
Украинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн цуст мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн жагсагчдын үхэлд цагдаагийн элитүүдийг буруутгаж байна. Украины Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Арсен Аваковын мэдэгдсэнээр жагсагчдын үхэлд буруутай цагдаагийн элит бүлгийг татан буулгажээ. Украины эрх баригчид өнгөрсөн 18-ны өдөр Киевийн төв талбай Майданаас жагсагчдыг хүчээр хөөн гаргах тушаал өгснөөр цагдаагийн “террористийн эсрэг ажиллагаа” эхэлсэн юм. Үүний уршгаар цагдаа, хүчнийхэн болон жагсагчид хоорондоо эсрэг буу, галт зэвсэг ашигласан цуст мөргөлдөөн гарсан билээ. Хэдхэн өдрийн мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хохирогчдын тоо 100-гаар тоологдож, 600 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Хохирогчдын ихэнхи нь амин тус газраа буудуулж, өөрөөр хэлбэл мэргэн буучийн гарт амь үрэгдсэн байгаа аж. Үүнтэй зэрэгцэн Украины ард иргэд ОХУ-ыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн хоёр талд талцаад байгаа юм.
Украины Ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн арваннэгдүгээр сард Европын холбоонд нэгдэх гэрээнээс татгалзсанаас үүдэн ард иргэд түүний эсрэг жагсч эхэлсэн билээ. Украинд гурван сар орчим үргэлжилж буй бослого үймээн, зөрчил мөргөлдөөний үр дүнд өнгөрсөн амралтын өдрөөр засаг солигдож, Ерөнхийлөгч Виктор Янукович зугтаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа юм.
Б.АНХТУЯА