Ингээд түүний богцонд юу багтсан талаар ярилцсанаа уншигчиддаа хүргье.
-Ямар улирлын хувцсаар “Mercedes benz” загварын шоунд оролцох гэж байна вэ?
-2015 оны намар, өвлийн загварын хувцаснуудаараа оролцоно.
-Урьд нь ихэнхдээ эмэгтэй хүмүүст зориулсан хувцсаар оролцдог байсан. Энэ удаад өөрчлөлт орсон уу?
-Өөрчлөлт орсон шүү. Эрэгтэй, эмэгтэй хүний хувцаснуудаар оролцож байгаа.
-Таны оролцож байгаа загварын онцлог тал нь юу вэ?
-Эсгүүр хэлбэрийг илүүд үзсэн гэх үү дээ. Арай өөр эсгүүрээр хувцасыг гаргаж болохыг харуулахыг оролдсон.
-Монгол хэв дизайныг Монгол дизайнерууд их шингээж өгдөг. Таны хувьд…?
-Мэдээж, Монгол дизайнерууд энэ зүйлийг авч явах нь ойлгомжтой. Энэ үндэсний хэв маяг чинь бидний тодотгол, тодорхойлолт болж өгдөг. Түүнийхээ тусгалыг аль болох оролцуулахыг хичээдэг дээ.
-“Mercedes benz” шоу олон газар болдог. Японд болох Нью-Йоркт болох хоорондоо нэр хүндний хувьд ялгаатай гэж сонссон, энэ үнэн үү?
-Ямар учиртайг нь сайн мэдэхгүй юм. Миний бодлоор Нью-Йоркт болдог Америкийн загварын шоунууд ихэнхдээ шоу тал руугаа хөгжсөн байдаг. Европт болдог нь илүү мэргэжлийн тал руугаа ч юм уу, өөр өөрийн гэсэн онцлогтой ажиглагддаг.
-Японд гэвэл илүү Ази тал руугаа хандсан гэж ойлгож болох уу?
-Болно. Илүү Ази япон загварын чиг хандлагыг өөртөө агуулсан байдаг.
-Та яагаад Японд болдог тус шоунд оролцдог юм бэ?
-Миний хувьд чигэлсэн зах зээл рүүгээ хандаж, түүнийгээ дагаад загварууд маань ч тэр тал руугаа байдаг шүү. Парис, Англи, Ром зэрэг хотуудад болдог шоунуудад оролцох урилга ирсэн. Түрүүн хэлсэнчилэн чиглэсэн зах зээлээ харж байгаа.
-Тэгвэл таныг Японы зах зээлд орох сонирхолтой байгаа гэж ойлгож болох уу?
-Болно. Ер нь тийм санаа байгаа. Хэрвээ боломж гарвал тэр зах зээл рүү орохыг үгүйсгэхгүй.
-Мэдээж томоохон шоунд оролцоход санхүү жаахан асуудалтай шүү дээ. Таньтай хамтарч ажиллах спонсор байгууллага байгаа юу?
-Спонсор болж ажиллах хүсэлтэй байгууллагуудад нээлттэй байгаа. МИАТ компанид хамтарч ажиллаж байгаад баярласнаа илэрхийлмээр байна. Мэдээж явах хүмүүсийг маань тодорхой хэмжээнд үнийг нь дааж байгаад баяртай байгаа. Энэ бол миний хувьд том тус шүү. Мөн урьд нь өөрийнхөө каталогийг “BCI” компаниар хэвлүүлдэг байсан. Харин энэ удаад намайг хамтарч ажиллах санал тавихад каталогийг маань хэвлэж өгөхөөр болсонд их талархаж байгаагаа хэлмээр байна.
-Таны загвар ихэнхдээ ус бэлгэдсэн эсвэл усны өнгө, шинж чанарыг илүү оруулж өгсөн байдаг. Энэ удаад өөр шинж чанарыг багтаасан уу?
-Энэ удаад усны хэв шинжийг оруулаагүй. Илүү сүнслэг чанарыг оруулахыг хичээж ажилласан. Спираль гэж ярьдаг даа. Эхлэл бас төгсгөл нь нэг, эргэлдэж харагдаад байдаг. Ангаах ухаанд энэ хэлбэрийг хүнийг ховсдох, анхаарлыг нь татах гэж хэрэглэдэг.
“The Lemons” хамтлагийн шинэ гарсан цомог нь энэ шоуны ард эгшиглэнэ. Ер нь цогц уялдаа холбоотой болсон шүү. Огторгуй, хоосон, хийсвэр орчинг илэрхийлсэн. “Underground” хэлбэрийг агуулж байгаа даа. Яахав жаахан хүнд стиль гэхдээ дажгүй ээ.
-Иймэрхүү томоохон шоунд оролцохын тулд хэр их зардал гардаг вэ?
-Өмнөх шоунд оролцоход нилээд их зардал гарсан. Энэ удаад бас л хэмнээд л байна, гэхдээ их зардал гарч байгаа.
-Тэгээд ингэж их зардал гаргаж оролцохын гол ашиг нь юу байдаг вэ?
-Ашиг бий. Монгол руу хөрөнгө оруулалт татах зорилготой гэж хэлж болно. Захиалга олж ирэх боломж гардаг. Олон улсын өнцөг булан бүрээс цөөн болон бөөн захиалга орж ирэх магадлалтай. Үүнд маань үйлдвэрлэгчид их нааштай хандаж байгаа шүү. Үйлдвэрлэгчдэд ч мөн тал талын ашигтай. Гадны хөрөнгө оруулалтыг Монголд оруулж ирж байгаа хэрэг л дээ.
-“Mercedes Benz” шоунд оролцоход зохион байгуулагчид нь модель худалдаж авах шаардлага тавьдаг гэж сонссон?
-Энэ шоунд бид нар “Mercedes Benz” гэсэн нэрийг зээлж л оролцож байгаа гэж хэлж болно. Гэрэл, цахилгаан, тайз, модель гээд бүгдийг нь худалдаж авдаг. Гэхдээ модель худалдаж авах нь дизайнерийн л сонголт. Дизайнер мэргэжлийн модел худалдаж авах уу, эсвэл бүр энгийн хүмүүсээс ч худалдаж авч болно. Тухайн дизайнерийн л сонголт.
-Катя Золын хувьд монголын брэнд болсон материалтай загваруудыг Нью-Йоркт болсон шоунд харуулсан. Та ямар материал хэрэглэх вэ?
-Урьд нь олон улсын загварын шоунд оролцож байсан Монгол дизайнерууд ч мөн энэ материалыг ашигладаг байсан. Миний хувьд энэ удаад Маалинга өвснөөс гаргаж авдаг даавуугаар загваруудаа бүтээсэн. Гэхдээ мэдээж ноос, ноолуур, савхи байгаа. Голдуу Маалинган даавууг ашигласан.
-Катя Зол монголын бараг л хамгийн сайн моделиудыг шоунд зориулан авч явсан шүү дээ. Таны хувьд хэнийг авч явна гэж бодож байгаа вэ?
-Одоогоор сайн мэдэхгүй байна. Хараахан сонгож амжаагүй. Миний загварт таарах царай төрх бие бүгдийг л маш сайн шалгаж авч явна. Гэхдээ заавал олны танил шилдэг загвар өмсөгч гэхгүй. Гол нь манай шалгуурт тэнцэх эсэх нь чухал даа. Шалгаж байгаад долоон модел авч явахаар зэхэж байгаа.
-Монголд олны танил сайн дизайнерууд өмнөх жилүүдээ бодвол харьцангуй олширчээ. Гэхдээ эдгээр дизайнеруудын загварын худалдаж авах гэхлээр олдодгүй шүү дээ. Та ер нь захиалгаар хийх санаа байгаа юу. Дээх нь үед хоёулаа ярилцаж байхад дэлгүүр гэж дурьдагдаж байсан?
-Захиалга авч болно. Гэхдээ хувь олон хүний захиалгыг авах асуудалтай. Жишээ нь, хүрэлцэхгүй байх тал бий. Дэлгүүрийн хувьд одоогоор хэлэлцээд л явж байна. Бараг л нээчих болов уу даа. Ямартай ч их найдаж байгаа. Одоогоор байрлал болон захиргааны асуудлууд үлдсэн гэх үү дээ.
-Тэгвэл тун удахгүй дэлгүүртэй болох нь ээ. Хэрвээ дэлгүүртэй болвол хэчнээн төгрөгөөр хувцасаа борлуулах вэ. Таны загварыг өмсөх сонирхолтой олон хүн байгаа байх?
-“Louis Vuitton” брэнд гэхэд л өөрсдийн нэрийг гаргаж ирэх гэж маш их хэмжээний мөнгө төлдөг, зарлагаддаг. Үүнтэй адил бүх л брэндүүд өөрсдийн маркетингдаа гэхэд л маш өндөр үнэ төлдөг. Түүнээс гадна маш их зардал гаргадаг юм. Яг л тэдэнтэй адил бид өөрсдийн брэндээ гаргаж ирэх гэж чамгүй хөлс, цаг, үнэ зарцуулж байгааг манай хэрэглэгчид ойлгоосой гэж хүсч байна. Тэгэхдээ хий хөөрөгдсөн үнэтэй байхгүй ээ. Бусад брэндийн жишиг үнэтэй байна байх. Одоогоор загваруудынхаа үнийг яг ч сайн тооцоогүй байгаа. Магадгүй үнийн хувьд жаахан өндөр байж ч болох юм.
“Mercedes Benz” шоу хэднээс хэдний хооронд болох юм бол?
-Гуравдугаар сарын 22-нд шоу болно. Гэхдээ зарим хүмүүс маань 17-нд түрүүлж очиж шоундаа бэлтгэнэ. Гуравдугаар сарын 26-нд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас бас нэгэн арга хэмжээ зохиож байгаа түүнд оролцохоор болсон.
-Тэгэхлээр гуравдугаар сарын 26-н гэхэд ирчихсэн байх нь ээ дээ?
-Тийм шүү ирчихнэ. Худалдаа аж үйлдвэрийн танхим, ССАЖЯ зэрэг байгууллагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Дизайнеруудыг сүүлийн жилүүдэд маш их дэмжиж байгаа. Цаашдаа ч олон шинэ авьяаслаг дизайнеруудыг дэмжинэ гэдэгт найдаж байгаа.
-Ер нь чадвартай дизайнерууд Монголд юм хийх гээд байж яадаг юм, гадаадад очоод чадвараа үнэлүүлвэл илүү цалинтай байх юм биш үү?
-Германд эсвэл Европ өөр бусад орнуудад ажиллахад сардаа 40-50 мянган долларын цалин авах боломжтой. Тийм санал ч чамгүй ирдэг. Гэхдээ бид нар чинь Монгол хүмүүс шүү дээ. Монгол залуучууд өөрсдийнхөө нэрийг л гаргахгүй юм бол өөр хэн гаргах вэ. Тиймээс Монголд ингээд ажиллаад байгаа залуучуудыгаа дэмжих хэрэгтэй. Заримдаа онлайнаар явж байгаа сэтгэгдэлүүдийг харахаар хаяа эмзэглэдэг. Намайг ч бай өөр дизайнер ч бай нэг юм хийхээр нь нөгөө л муухай “янхан, биеэ үнэлэгч” гэх мэт муухай үг биччихсэн байгааг хараад хаяахан эмзэглэдэг шүү. Гэхдээ яахав Монгол залуучууд Монголынхоо нэрийг гаргах гээд л явж байгаа гэдгийг ойлгож байгаа олон хүн бий.