
Хэргийг сөхвөл, 2012 оны арванхоёрдугаар сарын 15-ны 19 цагийн үед талийгаач Ө.Алтанзулыг түүний найз залуу болох Б.Төмөрбаатар утсаар дууджээ. Тухайн үед талийгаач бүсгүй гэртээ байсан бөгөөд найз залуугаа утсаар дуудахад нь түүнтэй уулзахаар гэрээсээ гарсан байна. Тэднийх Баянзүрх дүүргийн V хороо буюу Монельд байдаг. Ингээд талийгаач найз залуу болон түүний хоёр найзын хамт дөрвүүл гэрийнхээ ойролцоох “Цайз караоке” гэдэг бааранд орсон гэнэ. Тэд оройн 23 цагийн үед тэндээс гарчээ.
Хавтаст хэрэгт авагдсан материалд тус баарны зөөгч бүсгүй “Тэд дөрвүүлээ орж ирж сууж байгаад оройн 23 цагийн үед гарсан. Тухайн үед тэдэнтэй хамт явсан эмэгтэй согтууруулах ундаа хэрэглээгүй, манай баарнаас эрүүл гарсан. Харин түүнтэй хамт явсан залуус нэлээд согтсон байсан” хэмээн мэдүүлжээ. Гэтэл шөнийн 02 цагийн үед талийгаачийн найз залуу болох Б.Төмөрбаатар өөрийн төрсөн дүү Б.Төмөршагай руугаа утасдаж, “Зулаа эгч чинь ухаангүй согтчихлоо, би гудамж андуураад буучихсан чинь түүнийг өргөж дийлдэггүй. Чи хүрч ирээд хамт өргөлцөөд аавынд хүргээд өг” хэмээн дууджээ. Баарнаас 23 цагийн үед гарсан гэж байгаа ч тэд шөнийн 02 цаг хүртэл юу хийж, хаагуур явсан нь өнөөг хүртэл тодорхойгүй. Уг нь бол Цайзаас Монель хүртэл хоёр километр хүрэхгүй зам туулна. Ингэхдээ таксигаар явсан гэж байгаа.
Дүү Б.Төмөршагайг нь очиход гудамжинд ах нь хоёр найзынхаа хамт согтуу байсан бөгөөд ахынх нь найз бүсгүй Ө.Алтанзул /талийгаач/ ухаангүй хэвтэж байсан аж. Ингээд Б.Төмөршагай талийгаачийг үүрч өгсүүр замаар аавынх руугаа явах замдаа хоёр удаа унагасан аж.
Тэрбээр талийгаачийг үүрч, дүүрч аавындаа оруулсан боловч сэргэхгүй байжээ. Гэтэл Б.Төмөрбаатар хамт явсан найзууд болоод гэрт байсан хоёр эрэгтэй дүүгийнхээ хамтаар найз бүсгүйнхээ бүх хувцасыг тайлж, гадаа авч гаран бие бие рүүгээ савлуулан ухаан орохгүй болохоор нь цасан дээр хэвтүүлж, хүйтэн ус цацсан байна. Энэ тухайгаа хавтаст хэрэгт “Ухаан оруулахын тулд түүнийг цасан дээр өнхөрүүлсэн. Тэгээд сэргэхгүй болохоор нь ухаан оруулахын тулд гэртээ оруулаад орон доогуураа хэвтүүлэн хаяаг нь сөхөөд хонуулсан” хэмээн мэдүүлсэн байх юм.
Энэ бол 2012 оны арванхоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө болсон үйл явдал. Ийм байдалтай талийгаач ухаан оролгүй найз залуугийнхаа аавын гэрт хоёр хоножээ. Энэ үед талийгаачийн ар гэрийнхэн охиноо чимээ сураггүй алга болж, гэртээ ирэхгүй болохоор нь гар утас руу нь өдөр шөнөгүй залгаж байсан ч утас нь нэг бол дуудаад авахгүй, эсвэл холбогдох боломжгүй байсан гэнэ. Арга ядахдаа найз залуу Б.Төмөрбаатарынх нь гэрээр удаа дараа очсон ч эзэнгүй байсаар байжээ. Гэхдээ тэдэнд охиноо найз залуутайгаа хамт яваа байх гэх бодол төрж байсан ч нэг л тавгүй, айдастай байсан хэлж байв.
Ар гэрийнхэн нь ийнхүү охиноо хайж байх үед талийгаач найз залуугийнхаа аавынд ухаангүй хоёр хоноод эцэст нь эмнэлэгт хүргэгдсэн байдаг. Ингэхдээ эмнэлгийн тусламж авч чадалгүй цаг алдсан талаар доор сийрүүлье.
Бүсгүйг ухаан орохгүй байсан учраас найз залуу нь арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Яаралтай түргэн тусламжийн 103 төвд дуудлага өгсөн байна. Гэтэл дуудлагаар ирсэн эмч талийгаачид нарийвчилсан үзлэг хийлгүйгээр найз залуугийнх нь үгээр “Архины гүн хордлогод орсон байна. Харъяаллынхаа эмнэлэгт хандаад дусал хийлгэчих. Тэгээд сэргэчихнэ” гээд явжээ.
Тухайн үед Б.Төмөрбаатар найз бүсгүйгээ архи хэтрүүлэн уусан гэж эмчид хэлсэн байна. Тэр дагуу эмч талийгаачийг хоёр, гурван удаа алгадаж үзээд ийн оношилсон тухайгаа ар гэрийнхэнд нь хэлсэн юмсанж.
Үүний дараа Б.Төмөрбаатар өөрийн дүү Б.Төмөршагайгийн машинаар талийгаачийг Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. Гэтэл Хүлээн авахын эмч талийгаачид үзлэг хийсэн даруйдаа ГССҮТ рүү яаралтай шилжүүлэх шаардлагатайг дуулгажээ. Ингэхдээ талийгаачийг түүний найз залууд /эмнэлэгт хүргэж ирсэн/ өгч явуулалгүйгээр, ар гэрийнхэн болоод ГССҮТ рүү хүргэх түргэний эмчийг дуудсан байна. Өөрөөр хэлбэл, тэр эмч бүсгүйг найз залууд нь өгч явуулж болохгүй, амь насанд нь аюул учирна гэдгийг мэдэж байсныг үгүйсгэх аргагүй юм.
Талийгаачийн ар гэрийнхэн ГССҮТ дээр дуудагдаж очиход эмчлэгч эмч Пүрэвдорж тэднийг өрөөндөө оруулан “Ө.Алтанзул гадны нөлөөтэй тархиндаа хүнд гэмтэл авсан. Амтд үлдэх 15 хувийн магадлалтай шүү. Тархин тус газраа дөрвөн гэмтэл авсан. Гавал, хуйх хоёрын завсар цус хуралттай. Энэ гэмтэл нь үснээсээ маш хүчтэй зулгаалгах юм уу, хүчтэй дугтарч татуулснаас үүссэн. Та нарт гэж хэлэхэд Алтанзул гадны нөлөөтэй ийм байдалд орсон байна. Эртхэн цагдаа сэргийлэхэд хандаарай. Гавал хуйхын цусан хурааг Америк руу авч явсан ч эмчлэх боломжгүй. Эхний ээлжинд тархины хагалгаа хийх шаардлагатай. Дараа нь гавал хуйхны цусан хураад үнэтэй эм тариагаар маш удаан хугацаанд шимэгдүүлэх эмчилгээ хийнэ. Найдлага бол тун бага. Та нар сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Мөн гуя, цавь орчим үүссэн хөхрөлт, няцралт унах үед үүсэх боломжгүй. Мөн цээжний хөндий болон уушгины гэмтлийг дараагийг ээлжинд шийдье. Эхний ээлжинд нэн яаралтай тархины хагалгаанд л орох хэрэгтэй” хэмээн хэлж байжээ. Гэтэл өдгөө энэ хэрэг эсрэгээрээ эргэж, талийгаачийн найз залуу өөрийн сэтгэцийн өвчтэй гэгдэх төрсөн дүүдээ хэргээ тохож, шүүхээр шийдвэрлүүлжээ.
Үргэлжлэл бий….
Эх сурвалж: www.eagle.mn