
Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг огцруулах хоёр дахь давалгаа эхэллээ. Туркийн сөрөг хүчнийхэн Ерөнхий сайд Эрдоганыг хүүтэйгээ хамсан их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгаж, огцрохыг шаардаж байна. Тэд Эрдоганы хүүтэйгээ хэрхэн их хэмжээний мөнгө нууцаар далд хийх талаар ярилцаж буй хэд хэдэн дуу бичлэгийг цацаж дуулиан дэгдээжээ. Дуу бичлэгт Эрдоган хүү Билалдаа гэртээ нуусан олон сая еврогийн бэлэн мөнгийг нууц дансанд тараан байршуулах талаар ярилцаж буй нь бичигдсэн аж. Эрдоганы булхайг илчилсэн дуу бичлэгүүд “YouTube” сайтад тавигдсны дараа 24-хөн цагийн дотор 1.5 сая гаруй хүн үзсэнээр хит болж байгаа аж. Харин Турзийн Ерөнхий сайдын зүгээс үүнийг хуурамч, эвлүүлэг гэж мэдэгдэж, сөрөг хүчнийхний увайгүй үйлдэл хэмээн зарласан байна. Гэсэн ч Туркийн сөрөг хүчнийхэнд итгэсэн олон зуун хүн Эрдоганыг “хулгайч” хэмээн дуудаж, огцрохыг шаардан жагсчээ. Истанбулын цагдаагийн газраас жагсагчдыг нулимс асгаруулагч, усан буу ашиглан тараасан байна.
Түүнчлэн өнгөрсөн арванхоёрдугаар сард Туркийн Засгийн газрын гурван сайдын хүү, Ерөнхий сайдын бизнесийн зөвлөхүүд авилгын хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан билээ. Энэ хэрэгт Туркийн ард иргэд ихээр дургүйцсэн юм.
Туркийн Засгийн эрхийг 11 жил барьж буй Ерөнхий сайд Режеп Тайип Эрдоганыг огцруулахын төлөөх жагсаал одоогоос хэдхэн сарын өмнө Таксим талбайн дахин төлөвлөлтийн төлөвлөгөөнөөс болж гарсан билээ. Тухайн үед Эрдоганыг огцруулахын төлөөх эсэргүүцлийн жагсаал, бослого Туркийн 80 гаруй мужийг хамарч, олон мянган хүн нэгдээд байсан юм.