-Хүү минь, чи юугаа ярина вэ хэмээн нулимс дуслуулан энгэртээ наалаа.
-Гол нь намайг битгий өнчин хүүхдийн асрах газарт өгөөрэй, ээжид би хэрэггүй, аавд бас хэрэггүй, таны бие муу, эмнэлэгт хэвтэх ёстой. Намайг яах вэ ингээд аавд загнуулсаныг чинь би сонссон шүү дээ. Би хэнд ч хэрэггүй, бүгдэнд нь саад болдог. Би үхчихвэл бүгдээрээ санаа амрах юм биш үү гэж ач нь хариу барилаа.
Эрхэм ээ, хүүгийн жаргал аав нь гадаадад байсан яг дөрвөн жилд үргэлжилжээ. Тэр үед ээж, эмээтэйгээ цуг амьдарч хагас бүтэн сайн өдрүүдэд парк, цанын бааз, хүүхдийн тоглоомын төв явж, ресторанд орж, тоглоом бэлгэнд авдаг байлаа. Гол нь түүнийг хайрладаг байв. Ээжийнх нь дүү түүнийг мөрөн дээрээ суулган эрхлүүлнэ, тэр үед түүний инээд хөөрөнд нь хэн ч садаа болохгүй, цангинасан хүүхдийн хоолгойгоор баярлаж хөхөрч байсныг эмээ нь ярив. Эрхэм ээ, энэ бүхнийг одоо ч хүү санадаг. Гэвч өнөөдөр түүний аав ирсэн. Солонгост ажиллаж байгаад олж ирсэн мөнгөөрөө шинэ байранд орсон. Сайн эцэг хүүгээ эрдэмтэй хүн болоосой гэсэндээ зааж зөвлөхийн оронд зандарч, ихэрхэнэ.
Нэг өдөр аавынх нь цуглуулж ирсэн мөнгө дууссан. Мөнгө олдоггүй, арчаагүй гэж аавыг нь ээж нь загнаж байхыг сонсох болсон. Эцэг эхийнхээ дуу хоолой чангарсан тэр үед хүү уйлж эхэлнэ, аавынх нь дуу бүр өндөрсөн “дуугай бай” гэж муухай орилох нь нимгэн хананы цаанаас сонсогдоход хүү нэг чарлаад эргээд намжина. Ээж нь хүүг өмөөрсөн бололтой дуу нь өндөрсөөд хүүгийн адил дахин уйлж гарна. Иймэрхүү шалтгаанаар хүү байнга л урвайчихсан бүлтгэр жаахан нүд нь том хүнийх шиг гуниг, бодлоор дүүрсэн алхална. Ээж нь ааваас нь салах тухай боддог ч өвлийн хүйтэнд хөгшин эх, нялх хүүхдүүдээ аваад очих газар байхгүй учраас тэвчээд өнгөрөхөөс аргагүй. Хааяа халааснаасаа чихэр аваад өгвөл аав руугаа өршөөлийн харцаар хараад дальдчин, сарвайсан гараа буцаана. Ганцаараа явахад нь асуувал “Танихгүй хүнээс юм авбал ална шүү” гэж аав нь согтуудаа хэлсэн гэсэн.
Хүү аавтайгаа хааяахан сургуулийн хашаанд салхилж байгаа харагддаг. Гэхдээ бусад хүүхдийн адил инээж, хөөрч гүйхгүй. Тамхи татах аавынхаа баруун бөөрөнд нь толгой гудайлган сууна. Хэрэв сахилгагүйтвэл аавын том гараар бяцхан дух руугаа няслуулна. Аавын хал нь гаднаа хайр нь дотроо хүүгийн сайн сайхны тулд гэж байгаа ч үнэндээ “Миний үг энэ гэрт хууль” гэсэн боолчлолын сэтгэлгээ. Хэдийгээр хүүг өмгөөлөх ээж, эмээ бий ч тэднийг эцэг нь эдийн засгийн аргаар боолчилсон. Энэ нь байрны оршин суугчдын хурал дээр маш гүн гүнзгий илрэхийг харж суулаа. Тэр залуу гадаадад хуруу хумсаа хугалан байж олсон мөнгөөрөө байраа авсан гэж бахархан ярих дуртай. Гэхдээ энэ бүх зүйл нь түүнийг дарангуйлагч болгосон. Хэдийгээр энэ нэг өрхийн хэрэг мэт боловч ийм мянга мянган айл Монголд бий гэвэл эрхэм та санал нийлэхгүй байж мэднэ. Гэхдээ үнэн.
“Манай улсын гурван айл өрх тутмын нэгд нь гэр бүлийн хүчирхийллийн ямар нэг хэлбэр байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярьж байсан. Цагдаагийн статистик үзүүлэлт харахад, Монголд гарч байгаа гэмт хэргийн бараг тэн хагас нь гэр бүлийн хүрээнд болж байна. Эрүүлжүүлэхийн цагдаа нартай уулзахад “Эрүүлжүүлэгдсэн 10 хүний 4 нь гэр бүлдээ агсам тавьсан, дарамталсан байдаг. Харамсалтай нь маргааш болоход гомдол гаргасан эхнэр, хүүхдүүд нь айгаад гомдлоо татаж, эрүүлжүүлэхийн мөнгийг төлөөд гаргадаг” гэж хэллээ. Тиймээс хүчирхийллийн бараг бүх хохирогч нь охид эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид байна. “Дэлхийн III дайн гэр бүлд болж байна” гэдэг үг ч оргүй хоосон хийрхэл биш бололтой.
Өнөөдөр хүн амины хэргээр хоригдож буй эмэгтэйчүүдийн 80 гаруй хувь нь байнгын дарамт, гэр бүлийн таагүй харилцаанаас болж, нөхрөө хөнөөсөн гэдгийг судалгаа нотолжээ. 2013 онд 2000 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлд, 300 гаруй охид бүсгүйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж албан ёсоор бүртгэгджээ. Тэдний нэг нь хүргэн хүүгийнхээ тавьсан галд шатаж амиа алдсан гэр бүл тооцогдоно. Харин бусдыг нь бид төдийлөн мэдэхгүй. Он дөнгөж гарсаар Г.Алтанхүү гэгч залуу найз бүсгүйгээ байнга зоддог байсаар амийг нь хөнөөсөн гэх хэрэг гарсан ч Шүүх эмнэлгийн шинэжилгээний хариу зодуулсан нь амь насанд хүрэх шалтгаан болоогүй гэж гарсан гээд байгаа. Хүний амийг хөнөөсөн, хөнөөгөөгүй тухай л энд яриад байгаа болохоор удаа дараа хүчирхийлэл үйлддэг байсан гэдгийг нь хүний эрхийн ямар ч байгууллага ярихгүй л байна.
Тиймээс л хүчирхийллийн бай болсоор буй хүүхэд, эмэгтэйчүүдийн толгойд үхэх, эсвэл гэрээсээ дайжих санаа ордог. Монголд гадна дотны төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг хүний эрхийн чиглэлийгн 20 гаруй байгууллага байгаа ч хүчирхийллийн эсрэг дорвитой арга хэмжээ авдаг нь нэг нь ч биш. Зовлон учирхаар лам, зуд болохоор нохой зоолдог гэдэг шиг хүчирхийллийн өсөлтөөр төсөл тоншихоос цаашгүй байгаа нь энэ чиглэлийн байгууллагын үнэн төрх. Үүнтэй тэмцье гэвэл гэр бүлийн хүчирхийлэлд Монгол Улсын хуулиар ял оноодоггүй нь нэг ёсны хөхиүлэн дэмжиж байгаа гэхээс өөр үг олдохгүй юм.
…Өнөөдөр монголд гэр бүлээ албан ёсоор бүртгүүлж байгаа гурван хосын нэг нь гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгдөг. Ийм өргөдлөө өгсөн хосуудын 40 хувь нь санасан хүссэн салалтаа биелүүлж хоёр тийш болцгоодог. Гэр бүл салалтын 78 хувь нь нэгээс 3 хүүхдүүдээ хагас өнчирүүлдэг байна. Салалтын гол шалтгаан нь хоорондын таагүй харилцаанаас болдог гэж байгаа ч хүчирхийллээс яг хэд нь болж байна вэ гэдэг судалгаа ч алга. Гэхдээ энэ бол хүчирхийллийн тоон үзүүлэлт биш. Харин хүчирхийлэлд өртсөн байх магадлалтай, өртөж болзошгүй эрсдэлд орж буй тоон үзүүлэлт. Учир нь хүчирхийллийг хойд эцэг, эхчүүд үйлдэх магадлал өндөр байдаг талаар сэтгэлзүйч хэлж байна. Бид энэ төрлийн илэрсэн хэргийг сонсоод “паа, пүү” гэдэг ч хүчирхийллийг таслан зогсоосон, түүнээс урьдчилан сэргийлэх ганц мэдээ сонсогдоогүй. Хэрэв тийм явдал болсон бол харамгүй мэдээлэх сонирхол хэвлэл мэдээллийнхэнд бий. Харамсалтай нь олдохгүй учраас л хүчирхийллээс болж хохироод үлдсэн, магадгүй амиа алдагсдыг бид мэдээлж байна.
Өнөөдөр Монголын шоронд хоригдож байгаа нийт хоригдлын 70 хувийг эцэггүй өссөн хүмүүс эзэлж байна. Үлдсэн 30 хувь нь бүтэн өнчин, эсвэл хараа хяналтгүй орчинд бие хүн болон төлөвшжээ. Магадгүй манай байрны хүүг иймэрхүү хувь тавилан хүлээж байхыг үгүйсгэхгүй. Эрхэм ээ, энэ бүхэн хэний буруу вэ?