
Хотын дарга нар ШБОС /шинэ бүтээл, оновчтой санаачилга/ гаргаад удаж байгаа. Тэр нь гурван тэрбумын экологийн гэх хогны уут. Нэр нь хүртэл гоёдсон “Азийн цагаан дагина”*-ыг дахин шинэчилсэн гэнэ. Иргэдийн таалалд нийцүүлэхийн тулд нимгэн хальс шиг байсан уутыг зузаан болгож, хэмжээг нь багасгасан шинэ уутыг айл өрхүүдэд тарааж эхлээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, албаныхны өгсөн мэдээллээр хогийн уутны хэмжээг 80х45см байсныг 65х45см болгон зузааныг 2.5-3 микрон болгон нэмэгдүүлсэн байна. Ингэснээр хотын өнгө үзэмж сайжирч, хогны асуудлыг төвөггүйхэн шийднэ гэж дарга нэр үзэж буй. Харин иргэд “хайран мөнгө” хэмээн шогширч, энэ мөнгөөр хогны машин худалдаж авсан бол илүү үр дүнтэй ажил болох байсан гэж дүгнэцгээж байгаа.
Уг нь гурван тэрбумаар уут үйлдвэрлэж байхаар 30 хоногтоо хэл амгүйхэн шиг хогоо аччихдаг бол илүү дээр юм шиг. Ядаж л хаврын хавсрагатай хавсраад үнс нурам нь толгойтой үсийг маань үнсэн саарал өнгөөр “будчихгүй” шүү дээ. Ногоон уутны хэрэг гэр хорооллынхонд алга, золбин ноход зуугаад л энэд тэндгүй гүйж явах юм байна лээ.
Сар шинээс хойш зарим, дүүрэг, хороод хогоо ачихгүй байгаа сурагтай. Ялангуяа Сонгинохайрхан дүүргийн гэр хороолол хог шороондоо дарагдаад удаж байгаа аж. Дүүргийн орлогч дарга Б.Батдоржоос “Хогоо яагаад ачихгүй байгаа”-г нь тодруулахыг оролдсон боловч чадсангүй. Тэрбээр “н.Сүхбаатар дарга мэднэ. Энэ асуудлыг хариуцсан хүн байгаа” хэмээн өөрөөсөө булзааруулав. Харин н.Сүхбаатар дарга ууртай байв уу, эсвэл ийм уцаартай хүн үү “Хог ачихгүй байна” гэсэн гомдлын мөрөөр асуудлыг тодруулах гэсэн боловч бас л болсонгүй. Сонгинохайрхан дүүрэг хүн ам ихтэй, ачаалалтай байж болно. Гэхдээ сардаа нэг удаа хогоо хэл амгүйхэн шиг ирээд аччихаж яагаад болохгүй гэж. Тэр тусмаа өвлийн цагт гэр хорооллынхны хогийг сардаа нэг биш хоёр, гурван ч удаа ачихад гэмгүй шүү дээ.
Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, төрийн ажлыг хийнэ гэсэн хурган дарга ажлаа хийхгүй ард иргэдийн ийнхүү чирэгдүүлээд сууж байгаа нь “Ногоон хот, ногоон уут” гэсэн хотын нөгөө гоё имижийг “будаа” болгож байгааг хотын дарга маань харин мэддэг болов уу.
Эсвэл хог ачих мөнгөө хогны уутанд зарцуулаад эцэстээ иргэд хогоо гудамжиндаа хаяна уу, хашаандаа асгана уу эсвэл орцондоо орхино уу бидэнд падгүй гэж бодож байгаа хэрэг үү. Ноомой дээр ноорхой гэгчээр тараасан ногоон уут нь хаврын хавсрага эхлэнгүүт толгой дээр буух нь холгүй тэнгэрт эргэлдэх байлгүй. Тэгэхээр хогны уут хэрэгтэй юу, хог ачих машин хэрэгтэй юу гэдгээ бодолцох цаг болсон юм биш үү. Өнгөрсөн хугацаанд гурван тэрбумаар уут үйлдвэрлэж, хог дээр хог болголоо шүү дээ. Ингэлээ гээд хотын өнгө төрх сайжирч, хог новшноосоо салсан нь хаана байгаа юм бэ.