-Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн гэж УИХ дахь МАН-ын бүлэг дүгнэж… Гэтэл төв банкны зүгээс “Ам.долларын ханш өссөнийг эдийн засаг хүндэрсэн гэж ойлгох нь өрөөсгөл. Удахгүй эдийн засаг сэргэнэ” гэх тайлбарыг өгч байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Монгол Улсын өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг авч үзье, энэ үзүүлэлтээс харахад эдийн засгийг тодорхойлдог гол үзүүлэлтүүд унасан байгаа. Тухайлбал, 2013 онд ДНБ 18.5 хувиар өснө гэж төлөвлөж байсан бол гүйцэтгэлээр 11.5 хувьтай гарсан. УИХ-аар 2013 оны мөнгөний бодлогыг батлах үед төв банк оны төгсгөлд инфляци найман хувьтай байна гэсэн. Гүйцэтгэлээр инфляци 12.5 хувьтай гарсан. Инфляци бол гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт гэсэн үг. Дээр нь Монгол Улсын зээлжих зэрэглэл буурч –В рүү орсон. Гадаад худалдааны алдагдал ихэссэнээр худалдаа агшсан, өрийн хэмжээ байх ёстой хэмжээнээсээ нэмэгдсэн гээд эдийн засагт асах ёстой бүх "гал" ассан байгаа. Ийм үед ам.долларын ханш 1795 төгрөгтэй тэнцэнэ гэдэг эрсдэлтэй шүү дээ. Монгол Улс импортоос хамааралтай, бүхий л хэрэгцээтэй зүйлээ импортоор авдаг. Тийм учраас энэ асуудалд Засгийн газар төдийгүй УИХ анхаарлаа хандуулахгүй байж болохгүй.
-Валютын ханшийн өсөлтөөс эдийн засагт ямархуу эрсдэл үүсч байна вэ?
-Тоон үзүүлэлтээр илэрхийлье. Ам.долларын ханш 1794 төгрөгтэй тэнцсэнээр 2012 онтой харьцуулахад Монгол Улсын өрийн хүүгийн хэмжээ 35 хувиар нэмэгдсэн дүн гарсан. Монгол Улс гадаадаас авсан зээлийн хүүнд жил бүр 150-180 тэрбум төгрөг төлж байгаа. Тэгэхээр валютын ханшийн өсөлтөөс болж төлж байгаа зээлийн хүүгийн хэмжээ 35 хувиар өссөн гэсэн үг юм. Мөн УИХ-аас 2014 оны төсвийн хуулийг хэлэлцэх хүрээнд хөрөнгө оруулалтыг нэг их наяд төгрөгөөр төсөвлөсөн. Эрх баригчид төсвийг батлуулахдаа ам.долларын ханшийг 1384 төгрөгөөс хэтрүүлэхгүй гэж амласан. Гэтэл валютын ханш 1794 төгрөгт хүрснээр нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын өртөг нэмэгдэх зайлшгүй эрсдэл үүсээд байна. Өөрөөр хэлбэл, валютын ханш 1794 төгрөгтэй тэнцсэнээс болоод аж ахуйн нэгжүүд тендерт оролцох сонирхолгүй болж байна гэсэн үг. Валютын ханш 1794 төгрөгтэй тэнцэж байхад 1384 төгрөгөөр тооцуулж ажил хийх компани байх уу. Олдохгүй шүү дээ.
-Хувийн хэвшлийнхний хувьд банкнаас доллараар авсан зээл нэлээд байх шиг. Валютын ханш өссөнөөс болоод “Зээлийн эргэн төлөлт хийхэд амаргүй болж байна. Ажлаа зогсоохоос арга алга” гэх. Та бүхэн хувийн хэвшлийнхний авсан зээлийн хэмжээ хэд байгаа тооцоог гаргасан уу?
-Монгол Улсын нийт зээл 8.4 их наяд орчим төгрөг байгаа. Үүнээс хоёр тэрбум орчим нь ам.долларын зээл. Ханшийн эрсдлээс болоод аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтийн хувьд маш том эрсдэл хүлээж байгаа.
-УИХ-ын намрын чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан. Алтанд ногдуулах татварын хэмжээг бууруулснаар валютын нөөцийг нэмэгдүүлж, ханшийг тогтворжуулна гэж байсан ч төдий л байдал дээрдсэнгүй. Цаашид валютын ханшийг бууруулахын тулд Засгийн газар, төв банк ямар арга хэмжээ авах ёстой гэж та үзэж байна вэ?
-Валютын нөөцийг бүрдүүлдэг дөрвөн эх үүсвэр бий. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх хоёрдугаарт нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, гуравдугаарт, зээл тусламж авах, дөрөвдэх эх үүсвэр нь алт тушаалтыг нэмэгдүүлэх юм даа. Гэхдээ манайд өнөөдөр экспортыг дэмжих бодлого тодорхой бус байна. Оюутолгойгоо, Тавантолгойгоо хөдөлгөж чадсангүй.
С.Батболдын Засгийн газрын үед Хятадын “Чалько” компанид Тавантолгойгоос олборлосон нүүрсээ 1 тонныг нь 70 ам.доллараар нийлүүлэхээр гэрээ байгуулсныг нь сайд Ч.Сайханбилэг “Шанаандаа буу тулгуулж байгаад байгуулсан гэрээ” гэж шүүмжилсэн боловч өнөөдөр өөрсдөө Тавантолгойн нүүрсийг 1 тонныг нь 40 ам.доллараар нийлүүлээд сууж байна. Нөгөө талдаа экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрс маань дэлхийн зах зээлд буюу Австрали, Индонезийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй болсон. Тээврийн зардал нь дэндүү өндөр тусч байна. Экспортолж байгаа нэг тонн нүүрсний 30-40 хувийг тээврийн зардал эзэлж байна шүү дээ. Ийм өндөр өртөгтэй зардлаар нүүрсээ тээвэрлэх боломжгүй, өрсөлдөх чадвартай болгохын тулд тээвэр ложистикийн асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх ёстой. Гэтэл Засгийн газар өнөөдрийг хүртэл төмөр замын царигийн асуудлыг УИХ-д оруулж ирсэнгүй. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байсан төмөр замыг төрд хурааж аваад ажил нь үргэлжилж байгаа эсэх нь тодорхойгүй болгосон. Түүнчлэн УИХ-аас долоон сарын өмнө гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан байтал уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн Засгийн газрын хуралдаанаар баталж байх жишээтэй. Засгийн газар маш удаан ажиллаж байна. Валютын эх үүсвэрийг бүрдүүлэх ёстой гадаадын хөрөнгө оруулалтыг татах хуулийн хэрэгжилт дээр ингэж цаг алдаж болохгүй. Бүхэл бүтэн долоон сар өнгөрчихөөд байхад.
Ер нь бол УИХ эдийн засгийг сэргээхтэй холбоотой бүхий л авах ёстой арга хэмжээнүүдийг авч хуулиудыг баталж өгсөн, тиймээс Засгийн газар дээр дурдсан ажлууд дээр бодитой ажиллах ёстой.
-УИХ-ын намрын чуулганаар хуулийн төслүүд хэлэлцэх шатанд цөөнхийн бүлэг нэлээд шантааж үзүүлж цаг алдах шиг болсон. Алтны татварыг 2.5 хувь болгох хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлэхэд “Хэлэлцэх шаардлагагүй” гэж үзээд унагааж байсан. Засгийн газар дахиж хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлснээр намрын чуулган завсарлахаас 10 гаруй хоногийн өмнө баталсан байх жишээтэй?
-УИХ дахь МАН-ын бүлэг УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөл бүрт тээг тавьж ирсэн гэвэл дэгсдүүлсэн хэрэг болно. Эдийн засагт голлох нөлөө үзүүлэх татварын хууль, жишээ нь алтны татварын хувь хэмжээг бууруулах асуудлыг ул суурьтай судлах, нарийн тооцоолох цаг авсан судалгаа шаардсан ажлууд байсан. Тийм учраас завсарлага авч нягтлахаас арга байгаагүй. Үүнийг зөвөөр ойлгох ёстой.
Нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна, өнгөрсөн онд УИХ-ын даргын захирамжаар эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдаж байсан. Ажлын хэсэгт бүх яамдын сайд, дэд сайдууд багтаж ажилласан. Гаргасан дүгнэлтийнх нь хүрээд эдийн засагт ийм ийм нөхцөл байдал үүсч, цаашид анхаарах асуудал нь энэ юм байна гэдэг маш зөв тодорхойлж хууль эрх зүйн хүрээнд ийм хуулиудаа шинэчилье, УИХ ийм арга хэмжээ авъя, Засгийн газар ийм ажил хийх ёстой юм байна гэдэг маш тодорхой даалгавар өгөгдсөн. Харамсалтай нь, УИХ-аас өгсөн даалгаврыг Засгийн газар хэрэгжүүлээгүй. Мөн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд эдийн засгийг идэвхижүүлэх, валютын ханшийг тогтворжуулах хуулийн төслийг санаачлан санал авахаар Засгийн газарт мэдүүлсэн ч буцааж УИХ-д бариагүй.
Ийм байхаар юун дээр анхаарлаа хандуулах ёстой вэ гэдэг фокус алдагдаад байна. Ач холбогдлоор нь эрэмбэлэх юм бол Засгийн газар нэн тэргүүнд эдийн засгийн өсөлтөө хадгалж үлдэх, валютын ханшаа тогтворжуулах ажлыг хийх ёстой атал аар саархан зүйлээр оролдоод эдийн засгийнхаа гол үзүүлэлтийг муутгаад байна л гэж харж байна.
-УИХ-ын даргын захирамжаар мөн ажлын хэсэг байгуулагдан төв банкин дээр ажиллаж байсан. Дүгнэлт нь ямар байдлаар гарсан байдаг юм бол?
-УИХ-аас 2014 оны мөнгөний бодлогыг батлахад дагаж тодорхой тогтоол гарсан. Түүнд Монголбанк, Засгийн газар хоёрын хэрэгжүүлж байгаа “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” дээр хяналт тавъя, тодорхой үр дүнг тооцоё гэсэн. 2013 онд гэхэд “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гурван их наяд төгрөгийн санхүүжилт хийгдсэн байдаг. Шатахуун, гурил, мах, барилгын үнийг тогтворжуулахад зориулж. Маш өндөр өртөгтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Тийм учраас аж ахуйн нэгжүүдэд олгосон зээл эргэн төлөгдөх ёстой. Нефтийн компаниудад жилийн 3.8 хувийн хүүтэй 200 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон, эргэн төлөлт ямар байна вэ. Хэн нь зээлээ төлөв, хэн нь чадаагүй байна вэ гэдгийг дүгнэх ёстой. Гурилын компаниуд, махны компаниуд ч зээлээ эргүүлэн төлөх ёстой. Махны компанид 80 орчим тэрбум төгрөгийн зээл олгосон байгаа, эргэн төлөлт хийсэн гэж байгаа ч хэд нь орж ирэв гэдэг тодорхойгүй л байгаа. Дараагийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх хэмжээний мөнгө орж ирэв үү, хуримтлагдаж чадсан уу, ямар салбарт зарцуулсан зээл нь үр дүнгээ өгөв гэдэг дээр хугацаатай үүрэг өгсөн ч Засгийн газар УИХ-д тайлангаа тавиагүй. Уг нь бол УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө “Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг Засгийн газар тайлагнах үүрэгтэй байсан.