Материаллаг сэтгэхүй ба ханш

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Материаллаг сэтгэхүй ба ханш

Төгрөгийн ханш ам.долларын эсрэг 1795 болчлоо гээд өдөржин яриа, шуугиан боллоо. Яг үнэндээ монгол төгрөгийн маань ханш тэр Обамагийн доллар, Ши Жинпиний юанийн эсрэг хэд байснаас, хэд байгаагаас улсын маань ирээдүйн хөгжил тодорхойлогддог юм гэж үү? Үгүй ээ. Монгол Улсын хөгжил өнөөдөр Найман шарга дээрх ханшаас юмуу, аль эсвэл нэг банкны самбарт байгаа ханшаас хамаардаг юм бишээ. Бид арай ч тийм харалган, бүдүүлэг, оюуны хоосролтой хүмүүс болчихоогүй байна.

Тэгэхээр бидний хөгжил юунаас хамаарах юм бэ? Иргэний, өрхийн, бизнесийн, улс үндэсний хуримтлал ямар байхаас шууд хамаарах юм. Хуримтлалыг бодит орлого тогтвортой байснаар нэмэгдүүлдэг. Харин бодит орлогод шууд нөлөөлдөг зүйл нь инфляци буюу бидний хэрэглээний сагсны гол бүтээгдэхүүний үнийн өсөлт билээ. Тиймдээ ч дэлхийн улс орнууд өргөн хэрэглээний барааны үнийг аль болох тогтвортой байлгах, үнийн өсөлтийг бага түвшинд хадгалах гэж хичээцгээдэг юм.

Тэгвэл манай улсад байдал ямар байдаг вэ? Үндэсний статистикийн хорооноос сар бүр зарладаг хэрэглээний үнийн индексийн 36 хувийг гадаадаас импортоор авдаг бүтээгдэхүүн эзэлдэг байна. Тэгэхээр төгрөгийн ханш өнөөдөр ам.долларын эсрэг, юанийн эсрэг суларч байна гэдэг нь гаднаас импортоор авч байгаа бараа, бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж байгаа хэрэг болохоос иргэдийн хэрэглээний бүхий л барааны үнийг нэмэгдүүлээд байна гэж дэгсдүүлэх нь буруу юм.

Үнэхээр импортын барааны үнэ өсөөд байгаа нөхцөлд хэрэглэгч бид яах ёстой юм вэ? Үүнд хоёр сонголт байна. Нэгдүгээрт, хэрэглээгээ бууруулахгүйгээр цаашаа явах. Энэ нөхцөлд импортын хэрэглээнд өмнөхөөс илүү өндөр үнэ төлнө. Ингэснээр хуримтлал хийх боломж нь багасах буюу бүр хуримталгүй ч болж болно. Хоёрдугаарт, хэрэглээгээ илүү замбараатай болгох, зайлшгүй чухал байдлаар нь эрэмбэлэх, тэгээд суурь хэрэглээгээ хэвээр үлдээж, тэвчиж болох зайлшгүй биш хэрэглээгээ багасгах буюу бүрмөсөн хумих. Энэ нөхцөлд харин хуримтлал хийх боломжоо хадгалах боломжтой.

Өнөөдөр дийлэнх монголчууд маань дээрх хоёр хувилбараас алиныг нь голдуу сонгож байна вэ? Миний бодлоор бага, дунд орлоготой иргэд маань гол төлөв хоёр дахь хувилбараар явж байгаа болов уу. Тэдний орлого өндөр биш болохоор яалт ч үгүй зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицож, хэрэглээгээ өмнөхөөс ч илүү замбараатай бөгөөд ухаалаг болгож байгаа. Тэд маань ёстой л зайлшгүй чухал гэсэн бараагаа аваад л, бүсээ чангалаад гүйж байгаа. Цоорхой оймсоо оёод, хуучирсан цамцаа угааж индүүдээд, мах, сүү, талх, гурил, будаа, төмс, хүнсний ногоогоо эргэлдүүлээд л харайж яваа. Гэтэл тэднээс илүү орлоготой, харьцангуй чинээлэг хүмүүсийн хэрэглээний сагсанд өндөр үнэтэй импортын бараа зонхилдог учраас тэдний хувьд хэрэглээгээ багасгах уу гэдэг нь асуултын тэмдэг, бүр эвлэрэхэд хэцүү асуудал болж байхыг үгүйсгэхгүй. Учир нь тэд хэрэглээндээ маш мөнгө төлөх болчихоод байгаа юм. Тиймдээ ч тэд хэрэглээгээ багасгаж чадахгүйдээ бухимддаг. Яагаад гэвэл импортын сайхан бараа л хэрэглэхгүй бол “хүн биш болчих” гээд байгаа юм шиг гаж сэтгэлгээ бидний монголчуудад гүн суужээ. Тиймдээ ч төгрөгийн ханшийг аль болох чанга байлгахыг, импортын барааг аль болох хямд байлгахыг хүсдэг. Энэ зөв сэтгэлгээ юу? Энэ хөгжлийн урт хугацааны тулгуур мөн үү?

Ер нь манайхан хийх бүтээх гэхээсээ илүү хэрэглэх “донтой”, тэр нь бүр цусанд нь шингэчихсэн улс. Тэр нь бидний материаллаг, бие биенээ даган дуурайх сэтгэлгээтэй шууд холбоотой. Хүнийг юу эдэлж хэрэглэж байгаагаар нь, ямар машин унаснаар нь, хаана амьдарч байгаагаар нь, юу өмсөж зүүснээр нь шууд дүгнэдэг. Их мөнгөтэй болчихсон баян хүмүүсийн хэрэглээ бол дэлхийн баячуудтай эн зэрэгцэнэ. Хамаагүй ээ, тэд өөрсдийн мөнгөө юунд зарцуулах нь тэдний хэрэг, мань мэтэд огт падгүй. Гэтэл тэднийг дуурайгаад үлдсэн хэд нь хүний нүдэнд сайхан харагдах гээд л, тэдэнтэй адилхан болох гээд л барьцаад үхэлдэцгээнэ. Үр хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн мөнгийг хуримтлуулж чадаагүй, орон байртай болж амжаагүй байж л өмсөж зүүх, ууж идэх, унах хөлөглөхдөө асар их ач холбогдол өгцгөөнө. Ерөөсөө Ланд 200 унаагүй л бол “миний дүү ч болоогүй л байгаам байна даа” гэж харагдах гээд байна шүүдээ гэж уйлагнах. Ухаалаг утас барихгүй Nokia барьж байвал, Plasma хавтгай дэлгэцтэй зурагт байхгүй бол ёстой хэдэн оноос ирсэн онигоо вэ гэж доромжлох. Сайхан хувцас, сайхан тавилга, сайхан машин, сайхан эд, эдлэл хэрэглээд явах сайхан байх л даа. Гэхдээ бид юу бүтээж чадаж байна вэ, юу хийж зарж борлуулж чадаж байна вэ гэдгээ бодох цаг нэгэнт иржээ.

За тэгээд хүүхнүүд болж л гэмээнэ LV цүнх бариад, гар утасныхаа гэрийг бас LV болгочихно, брэнд хувцаснууд (ядаж байхад 4 улиралтайг хэлэх үү, хувцасных нь шунал хүсэл дийлдэхгүй) аль болох өмсч, мойног хуруундаа яаж ийгээд л Swarowski болон цагаан алтан бөгж аваад зүүчихийг бодно. Тэр муу Энхээ Tiffany&Co зүүчихсэн байхад, тэр Төвшөө шуба аваад өмсчихсөн байхад гээд л барьцалдаад зэрэгцээд үзчихнэ дээ. Хүүхдүүд маань бидний энэ гажиг зуршлыг дуурайж байна. Бага хүү “Ааваа та намайг сургуулиас битгий аваарай. Таны машиныг манай ангийнхан харчихсан. Тэгээд намайг шоолоод байдаг” гэх. “Ээжээ би Iphone авъя, энэ муу nokia-наас чинь ичээд байна” гэх юм миний охин. Том хүү “аав та намайг төгсөх гэж байхад MacPro авч өг л дөө. Энэ муу амбасын үеийн тошибаг чинь харахаас дургүй хүрээд байна” гэж уурлах. Эхнэр маань “би өнгөрсөн жил ёолкоор өмссөн даашинз, туфль гутлаа энэ жил өмсвөл ёстой хүн муу хэлэх байлгүй дээ” гэнэ. Бид ийм байдлаар хол явах уу?

За тэгээд амьдралаа босгоогүй, амны салиа нь арилаагүй бэсрэг залуус, охид ёстой яагаа ч үгүй байж Lacoste, Ralph Lauren, Gucci өмсөөд, сэхлүүн явах санаатай. Тэр хэрээр мөнгө олж чаддаг бол болно л доо. Гэтэл тэд юу бүтээсэндээ, юу хийж чаддагтаа тийм хэрэглээтэй болох ёстой гэж? Гадаадад явж, гахай шувууны мах идсэн хүмүүсээ та нараас асууя. Дундаж америк хүн, дундаж европ хүн, дундаж хятад, япон, солонгос хүн тийм байдаг уу? За тэгээд ядуу байна, тарчиг байна, ажил олдохгүй байна, төр засаг хогийн байна гэцгээх атлаа бид чинь бар, ресторан, диско клуб, шоу цэнгээнийг ч гүйцээнэ дээ. Нөгөө оюутны 70000-аа аваад л доргиж өгнө. Төрөөс иргэдэг тараадаг байсан бэлэн мөнгийг сайхан хавтгайрсан хэрэглээ болгоод л нялж өгсөн дөө бид.

Энэ юуны буруу вэ? Энэ нэг талаас замбараагүй хэрэглээг тахин шүтсэн, орлого сайтай байх үедээ орлогоо хуримтлуулах бус, идээд цацаад дууссан бидний буруу үйлдлийн урхаг юм. Нөгөө талаас хэрэглэгч та бидний материаллаг, ухамсар дорой, сармагчин шиг хүн дуурайдаг байдалтай шууд холбоотой. Гэтэл бидний хэд нь материаллаг сэтгэхүй, замбараагүй хэрэглээний үр дагавар нь ханшин дээр очиж буудгийг ойлгож байна вэ?

Бид энэ материаллаг сэтгэхүйгээ халж, замбараагүй хэрэглээгээ зохистой хэрэглээ болгох цаг үе нэгэнт иржээ. Ингэснээр бид гадаадын хэрэгтэй хэрэггүй импортыг хумьж, доллараа, юаниа Монголдоо үлдээнэ. Тэр гарч одоогүй, монголдоо үлдэх валют маань эргээд биднийг ажилтай, орлоготой болгоход зарцуулагдах ёстой. Тэгэхээр энэ бол цэвэр хэрэглэгч биднээс шууд хамаарах сонголт гэж мунхаг би санах юм.

Төгрөгийн сул ханш биднийг замбараагүй хэрэглээгээ эргэж харах, ухаалаг бөгөөд зохистой болгохыг шаардаж байна даа. Бүгдээрээ ухамсраараа зохистой хэрэглээтэй болж эх орныхоо эдийн засагт хувь нэмэр болцгооё.

С.ТОГТОХСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж