Харү башёд Монголын 27 сүмоч барилдана

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Харү башёд Монголын 27 сүмоч барилдана

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын тэмцээний банцүкэ гарчээ. Өнгөрсөн башёд 28 дахь түрүүгээ авсан 69 дэх их аварга Хакүхо зүүн, 70 дахь аварга Харүмафүжи баруун жигүүрийг тэргүүлэн барилдана.

Харин озэки Какирюү зүүн жигүүрт эрэмбэлэгдсэн бөгөөд тэрээр ирэх сарын башёд 14 ба түүнээс дээш давсан тохиолдолд аварга цол олгоно хэмээн мэдэгджээ. Тамаваши анх удаа маэгаширагийн баруун жигүүрийг тэргүүлэн барилдах бол дээд зиндааны хамгийн ахмад сүмоч, Кёкүтэнхо барууны найм, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10, Азүмарюү 14, Таканоива А.Баасандорж 15-аас, Кагамио зүүний 16-гаас босч барилдах нь. Тэрүнофүжигийн хувьд анх удаа дээд зиндаанд зодоглох гэж байгаа нь энэ. Өдгөө 22 настай Тэрүнофүжи 191 см, 161 кг жинтэй бөгөөд ояката нарт Монголын дараагийн ёкозүна хэмээн үнэлэгддэг аж. Түүний хувьд макүүчид барилдах Монголын 20, гадаадын 42 дахь сүмоч болж байгаа юм. Тэрээр 2011 оны долдугаар сарын тэмцээнээс мэргэжлийн сүмогийн анхны шалгалтаа өгсөн бөгөөд нийт 18 башёгийн дараа дээд зиндаанд дэвшлээ. Одоогоор мэргэжлийн сүмод 136 барилдаан хийснээс 96 ялж, 40 удаа унасан үзүүлэлттэй. Түүнтэй хамт жюүрёо зиндаанаас Азүмарюү С.Тодбилэг дээд зиндаанд эргэн ирсэн юм. Харин нэгдүгээр сарын тэмцээнд тааруухан барилдсан Шёотэнро, Кёкүшюүхо, Токитэнкү нар жюүрёо зиндаа руу унажээ.

Жюүрёо зиндаанд манай бөхчүүдээс Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар зүүн жигүүрийн нэгээс, Токитэнкү А.Хүчитбаатар зүүний гурваас, экс комүсүби Асасэкирюү Б.Дашням барууны гурваас, Шёотэнро Д.Нямсүрэн зүүний дөрвөөс, Араваши Э.Дөлгөөн зүүний наймаас, Сэйро А.Өнөболд зүүний арваас тус тус боссон байна. Сонирхуулахад, мэргэжлийн сүмод Монголын 27 сүмоч барилдаж байгаа юм. Үүнээс макүүчид ес, жюүрёод зургаа, макүшитад долоо, сандамэ зиндаанд дөрвөн бөх Осакагийн тэмцээнд зодоглоно. Харү башё ирэх сарын 9-нд эхэлнэ.

Б.ЗУЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж