Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Гэр бүл үймүүлэгч

-Сошиал сайтууд гэр бүлийн хүчирхэг байдлыг алдагдуулж, халуун дулаан, нандин харилцааг сүйтгэдэг гэж үү-

Интернэт хэрэглээ, тэр тусмаа сошиал медиа амьдралын салшгүй хэв маяг болсноор гэр бүлийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэх болсон тухай АНУ болон Европын судлаачид онцлох болжээ. Үнэхээр сошиал сайтууд гэр бүлийн хүчирхэг байдлыг алдагдуулж, халуун дулаан, нандин харилцааг сүйтгэдэг гэж үү?

Гэр бүл салалтад сошиал медиа гарцаагүй нөлөөлж байгааг АНУ-ын судлаач, хуульчид баталж байна. Гэрлэлтээ цуцлуулахаар хандсан эхнэр, нөхрүүдэд хуулийн үйлчилгээ үзүүлж буй хуульч нар ч эсрэг талаа­саа “но” илрүүлэхийн тулд тэдний Facebook хаягийг “ухаж”, өөр бусадтай сээтэгнэсэн, гэр бүлд онцын шаард­лага­гүй элдэв зүйлд мөнгө үрсэн зэрэг нотлох баримт хайдаг болсон гэнэ. Иймэрхүү байдлаар нотлох баримт цуглуулдаг гэдгийг судалгаанд хамрагдсан хуульчдын 66 хувь нь хүлээн зөвшөөрчээ. Үнэхээр ч тэндээс хангалттай баримт цуглуулдаг болохоор тэр гэнэ. Түүнчлэн сүүлийн таван жилд зөвхөн АНУ-д гэхэд л сошиал сайтуудаас түүсэн баримт ашиглан шүүх танхимд гэр бүл цуцлах асуудлыг шийдвэрлэсэн тохиолдол 81 хувиар нэмэгджээ.

Их Британид төвтэй гэр бүл салалтын асуудлаар мэргэшсэн компа­нийн тайланд мөн л гэрлэлтээ цуцлуу­­лахаар хандаж буй хосуудын 20-иос доошгүй хувь нь салах болсон шалтгаанаа ямар нэг байдлаар сошиал медиатай холбон тайл­бар­­­ладаг тухай “Telegraph” сонинд мэдээл­жээ.

Бүтээгүй гэрлэлт, бүтэл­гүйтсэн харил­цааны шалтгаан нь сошиал медиа байсан ту­хай яриа, бичлэг, сэтгэгд­лийг ч онлайн ертөн­цөөс төвөггүй олж болно. Онцлоход, Евро­пын орнуудад интер­нэт хэрэглэгч­дийн 41 хувь нь өдөр бүр сошиал сүлжээний сайтууд руу нэвтэрдэг бөгөөд тэд­ний тодорхой хэсэг нь “ердийн бус” зорил­гоор сошиал медиаг ашигладаг гэжээ. Тэгэ­хээр, үнэхээр сошиал сүлжээ­ний сайтууд тодорхой хэмжээнд хосуудыг салал­тад хүргэж байна уу? Хэрэв тийм бол эдгээр асуудал хэрхэн эхэлдэг байж таарах вэ?

АНУ-ын Мейвуд дэх судалгааны төвийн профессор Стивен Киммонсын тодорхойлсноор сошиал хүрээнд гэр бүлээс гадуурх харилцаа үүсэх боломж, магадлал харьцангуй өндөр гэнэ. Хэт явцуу тодорхойлолт байж болох ч богино хугацааны сэтгэл хөдлөл, эсвэл урт удаан харилцааны дүнд хосуудын хэн нэг нь гэр бүлийн харилцаанд сөргөөр нөлөөлөх үйлдэл хийж болзошгүй байдаг гэнэ.

“Гэр бүлийн хоёрын нэг нь ахлах сургуулийнхаа найзтай онлайн ертөнцөд таарчээ. Хэн хэнийх нь сэтгэл хөдөлж, хуучны дурсамжаа сэргээж, ярилцана. Facebook-т оруулсан гэрэл зургийг нь үзэж, амьдрал ахуй нь ямархан байгааг тандана. Мэдээж удаан уулзаагүй найзууд тул сэтгэл нь ихэд хөдөлж, тэр хэрээр ойр дотно яриа үүсгэнэ. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд хувийн чанартай мэдээлэл солилцож, ямар нэг байдлаар догдлох, эсвэл түүнээс бүр ч илүү мэдрэмж төрүүлж болно. Энэ мэтээр л эхэлдэг” гэж доктор Киммонс тайлбарлажээ. Иймэрхүү харилцааны эхлэл нь гэм зэмгүй байж болох ч удах тусам өрнөл нь өөрчлөгдөж эхэлдэг гэнэ. Мэдээж хүний амьдралд, хосуудын харилцаанд элдэв зүйлс тохиолдох тул цаг үеэ олоогүй харилцаа гэр бүлийг салалтад хөтөлж болзошгүй ажээ. Түүнчлэн хосууд нэг нэгэндээ хэлэхээс санаа зовсон, ичсэн, эсвэл нуухыг хүссэн боловч өөр хэн нэгэнд сэтгэл доторхио уудлах шаардлага гарах үед дотны найз, гэр бүлээс илүүтэй онлайн ертөнцөөр танилцсан “үл таних” дотны найздаа хэлэхийг хүсдэг. Энэ тохиолдолд эмэгтэй­чүүдээс илүү эрчүүд дээрх аргыг сонгодог гэнэ. Ингэхдээ эсрэг хүйстнийг илүүд үзэх ажээ. Харилцаа даамжирвал компьютер, гар утасны цаанаас бие биесээ ойлголцож, амьд­ралын нарийн төвөгтэй асуудлаа ярил­­цаж сурсан цахим найзууд болзоо тогтож, уулз­лаа гэхэд сексийн харилцаанд орсон тохиолдол 47 хувьтай болохыг судалгааны дүн харуулж байна. Тэгэхээр сошиал медиа гэр бүл салалтад шууд нөлөөлөхгүй ч нэг шалтгаан болдог нь үнэн бололтой.

С.ЦЭЛМЭГ


Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №050

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж