
Хилийн боомтын хөгжлийн талаар баримтлах бодлого боловсруулах, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хамтын ажиллагааг хангах үндэсний зөвлөл байгуулагдав. Боомтын үндэсний зөвлөл нь хуулийн хэрэгжилтийг хангах, хилийн боомтын бодлогыг тодорхойлж, хяналт тавих, хамтын ажиллагааг тодорхойлох юм байна. Боотмын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ахлах юм. Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Л.Болд, Зам тээврийн сайд А.Гансүх болон холбогдох газрын дарга нар багтжээ. УИХ-ын чуулганы намрын чуулганы хуралдаанаар Боомтын тухай хуулийг баталсан бөгөөд энэ хуулиар хилийн боомтын захиргаа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрыг харьяанд ирж, боомтууд дээр Хил хамгаалах газар дангаараа ажилладаг байсан бол Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын үйл ажиллагаатай уялдаа холбоотой ажиллахаар болсон билээ.
Хилийн боомтын тухай шинэ хуулиар хуучин болон одоогийн байгаа боомтуудын үйл ажиллагааг сэргээх, автозамын боомтуудын үйл ажиллагааг сэргээх үүрэг хүлээгээд буй. Засгийн газраас автозамын болон төмөр замын гэсэн үндсэн хоёр чиглэлд боомтыг үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ажиллаж байгаа. Тухайлбал, эхний ээлжинд Монгол, Хятадын хилийн дагуу Монгол Улсын талаас Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Цагаан дэл уулын чиглэлд, Хятадын талаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Альшаа аймгийн Альшаа зүүн хошууны нутаг Өлзий уулын чиглэлээр хоёр талын зорчигч, ачаа тээврийн “Цагаан дэл уул-Өлзий” байнгын ажиллагаатай автозамын боомт шинээр байгуулахаар болсон. Мөн Монгол, Хятадын хилийн хоёр талын зорчигч, ачаа тээврийн, түр ажиллагаатай Хавирга, Баянхошуу, Ханги, Бургастайн автозамын боомтуудыг байнгын ажиллагаанд шилжүүлэхээр Боомтын үндэсний зөвлөлд үүрэг болгоод буй. Үүнээс гадна Монгол-Оросын хилийн Алтанбулаг-Хиагт боомтоор зорчигч тээвэрлүүлэх ажиллагааг 24 цагийн горимд шилжүүлэх зохион байгуулахаар болж. Өөрөөр хэлбэл, хуучин боомтуудыг сэргээх, үйл ажиллагааг нь сэргээн засварлах шаардлага гарч байгаа юм. Цаашид боомтуудын үйл ажиллагааг сэргээснээр боомтын тоо нэмэгдэх, хөрш орнуудтай харилцах харьцаа өргөжинө гэж хууль санаачлагчид үзэж буй.
Хуульд тусгаснаар боомтын газар нь улсын тусгай хэрэгцээний газарт хамаарах бөгөөд Боомтын бүсэд олгох тусгай хэрэгцээний газрын хэмжээ, хилийн заагийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоохоор болсон. Өөрөөр хэлбэл, Боомтын газар нутгийн хэмжээг Засгийн газраас тусгайлан зааж, зөвшөөрлийг тодорхой болгосны үндсэн дээр УИХ батламжилна. Мөн боомтын нэгдсэн захиргааг байгуулахдаа Засгийн газрын Хэрэх эрхлэх газрын даргын төсвийн багцад тусгуулахыг хуульчилсан.
Одоогийн ажиллаж байгаа байнгын ажиллагаатай есөн боомтод захиргааны тав, үйлчилгээний найм, түр хугацаагаар ажилладаг найман боомтод захиргааны дөрөв, үйлчилгээний таван ажилтантай. Харин төмөр зам, агаарын зургаан боомтод захиргааны дарга тус бүр нэг ажиллахаар тооцож, нийт 195 хүний бүрэлдэхүүнийг баталсан байна. Мөн Хилийн шалган нэвтрүүлэх албаны 221 офицер, ахлагч Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газарт шилжихээр болж байгаа юм.