
Фото: AP
Хятадын эрх баригчид улсын хэмжээнд тэмдэглэх хоёр шинэ баярын өдрийг тогтоов. Япончуудыг ялсан өдөр ба Нанкины яргаллын хохирогчдын дурсгалын өдөр гэсэн хоёр баярыг тэмдэглэхээр ярилцаж байгааг Синьхуа агентлаг хоёрдугаар сарын 25-нд дамжуулжээ.
1937-1945 оны хооронд япончуудтай дайтаж ялсан өдрийг жил бүрийн есдүгээр сарын 3-нд, Нанкины яргалалд амь үрэгдэгсдийн дурсгалын өдрийг арванхоёрдугаар сарын 13-нд тэмдэглэж байх бололтой. Тухайн үедээ Хятадын нийслэл байсан Нанкинд япон цэрэг орж ирэн, зургаан долоо хоногийн дотор иргэдийг үй олноор нь хоморголон хөнөөж, хүчин, дээрэм хийжээ. Хятадын түүхчдийн мэдээгээр энэ үеэр 300 мянга гаруй хүн хохирсон гэж үздэг.
Эдгээр өдрийг тэмдэглэх үндэслэл бүхий бичиг баримтыг Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хороонд өргөн бариад байна. Байнгын хороод энэ 25-наас гурав хоногийн турш хуралдан уг асуудлыг шийдэх ажээ.
Хятад, Японы хоорондын харилцаа муудсан үеэр дээрх санал гарч байгаа юм. Хятад газар нутгийн маргаантай арлуудын хэсэгт агаарын довтолгоог илрүүлэх шинэ бүсийг байгуулсан нь Японы дургүйцлийг төрүүлж байна. Үүнээс үүдэн Япон цэргийн зардлаа нэмжээ.
Мөн 2013 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэ япон цэргийн дурсгалын Ясукуни сүмд очсон нь хөрш орнуудын дургүйцлийг төрүүлжээ. Энэ жилийн нэгдүгээр сард БНХАУ ба БНСУ хоёр санаачлан Харбины төмөр замын буудалд 1909 онд Солонгосын Япон амбан захирагч Ито Хиробумийг буудан хөнөөсөн Ан Чунгын гэдэг хүний дурсгалын самбарыг босгожээ.