12 хүнд элэг шилжүүлэн суулгалаа

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

12 хүнд элэг шилжүүлэн суулгалаа

Элэгний элдэв төрлийн өвчлөлөөс шалтгаалан элэг шилжүүлэн суулгуулахаас аргагүйд хүрсэн олон арван монгол хүн бий. Тэднээс боломж бололцоотой хэсэг нь Энэтхэг, Солонгос зэрэг гадаад орныг зорин элэг солиулах мэс засалд ордог. Мэдээж маш өндөр өртгөөр. Боломжгүй хүмүүс нь хувь заяандаа гомдоод л үлддэг гэсэн үг. Тэгвэл манай эмч нар элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дотооддоо хийсээр багагүй хугацаа өнгөрчээ.  2011 оны есдүгээр сарын 24-нд анхны элэг солих мэс засал хийснээс хойш 12 дахь удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг улсын нэгдүгээр төв эмнэлэгт амжилттай хийжээ. Хамгийн сүүлд хоёрдугаар сарын 22-ны өдөр төрөлхийн цөсний замын битүүрэлтэй хүүхдэд ээжээс нь элэг шилжүүлэн суулгажээ. Одоогоор хүүхдийн болон донорын биеийн байдал мэс заслын дараах байдалд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Өнгөрсөн онд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг дотооддоо монгол эмч мэргэжилтнүүд хийж гүйцэтгэхэд дэмжлэг болгох үүднээс Засгийн газраас 1,2 тэрбум төгрөг гаргажээ. Тэрхүү хөрөнгөөр элэг солиход шаардлагатай багаж, тоног төхөөрөмж худалдан авчээ. Өнгөрсөн хугацаанд элэгний хатуурал өвчний эцсийн үе шатанд орсон 10 өвчтөн, элэгний хатуурал хавдарт шилжсэн хоёр, төрөлхийн цөсний зам битүүрэлтэй, элэгний хатууралтай хүүдэд нэг хүнд дээрх төрлийн  мэс засал хийгээд байгаа гэнэ. Мэс заслын үр дүн 93 хувьтай байгаа ажээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж