
Хамгийн сүүлд гэхэд Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга нь албан тушаалаа өгөхгүй гээд тамгаа өвөртөөд зугатсан мэдээлэл байна. Хэдийгээр Алтай суманд МАН олонх болсон ч Засаг ноён өөрөө асуудалтай нөхөр таарч. Тус сумын Засаг дарга Ш.Баяржаргал нь хуурамч дипломтой байсан нь илэрсэн бололтой. Тэрбээр наймдугаар ангийн боловсролтой, төрийн албанд ажиллаж байгаагүй нэгэн байжээ.
Ах дүү олонтой, аав ээж нь хөрөнгөлөг хүмүүс тулдаа түүнийг сумынхаа Засаг дарга болоход багагүй нөлөөлсөн гэж нутгийнхан нь ярьдаг үнэний ортой бололтой. Ш.Баяржаргал даргыг хүмүүжил харилцааны хувьд доголдолтой, нутгийн иргэн О-г зодож амь насыг нь хөнөөсөн гэх хэрэгт холбогдож байсан гэсэн мэдээлэл байгаа юм. Өөрийг шүүмжилсэн хүнийг үзэн яддаг, болж өгвөл асуудлыг нударгаар шийдэх гэж оролддог нөхөр юм даг уу даа, янз нь. Саяхан гэхэд орлогч даргаа хэвтэрт ортол нь зодсон байна лээ.
Түүнийг Засаг даргын суудалд томилогдохоос өмнө нутгийнхан нь аймгийн Засаг даргадаа гомдол гаргаж, албан тушаалд томилох хэрэггүй гэсэн албан бичиг хүргүүлсэн ч Говь-Алтай аймгийн өмнөх засаг дарга асан Ш.Амгаланбаяр авч хэлэлцээгүй аж. Үүнээс болоод засаг ноён Ш.Баяржаргал гэгч “даам” гарчихсан бололтой юм.
Төрийн ажлыг хийдүүлсэн, хуурамч димпомоор бусдыг залилсан, Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэдэг үндэслэлээр түүнийг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ажлаас нь халах тушаалыг гаргасан бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэндээ Ш.Баяржаргал төрийн тамга тэмдэгийг аван зугтаасан гэнэ.
Алтай сум нь хоёр мянган хүн амтай. Гэтэл тус сумынхны амьдрал өнөөдөр хүнд хэцүү байхад Засаг дарга нь өөрийнхөө хувийн бизнесийг хөгжүүлж, сумандаа найман нэрийн барааны дэлгүүр хүртэл ажлуулах зөвшөөрлийг өөрөө өөртөө олгосон нэлээд хөдөлгөөнтэй нөхөр гэлтэй.
Төрийн алба бол төрлийн алба биш. Хэн тэнд ялж, хэний намын хүн тэнд дарга болох нь чухал биш бөгөөд хамгийн гол нь Монгол төрийн төлөө ажиллаж чадах хүнийг сонгох хэрэгтэй гэж нутгийн иргэд нь үзэж байгаа гэнэ лээ. Боловсрол мэдлэггүй, ааш муутай хүнээр удирдуулсны горыг ханатлаа амссан, сумын удирдлагуудтай холбоотой ямар нэгэн гомдол гаргахаас айдаг болсныг гэрчлэх хүмүүс ч байгаа аж.
Гэтэл сумын танхай Засаг даргыг ажлаас нь халсан бус Говь-Алтай аймгийн МАН-ынхан энэ асуудлыг улстөржүүлж, түүнийг суудалд нь эргүүлэн томилох ёстой гэж хэл ам хийх болсон байдаг. Өөрсдийнх нь сонгосон хүн нь намынх нь нэрийг баастаж, намайг хэн тоох вэ гэгчээр аашилж буйд харин ч удирдлагууд нь хариуцлага тооцох учиртай. Учир нь орон нутгийн иргэд хэн нэгэн овлигогүй даргын хөлд чирэгдэх ёсгүй болохоор тэр.