Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн 22 сум, Хатгал тосгонд ажиллав. Тойрогтоо
ажиллах хугацаандаа тэрээр УИХ-аас баталсан хууль, тогтоол, улс орны
эдийн засгийн нөхцөл байдлын талаар иргэдэд танилцуулж, мөн ээлжит бус
чуулганаар 2014 оны төсвийн тодотголын хуулийг хэлэлцэх болж байгаа
талаар мэдээлэл өгсөн юм.
Орон нутагт ажиллах үед нь аймгийн
Засаг дарга А.Эрдэнэбаатар тэргүүтэй тус аймгийн Нийгмийн даатгалын
хэлтэс, Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс,
Иргэний бүртгэлийн хэлстийн дарга, мэргэжилтнүүд хамтарч нэг баг болон
ажилласанд төрийн үйлчилгээг иргэнд ойртуулах чухал ажил боллоо хэмээн
хөвсгөлчүүд сэтгэл өндөр байлаа. Тэднийг сумдад ажиллах үед нь иргэд
бизнесийн зээлийг ямар нөхцөлөөр авах боломжтой, зорилтот бүлгүүдийг
хэрхэн ажлын байраар хангах бодлогыг төрөөс барьж байгаа, жижиг, дунд
үйлдвэрлэлийн зээлд хамрагдахын тулд ямар төсөл бичвэл илүү алсыг харах,
залуу малчдыг малжуулах төсөлд хамруулах эсэх, нийгмийн даатгалын
зөрчлөө хэрхэн арилгуулах боломжтой, ахмад настны тэтгэврийг дахин нэмэх
үү зэрэг олон асуултад хариулт авч, тулгамдсан асуудлуудаа шийдүүлж
авав.
Ахмадуудын хувьд тэтгэврийн нэмэгдэлд сэтгэл
гонсгор суугаагаа нуусангүй. Засгийн газрын зүгээс бага тэтгэврийг ахиу
нэмнэ гэх амлалт өгч, нэмэгдлийг олон нийтэд зарлахгүйгээр “Сэм нэмнэ”
хэмээн том сурталчилгаа хийсэн ч цаад агуулгаараа сэм дусаах байдлаар
тэтгэврийг нэмсэн нь хууран мэхлэлт болсон гэж шүүмжлэх ахмадууд цөөнгүй
байв. Улсын хэмээнд нийт тэтгэвэр авагчдын 70-80 хувийг бага
тэтгэвэртэй иргэд эзэлдэг аж. Тэдний тэтгэвэр 27 мянган төгрөгөөр
нэмэгдсэн байна. Энэ нь инфляцийн төвшинтэй уялдуулж тэтгэврийг нэмэх
Засгийн газрын амлалттай дүйгээгүй төдийгүй саяхан нефть импортлогч
компаниуд бензин, шатахууныхаа үнийг өсгөсөн нь хүндээр тусч байгааг
иргэд хэллээ.
Улаанбаатар хотод авто бензин 1 литр тутамдаа 40-50
төгрөгөөр өссөн бол Хөвсгөл аймгийн алслагдсан сумдад 100 төгрөгөөр
нэмэгдсэн байна. Ачаа, бараа татахаас эхлүүлээд амьдралын наад захын
хэрэгцээ гарахад машин хөдөлгөхөөс аргагүй. Гэтэл гол идэш нь болсон
бензин, шатахууны үнэ нэг далайлтаад 1 литр тутамдаа 100 төгрөгөөр өссөн
нь чадан ядан амьдралаа залгуулж яваа иргэдийн хувьд үүрэх ачааг нь
улам хүндрүүлж, хаврын урт өдрүүдийг зутруухан давах болж байгааг сөрөг
хүчнийхэн анхааралдаа авч эрх баригч хүчнийхэнд бодит байдлыг үзүүлж,
зохих арга хэмжээг авахуулах шаардлага байна гэдгийг ч захисан юм.