
-Манай улсын нүүрсний экспорт хүнд байдалд ороод нилээд удаж байна. 2014 онд эргэж сэргэх ямар нэг шинж тэмдэг ажиглагдаж байна уу?
-Тийм шинж тэмдэг алга. Дэлхийн хамгийн том худалдан авагч БНХАУ-ын зах зээл дэх нүүрсний нийлүүлэлтийн хэмжээ нь эрэлтээсээ давсан хэвээр, өөрөөр хэлбэл, нүүрсний илүүдэл хэвээр байна. 2014 онд байдал сайн тал руугаа эргэх найдвар харагдахгүй байгаа. Манай улсын хувьд харин ч улам дордох шинжтэй байгаа.
-Он гараад манай улс 1,2 сая тонн нүүрс экспортолсон гэсэн статистик мэдээ байгаа. Өмнөх оныхоос нэг их буураагүй гэсэн байсан. Байдал тогтвортой байгаа юм биш үү?
-Хуурай статистикт учир байна аа. Зарим компани агуулахдаа хуримтлагдсан хог хаягдал шахам нилээд их нүүрсийг гадагш хямд үнээр зарсан нь энэ тоонд орсон шиг байна лээ. Түүнээс яг экспортын шаардлага хангасан нүүрсний хэмжээ өмнөх жилийн нэгдүгээр сарынхаас хамаагүй буурсан.
-Нүүрсний экспорт унасан, уналт үргэлжилсээр байгаа шалтгааныг танай ассоциаци төр засгийн албан тушаалтнуудаас арай өөрөөр тайлбарлаад байгаа харагддаг. Яг бодитой шалтгааныг нь Танаас дахин тодруулмаар байна.
-Нүүрсний худалдааны дэлхийн хамгийн том зах зээл болох БНХАУ-ын зах зээл дээрх нөхцөл байдлын өөрчлөлтөд бид ширвэгдсэн. Тэр өөрчлөлтөд бид бүх бурууг чихэх нь утгагүй хэрэг. Тэгвэл цас, шороон шуурганд хамаг малаа уруудуулж алдаж, үхүүлчихээд “энэ муу тэнгэр л буруутай” гээд хараагаад сууж буйтай адил юм болно. Зах зээлийг эдийн засгийн “байгаль дэлхий” гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, ямар ч том эрх мэдэлтэнд захирагддаггүй, өөрийнхөө л хуулиар явдаг зүйл. Бид харин тэрэнд нь зохицож амьдрах л ёстой. Тэгэхийн тулд ул суурьтай судалгаа хийж, түүндээ тулгуурлан зөв шийдвэрийг маш түргэн шуурхай гаргаж, хэрэгжүүлж явах учиртай. Манай улс ингэхгүй байгаагаас дэлхийн зах зээл дээр жаахан “шуурга” гарахад л хамаг “малаа” уруудуулан алдаж байна даа.
-Нүүрсний зах зээл дээр гол нь ямар өөрчлөлт гарсан юм бэ? Хятадын эдийн засгийн хөгжил саарч, нүүрсний хэрэглээ буурсан гэж зарим хүн яриад байгаа.
-2012 оны эхний хагасаас Хятадад гаднаас нүүрс нийлүүлэгчдийн тоо шинээр нэмэгдэж, бас уламжлалт хуучин нийлүүлэгчид экспортын нүүрснийхээ хэмжээг нэмэж эхэлснээс болж тэр зах зээл дээр нүүрсний илүүдэл бий болж эхэлсэн. Мэдээж, нийлүүлэлт нь эрэлтээсээ даваад эхлэхээр үнэ унадаг нь зах зээлийн хууль. Нэг үгээр, хэрэглээ нь хэвээр байхад нийлүүлэлтийн хэмжээ нэмэгдсэн. Ингээд 2012 оны зургадугаар сараас нүүрсний үнэ хурдтай унаж эхэлсэн. Одоо уналтын хурд арай саарсан ч үргэлжилсээр байна. Ийм нөхцөлд нийлүүлэгчдийн дунд хямд үнийн хүчтэй өрсөлдөөн үүсэх нь тодорхой. Энэ өрсөлдөөнд Монгол улс бэлэн биш байсан учраас ялагдсан. Худалдан авагчдаа бусад нийлүүлэгчдэд алдсан. Өөрийн болгосон байсан зах зээлээсээ шахагдаж гарсан.
-Шинээр ямар нийлүүлэгчид орж ирсэн юм бэ? Үнэ унаад байхад шинээр улсууд орж ирээд, бас хуучин нийлүүлэгчид нүүрсний хэмжээгээ нэмээд байдаг нь яаж байгаа юм бол?
-Зах зээл бол өөрийн хатуу чанга хуультай, эдийн засгийн “байгаль дэлхий” юм гэж би дээр хэлсэн. Зуд болох нь зарим талаар сайн гэж хөгшчүүд дээр үед ярьдаг байсан. Учир нь, өвчин эмгэгтэй, олигт ой үр шим өгдөггүй, таргалж тэвээрдэггүй, чанар муутай мал, амьтан л зуданд олноороо үхэж хорогддог юм байна л даа. Нэг үгээр байгалийн цэвэрлэгээ явагддаг гэнэ. Тиймээс зудын дараах жилүүдэд мал сүрэг сайн өсдөг, мал нь их чанартай болдог юм байна. Тэрэн шиг зах зээл бас өөрөө тийм цэвэрлэгээ хийж байдаг. Өрсөлдөөнд хэн сайн нь ялж, тэсэж үлддэг, хэн сул дорой, эрүүл бус, гаж буруу хөгжилтэй нь устаж үгүй болдог. Ингэснээр зах зээл улам боловсронгуй хүчирхэг болж хөгжиж цэцэглэдэг юм байна. Манайх энэ цэвэрлэгээнд л өртсөн гэсэн үг. Мөн манай хажуугаар ОХУ, Мозамбик, Колумб, Вьетнам гээд олон орон дайрч орж ирсэн. Хойд Солонгос л гэхэд 2013 онд Хятадын зах зээлд 16 сая тонн нүүрс нийлүүлчихсэн байгаа шүү дээ. Хятадын дотоодын нүүрсний компаниуд ч өөрийн зах зээл дээрээ ширүүн өрсөлдөж байна. Хямд үнийн энэ өрсөлдөөнд тэсэж гарч, олон хэрэглэгчтэй болж, зах зээл дэх эзлэх хувиа томсгож, олон өрсөлдөгчийг замаасаа шахан гаргаж чадвал дараа нь тэр зах зээлээс урт хугацаанд найдвартай их ашиг олох боломж бүрддэг учраас улс орнууд хүчтэй өрсөлдсөөр байна.
-Манай улс өмнө нь БНХАУ-ын зах зээлд нөлөө бүхий нийлүүлэгч байсан юм чинь энэ өрсөлдөөнд ялагдахгүй байж болоогүй юу? Ялагдлын гол шалтгаан нь юу вэ?
-Хятадын зах зээл дээр нүүрсний хямд үнийн өрсөлдөөн гарч эхэлмэгц манайхаас бусад бүх улс түүнд зохицох арга хэмжээг бизнес эрхлэгчидтэйгээ хамтран маш шуурхай авч эхэлсэн. Гол нь нүүрсний экспортын зардлыг дээд зэргээр бууруулахад арга хэмжээ чиглэгдсэн. Хятад улс өөрөө ч дотоодын компаниудынхаа өрсөлдөх чадварыг дээшлүүлэх олон арга хэмжээ авсан. Өвөр Монгол, Шанси гээд нүүрсний олон уурхайд бүхий бүс нутгуудын засаг захиргаадын зүгээс ч компаниудаа дэмжиж ажилласан. Одоо ч дэмжсэн арга хэмжээ авсаар байна.
-Гол нь ямар арга хэмжээ авсан байх уу?
-Хямд үнээр өрсөлдөхийн тулд зардал төдийчинээ бага байх ёстой. Зардлыг бууруулах олон арга бий. Тэднээс хамгийн шуурхай авч болдог, тухайн үедээ их хөрөнгө мөнгө шаарддаггүй, эргээд үр дүнгээ түргэн өгдөг арга бол аж ахуйн нэгжүүдэд оногддог татвар, хураамжийг тодорхой хугацаа, нөхцөлтэйгээр цөөлөх, хэмжээг нь бууруулах, бүр зогсоох. Гэтэл манай улс нүүрсний экспортын “алтан үе” гэж болох 2008-2012 онд компаниудаас авдаг байсан өндөр татвар хураамжаа өнөөдрийг болтол хэвээр нь авч байгаа. Монголын нүүрс экспортлогч компаниас Монголын тал 21 нэр төрлийн, Хятадын тал 16 нэр төрлийн татвар авч байна. Нүүрс экспортлогч компаниудын татварын дарамт дунджаар 45%-50% байна гэж эдийн засагчид тооцож гаргасан байна лээ. Ашигт малтмалын нөөц ашигласны татвар хуулиар бол нүүрснээс есөн хувь байх ёстой атал одоо компаниудад бараг 3 дахин илүү өндөр буюу 20 хувийн орчим татвар тавьж байгаа.
-Манайх төмөр замгүйгээс болж тээврийн зардал их байдаг юм биш үү?
-Тийм ээ. Энийг ёстой үлгэр домог болтол ярьцгаалаа, одоо хүн болгон мэдэж байгаа биз ээ. Австрали улс Хятадын далайн боомтуудад нүүрсээ хүргэхдээ 1 тонн-д нь 15 ам.доллар орчмын л зардал гаргадаг. Манайх Тавантолгойгоос урд хил хүргэхдээ нэг тонн нүүрсэнд 25 ам.доллар орчмын зардал гаргаж байна. Австралийн компаниуд нүүрсээ 180 мянган тонноос доошгүй даацтай усан онгоцоор ганцхан удаа ачиж, буулгаж хэрэглэгчдэд хүргэдэг, манайх 40 тоннын даацтай машинаар дөрвөн удаа ачиж буулгаж өөрийн хил хүргэдэг. Ийм нөхцөлд олон улсын зах зээлд амжилттай өрсөлдөх тухай ярихад маш хүнд юм. Нүүрсээ 70-140 ам.доллараар зарж чаддаг байх үед бид нэг тонн нүүрсэнд 40 ам.долларын зардал гаргаад ашигтай ажиллаж болдог байж. Одоо тэгвэл нэг тонн нүүрсээ 35 ам.доллароос илүү үнээр зарах боломжгүй болсон энэ үед 40 ам.доллароос багагүй зардал гаргах болоод байна. Утга байна уу?
-Одоо тэгээд энэ нөхцөл байдлаас гарах, өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдлаа засахын тулд одоо нэн яаралтай ямар арга хэмжээ авах шаардлагатай гэж Та бодож байна?
-Нүүрсний экспортын цэцэглэлтийн үед гаргаж байсан шийдвэр, компаниудаас авч байсан өндөр татвар хураамжуудаа Засгийн газар түргэн шуурхай эргэн харж, зах зээл болон өөрийн улс орны өнөөгийн нөхцөл байдал, шаардлагад нийцүүлмээр байна. Төмөр зам тавих, боомтыг өргөжүүлэх мэтийн хөрөнгө мөнгө, цаг хугацаа их шаарддаг ажлуудын тухай хоосон яриагаар цаг алдах биш, тэрнийхээ зэрэгцээ жижиг ч гэсэн бодитой алхмууд хиймээр байна.
-Нүүрсний үнэ унаж манай экспортонд бэрхшээл учирч, тэрнээс болж улсын төсөв мөнгө хүндэрч байгаа тухай сүүлийн хоёр жил шахам шуугилаа. Засгийн газар, салбарын яамны зүгээс яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа юм бол?
-Манай өндөр эрх мэдэлтэй ноёд, түшмэдүүд ажилдаа эзэн болж чадахгүй байна. Мэдлэг чадвар нь муу байна. Чөлөөт зах зээлийн талаар ойлголт, итгэл үнэмшил нь сул байна. Энэ болгон нь тэднийг ямар ч мэдрэмжгүй болгодог юм байна. Мэдрэмж огт алга. Би өөрөө их мундаг амьтан учраас ингэж дүгнэж байгаа юм биш, энгийн иргэний нүдээр хараад л хэлж байгаа юм.
-Танай салбарын яаманд мэргэжлийн бус хүн олон байгаа нь нөлөөлөөд байна уу?
-Үгүй л дээ. Харин ч эсрэгээрээ. Уул уурхайн яамныхныг мэргэжлийн бус энэ тэр гэж гоочлох нь харагддаг. Тэгвэл хаа очиж тэр “мэргэжлийн бус” Уул уурхайн яам маань нөхцөл байдлыг бусдаас хавьгүй илүү ойлгож, өмнөх алдааг засаж залруулах гэж их хичээн ажиллаж байна. Уул уурхайн салбарын мэргэжлийн хүмүүс, мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжүүдтэйгээ ойр дотно ажиллаж, тэдний санал бодлыг сонсож бодлого, шийдвэртээ тусгахыг эрмэлздэг сайн практик манай яаман дээр бодитоор хэрэгжиж байгаад бид их олзуурхаж байгаа.Бодитой жишээ олон бий. Өмнөх жилүүдэд бид гудамжнаас л орилдог байсан бол одоо дотор нь орж ажиллах боломжууд алхам алхмаар нээгдэж байна.
-Тэгвэл яагаад үзэгний үзүүрээр шийдчих ёстой асуудлууд ингэж удааширч нүүрсний салбар дахь хүндрэлүүдийг улам газар авахуулаад байгаа юм?
-Миний ажигласан нэг зүйл бол манай Засгийн газар нэгдмэл байдлаар ажиллаж чаддаггүй юм шиг байна. Нүүрсний экспортлогчдоос авдаг олон татвар хураамжийг эргэж харах, ялангуяа эрдэс баялгийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээл дээр эрэлт ихтэй, үнэ өндөртэй байх үеийн жишиг үнээр татвар авдаг тогтолцоог өнөөгийн нөхцөлд тохируулан өөрчлөх замаар нүүрснийхээ экспортын өрсөлдөх чадварыг түргэн нэмэх нь зөв юм гэдгийг салбарын яам ойлгож, санал хувилбараа боловсруулж Засгийн газарт хүргүүлдэг боловч тэр нь бодит шийдвэр болж гарч чадахгүй байна. Үүний хамгийн тод жишээ нь сүүлийн хоёр жилийн турш яригдаж буй жишиг үнийн асуудал. Нэг тн нүүрсийг 40 ам.доллараар ч өгч чадахгүй байгаа энэ 2-р сард л гэхэд Сангийн яамныхан нэг тн нүүрсний жишиг үнийг 70-90 ам.доллараар тогтоож татвар тооцоод л сууж байна ш дээ. Өөрийнх нь улсын Засгийн газар иймэрхүү аяг араншинтай байхад Монголын экспортлогчид яаж өрсөлдөх чадвараа дээшлүүлэх үү? Нэг үгээр хэлэхэд Сангийн яам сүүлийн хоёр жил шахам хугацаанд Хятадын зах зээлд нүүрс нийлүүлэгч гадаад орнуудын компаниудад “үйлчилж” байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэр нь ч “үр дүн”-гээ хангалттай өгч манай улс нүүрсний хуучин хэрэглэгчдээ алдаж, худалдан авагчгүй болчихоод байна.
-Танайхан Сангийн яамтай уулзаж асуудлаа ярьж, учир байдлыг тайлбарлаж ойлголцож болдоггүй юмуу?
-Манай ассоциацийн дэргэд нүүрс экспортлогч бүх компанийн төлөөлөл бүхий ажлын хэсэг байнга ажилладаг. Нүүрсний салбарын тулгамдсан асуудлуудаар ярилцаж, нэгдсэн санал шийдэл боловсруулдаг юм. Бид нилээд олон удаа бичиг захидал явуулж хүсэлт тавьсны эцэст 2013 оны дөрөвдүгээр сард Ч.Улаан сайд өөрийн яамны холбогдох газар, хэлтсийн дарга нартайгаа хамт экспортлогчдыг хүлээн авч уулзсан юм. Энэ уулзалт дээр экспортын нүүрсний татварыг жишиг үнээр бус гэрээний бодит үнээр тооцох нь зөв юм байна гэсэн ойлголцолд хүрсэн юм. Уул уурхайн яамны удирдлагууд бол үүнийг нилээд эрт ойлгосон байсан. Гэтэл маргааш нь бил үү дээ, Засгийн газрын хуралдаан дээр Ч.Улаан сайд бүр эсрэгээр гэрээний үнэ бол хамгийн аюултай мэтээр ярьж үйлдвэрлэгчидтэй харилцан ойлголцсоноосоо буцсан.
-Сангийн яам ямар шалтгаанаар заавал жишиг гэх нэртэй өндөр үнээр татвар тооцдог юм бэ?
-Улсад татвараар их мөнгө оруулах ганц л зорилготой. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд цаасан дээрх хүснэгтүүд доторх бичмэл “орлого” нь их, бодит валютаар орж буй орлого нь их бага байна даа. Үндэслэлгүй өндөр татвар тавьснаар компаниуд л өрөнд унаж байна. Жишиг үнэ одоо татварын утгаа алдаж, ял шийтгэл маягтай болсон. Юуны учир бодит баялаг бүтээж, улсад валютын орлого оруулж буй цөөн хэдхэн компаниа ийнхүү шийтгэж буй нь харин ойлгомжгүй.
-Өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд компаниуд өөрсдөө хэр зэрэг ажиллаж байгаа юм бол?
-Хямд үнийн өрсөлдөөн явагдаж буй учир өрсөлдөж чадвараа дээшлүүлэх гол арга нь экспортын нүүрснийхээ өртөг зардлыг л бууруулах. Компаниуд зардал хэмнэх болон өөрөөс хамаарах бусад арга хэмжээгээ аваад дууссан. Одоо цаашид лав л зардлаа танах нөөц байхгүй, бүрэн шавхагдсан.