Орхон аймагт НХС-н байр ашиглалтад орлоо

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Орхон аймагт НХС-н байр ашиглалтад орлоо

Орхон аймагт Нийгмийн хамгааллын салбарын ажилтны амьдрах орон сууц, ажиллах байр ашиглалтанд орлоо

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ХАХНХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан, НХҮЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Алтанчимэг, ХТҮГ-ын дарга тамгын газрын дарга Э.Одбаяр нарны ажлын хэсэг 2014 оны 2-р сарын 20-ноос 22-ны өдрүүдэд Дархан-уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллалаа. Эдгээр аймгуудад нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн барилгын шав тавих ёслол болон нийгмийн халамж үйлчилгээний ажилчдын орон сууц, ажлын байрны нээлтийн үйл ажиллагаа болсон юм.

   ХАХНХЯ-наас салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор зохион байгуулж байгаа орон сууцжуулах хөтөлбөр өнгөрсөн 2014-02-05 ны өдөр Их эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас амжилттай гараагаа эхэлж, тус аймагт нийгмийн хамгааллын салбарын 18 ажилтан орон сууцныхаа түлхүүрийг гардан авсан.

   Энэ хүрээнд 2014 оны 2-р сарын 21-ны өдөр Орхон аймагт нийгмийн хамгаалын салбарын 20 ажилтан шинэхэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авлаа. Хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд хөдөө орон нутгийн нийтдээ 280 орчим ажилтан албан хаагчид орон сууцтай болсон байна. Харин энэ онд нийгмийн хамгааллын салбарын 600 гаруй албан хаагчдыг орон сууцтай болгох төлөвлөгөөтэй байгааг ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ онцолж байлаа.

   Нийгмийн хамгаалын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажилчид амьдрах орон сууц, ажиллах бие даасан байртай болсноор иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй хүргэх орчин бүрдэх юм.

   Мөн энэ өдөр Орхон аймагт нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн байр буюу иргэдэд үйлчлэх төв ашиглалтад орсон юм. Ингэснээрээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, тэтгэвэр тэтгэмжид хамрагдах үйлчилгээ гээд нийгмийн хамгааллын салбарын бүх үйлчилгээ нэг цэгт төвлөрч иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх боломжтой боллоо.

 Орхон аймгийн НХҮХ-ийн дарга Г.Батбаатар

  “ХАХНХЯ-наас зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахаас гадна салбарын ажилч¬дынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс сайдын санаачилгаар салбарын ажилчдыг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус яамны гурван байгууллага энд үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс, нийгмийн даатгал, нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн 20 ажилтан энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр шинэ байрны түрхүүрээ гардаж авч байна. Гэхдээ эдгээр орон сууцыг иргэдэд үнэ төлбөргүй өгч байгаа юм биш. Маш том хөнгөлөлтүүдийг олгож байгаа. Тухайлбал,урьдчилгаа мөнгө шаардаагүй найман хувийн зээлд хамрагдаж байгаа, барьцаа хөрөнгө шаардахгүй, метр квадратын талбай нь арай хямд зэрэг хөнгөлөлтүүд бий” гэлээ. Үнэхээр ч төрийн албан хаагчдад үзүүлж буй хөнгөлөлтөд ажилчид ам сайтай байсан юм. Тухайлбал, Эрдэнэтэд хотод сүүлийн үед ашиглалтад орж байгаа орон сууцны үнийн хувьд метр квадрат нь 2.1 сая байгаа бол салбарын ажилчид 1.3 сая төгрөгөөр орон сууцаа худалдан авч байгаа гэдгийг тэрбээр хэлсэн юм.

   Мэдээж нэг дор бүх ажилчдыг орон сууцтай болгож чадахгүй ч гэлээ эхний ээлжинд тус аймагт олон жил үр бүтээлтэй ажилласан болон гэр бүлээрээ нийгмийн хамгааллын салбарт ажилладаг зэрэг шалгуураар эхний 20 хүнийг орон сууцтай болгосон байна. Үнэхээр төрийн албан хаагчдын хувьд амьдрах орчин нөхцөл буюу орон сууцны асуудал нэн тэргүүнд тавигддаг. Тиймээс ажилчдын энэхүү эрэлт хэрэгцээ, шаардлагын дагуу орон сууцжуулах хөтөлбөрийг ийнхүү үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэдэг бол нүдээ олсон ажил гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Цаашид ч уг ажлыг шат дараатай хийнэ гэдгийг энэ үеэр салбарын сайд дуулгасан юм.

Эх сурвалж: www.khun.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж