Улс төрийн “хорт хавдар”

Хуучирсан мэдээ: 2014.02.27-нд нийтлэгдсэн

Улс төрийн “хорт хавдар”

Дэлхийн шилдэг эмч нар хорт хавдрыг бүрэн төгс эмчлэх арга ухааныг олж чадаагүй л байна. Сая, сая хүн энэ өвчнөөр хорвоог орхиж, эсийн хуваагдал ямар аюултай өвчин болохыг хүн төрөлхтөн хангалттай мэдэрч буй. 

Эмгэг эсийн нөлөөлөл, эсийн задрал, хуваагдал улс төрийг ч бохирдуулдаг бөгөөд хорт хавдар хүрээгээ тэлэх тусам төрийг эрсдэлд оруулж, эцэс сүүлдээ зөвхөн хоногоо тоолон хэвтэхээс өөр аргагүй байдал  хүргэж мэдэх аюултай өвчин. Хорт  хавдрын шинж тэмдэг эмч нарын хэлж буйгаар эхэн үедээ бараг мэдэгддэггүй, эмчилгээ авах боломжгүй эцсийн шатанд орсон хойноо л  илэрдэг гэвэл улс төр дэх эмгэг эсийн гаж нөлөөлөл Монголын нийгэм дэх эрүүл саруул эс бүхнийг аажим, аажмаар идэж дуусгах шинжтэй.  

Монголын улс төр хорт хавдар туссан нь нэгэнтээ оношлогдсон, гагцхүү өөрийгөө “хэн бэ” гэдгээ мэдэхгүй яваа өвчтөнд түүнийг яаж ойлгуулах, хөнгөвчлөх эмчилгээнд хэрхэн хамруулах вэ гэдэг нь хамгийн хүнд асуудал болчихоод байгаа юм. Гол нь өвчтөн өөрийгөө эрүүл гэж итгэж, эндүүрч яваад л хамаг учир байгаа хэрэг.

Саяхан МАХН-ын гишүүд хэвлэлийн бага хурлын үеэр зодолдож, энхрий хайртай Н.Энхбаярыгаа болон түүний намыг “улс төрийн хорт хавдар мөн” гэж ил шулуухан мэдэгдсэн нь  олон хүний загатнасан газрыг маажсан биз. Хэлсэн хүн нь “хэн” болохоос биш үнэндээ түүний хэлсэн “онош” байгаа оносон л доо. Байсхийгээд л Н.Энхбаяр даргынхаа гишгэсэн мөр, идсэн хоол, баасан баасыг нь хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр төлбөртөө цацах нь холгүй байдаг МАХН-ынхан түүнийг эзгүйд гишүүн урвуулахаас өөр гавьтай ажил хийсэнгүй.

Гишүүн урвуулна гэдэг МАХН-ын мөрөөдөл болохоос улс төрийн аюултай хавдар болчихсон тус намд элсэх нь улстөрчийнхөө карьертаа цэг тавьж байгаатай ялгаа юун. Тийм учраас тус нам “намдаа гомдогсод” болон Н.Энхбаярыг тахин шүтэгсдээр дүүрчихээд байгаа шүү дээ. Чухамдаа тус намд итгэл үнэмшлээрээ гэхээс илүү бусдад хорссон, шарвасан нөхөд л гишүүний батлахыг нь наанаа инээж, цаана уйлан байж гардан авдаг байх. Тиймдээ ч шантаажчдаар эгнээгээ тэлсэн нам одоо өөрсдөө шантаажлуулаад явж байна шүү дээ.

Даргынхаа эзгүйд гишүүнийхээ тоог нэмэх гэж том фаактанд орох болсон МАХН-ынхны онигоог эс тооцвол одоохондоо Монголын улс төр амар амгалан байна. Чуулган завсарлаж, гишүүд гадаад, дотоодод амарсан шигээ саарал ордон эл хульхан. Гэхдээ саарал ордны гадаах улс төр хэдийгээр наанаа амар амгалан мэт харагдавч тогоон дотроо гал авалцаж буйг МАХН-ынхны гишүүдийн үйлдэл, яриа нотлох мэт.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэд даргаа гурван даврах дээлтэй “халууцаж” явааг хэвлэлээр зарласан жирийн гишүүнд хэвлэлийн бага хурлынхаа үеэр зодолдсон гээд тус нам дотроо нэг л эв түнжин муутай байгаа гэнэ. Хоноц хоноцдоо дургүй, хонуулсан айл хоёуланд нь дургүй гэдэг шиг л асуудал тэнд өрнөж байгаа юм даг уу даа, янз нь.

Хоорондоо жаахан хэг ёг болонгуутаа өмнөдийн нутагт Монголын улс төрийн өрнөлийг харзнасан шигээ амьдарч буй даргадаа “хов” хүргэхээр онгоц хөлөглөөд алга болцгооно. Өнгөрсөн намар Д.Тэрбишдавга, О.Баасанхүү хоёр ам зөрөнгүүтээ Өмнөд Солонгост уралдаж буусан инээдтэй ч гэмээр явдал болж байсан шүү дээ. Харамсалтай нь тэдний хэрүүл тогооноосоо гадагшлах тусмаа улстөрд “бохир идээгээ “цацах вий гэсэн эмзэглэл ч улс төрийн хүрээнийхний дунд байна.

МАХН-д өөрийн гэсэн толгойтой хүн байдаггүй, тэдний хэвлэлд өгсөн ярилцлага бүхнээс харж болно. О.Баасанхүү ч тэр, З.Баянсэлэнгэ ч тэр, Д.Тэрбишдавга, Г.Шийлэгдамба, Ч.Улаан  бүгдээрээ ярилцлага өгөх бүрдээ ёс юм шиг даргыгаа магтдаг. Тэгж байж л нэг гэр бүлийн гэгдэх намын нэрээр албан тушаалтайгаа үлддэг биз ээ. Харамсалтай нь тэдний энэ бүх долигнол намаа өвчлүүлээд зогсохгүй Монголын улс төрд томоос том хорт хавдар болчихоод байгаагаа эртхэн ойлгоосой билээ. Эрт үедээ бол хорт хавдар эмчлэгддэг гэдэг шүү дээ.

 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж