”-т 61 дэх гоолоо оруулсан юм. Одоо Роналдугийн өмнө 71 гоолтой Раул Гонзалес, 66 гоолтой Лионель нар бичигдэж байна.

Испанийн Эзэн хааны “Реал Мадрид” баг “Аваргуудын лиг”-ийн цомыг сүүлийн 13 жил хүртээгүй. Энэ улиралд “Аваргуудын лиг”-т түрүүлдэг, туршлагатай дасгалжуулагч Карло Анчелотти ирсэн “Реал Мадрид” багийг улам хүчирхэгжүүлсэн юм.

Мөн өнгөрөгч шөнө /II.26/ Английн “Челси” Туркийн “Галатасарай” багийн талбайд зочлон 1:1-ийн харьцаатай тэнцлээ. Энэ тоглолтод Английн “Челси” Туркийн “Галатасарай” багийн талбайд зочлон тоглох нь үнэндээ төдийлөн чухал биш байсан юм. Харин “Челси” багийн амьд домогт довтлогч Дидье Дрогба хэрхэн тоглохыг дэлхий нийтээр сонирхож байсан юм. Дидье Дрогба 2012 онд “Челси” багийг “Аваргуудын лиг”-ийн тэмцээнд анх удаа түрүүлэхэд нь гоол оруулж, чухал үүрэг гүйцэтгэсэн. “Челси” багт тоглож байсан домогт хөлбөмбөгчдийн нэг. 2012 онд “Челси” багаас БНХАУ-ын лигт тоглож, түүний дараа Туркийн “Галатасарай” багт очсон юм.

Тоглолтын ес дэх минутад Фернандо Торрес гоол оруулж, зочноор тоглосон “Челси” “Галатасарай” багийг талбайд тэргүүлж эхэлсэн. Харин хоёрдугаар үеийн 65 дахь миунтад “Галатасарай” багийн хамгаалагч Аурелиен Чедоу гоол оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Тоглолтын дараа “Челси” багийн дасгалжуулагч Жозе Моуриньо:
-Бид тоглолтын нэгдүгээр үед дуусгах боломжтой байлаа. Тоглолтыг шийдвэрлэж болохуйц хоёр боломж байсан. Түүнийг нь алдчихлаа. Гэхдээ би довтлогчдоо шүүмжилмээргүй байна.  Айлын талбайд зочлон, 0:0-ийн харьцаатай тэнцсэнээс 1:1-ийн харьцаатай тэнцсэн илүү байдаг юм гэж хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Харин талбайн эзэн “Галатасарай” багийн дасгалжуулагч Роберто Манчини: -Бид хоёрдугаар хагаст тоглолтоо оллоо. Манай багийнхан “Челси” багийн хэтэрхий хүндэлснээс бага зэргийн айдастай тоглосон байх. Гэхдээ би сэтгэл хангалуун байна. 1:1-ийн харьцаатай тэнцэнэ гэдэг тийм муу үр дүн биш. Бидэнд хариу тоглолт бий гэж хэлжээ.

“Аваргуудын лиг”-ийн хасагдах шатны хариу тоглолтууд ирэх гуравдугаар сарын 12,13 болон 19, 20-нд болно.     

Аваргуудын хасагдах шатны эхний тоглолтуудын дүн:

Барселона 2-0 Манчестер Сити
ПСЖ 4-0 Байер Ливеркузен
Атлетико Мадрид 1-0 АС Милан
Манчестер Юнайтед 0-2 Олимпиакос
Боруссия Дортмунд 4-2 Зенит
Челси 1-1 Галатасарай
Реал Мадрид 6-1 Шальке04


Б.БИЛЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж