Баруун аймгуудад сэрүүснэ

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Баруун аймгуудад сэрүүснэ

Баруун ба төвийн аймгуудын нутгаар энэ сарын 3-наас эхлэн цасан болон шороон шуурга шуурч, Булган аймагт 250, Сэлэнгэ аймагт 2500 гаруй мал хорогдоод байгаа аж. Баруун аймгуудын нутгаар өнөөдөр бага зэргийн хур тунадас орох гэнэ. Ер нь энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд цаг агаар тогтворгүй байх тул малчид, ард иргэд анхаарал болгоомжтой байхыг холбогдох газраас анхааруулж байна. Харин өчигдөр зүүн аймгуудын нутгаар нойтон цас үргэлжилэн орж, зарим газраар салхи секундэд 18-22 метр хүрч ширүүссэн байна. Говийн аймгуудын нутгаар энэ өдрүүдэд хур тунадас ороогүй бөгөөд хүчтэй шороон шуургатай байв.

Энэ долоо хоногт нийт нутгийг хамарсан цасан болон шороон шуурганы улмаас Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын малчин малдаа яваад сураггүй болсныг нэг хоногийн дараа буюу өчигдөр эсэн мэнд олсон байна. Дархан, Сэлэнгийн чиглэлийн зам, Хустайн даваа, Налайх, Багануурын чиглэлийн зам цасанд боогдож, автомашин олноор саатсныг харьяа орон нутгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиж ажилласан байна. Мөн энэ үеэр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт энэ сарын 4-ны 17:00 цагийн орчимд малаа хариулж явсан 26 настай, эмэгтэй аянганд цохиулж, нас барсан байна.
 

Д.Долгор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж