Задарсан Засаг ноёнд хариуцлага тооцох уу?

Хуучирсан мэдээ: 2014.02.26-нд нийтлэгдсэн

Задарсан Засаг ноёнд хариуцлага тооцох уу?

Эзний алба ээлжтэйг эрх баригч хүчний Засаг ноёд мартсан бололтой. Насаараа аймагтаа Засаг ноён хийж жаргах юм шиг санан халаа сэлгээг хайр найргүй хийж бусдын амьдралаар тоглодог аймгийн Засаг дарга нарын дуулиан тасрахаа болив. Саяхан л Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнийн шийдвэрээр 10 гаруй сургуулийн захирал, сургалтын менежер намын харьяаллаасаа болж ажлаасаа чөлөөлөгдсөнийг тус аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын холбооны тэргүүлэгч Ч.Цэцэгээ мэдэгдэж байсан бол Говь-Алтай аймгийн хэд, хэдэн сумын Засаг дарга мөн лааз өшиглөхдөө тулжээ.

Уг нь Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулиар төрийн албаны ажилтан хариуцлага алдсан бол албан тушаалаас нь чөлөөлж болно. Гэхдээ түүнийг гэм буруутайг нь шүүхээс тогтоосон нөхцөлд шүү дээ. Түүнээс зөвхөн “Чи МАН-ын гишүүн учраас ажиллаж болохгүй, оронд чинь манай Ардчилсан намын хүн томилогдох ёстой” гэх хууль Монголд хэрэгжээгүй. Харамсалтай нь, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтнүүдэд УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын тогтоол шийдвэр үйлчлэхгүй нь бололтой. Тэдэнд зөвхөн хувийн эрх ашиг чухал болохоос биш, Монгол Улсын хууль алгын чинээ цаас болж хувирч байх шиг.

О.Амгаланбаатар даргын гаргасан шийдвэрийн хүрээнд Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Дэлгэр, Алтай сумдын Засаг дарга нар чөлөөлөгдөх тушаал авчээ. Оронд нь үүрэг гүйцэтгэгч нар томилогдох аж. Хэдийгээр тус аймагт өнгөрсөн нэгдүгээр сард орон нутгийн сонгууль болж өнгөрсөн ч дээрх сумдад сонгууль дахиагүй. Өөрөөр хэлбэл, маргаан гараагүй тойрог учраас Засаг даргыг өөрчлөх шаардлага байхгүй аж. Тиймээс аймгийн Засаг дарга О.Амгаланбаатарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын Төрийн албаны тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөрчиж буй юм байна.

Эл асуудалтай холбогдуулж МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан хууль зөрчин дураараа аашилж байгаа Засаг дарга О.Амгаланбаатарын асуудлыг анхааралдаа авахыг хүссэн албан бичгийг хоёрдугаар сарын 19-нд илгээжээ.

Одоогоор Ерөнхий сайдын зүгээс энэ асуудалтай холбогдуулж МАН-д тодорхой хариу ирүүлээгүй байгаа аж.

Гэхдээ алтайчуудын хэлж буйгаар О.Амгаланбаатар даргын дээрх үйлдэл нь Ардчилсан намын нэр хүндийг сэвтүүлж буй төдийгүй одоо хэн нь намын харьяаллаар алаг үзэгдэн ажлаас чөлөөлөгдөх бол гэх айдастай амьдрах болжээ.
Уг нь О.Амгаланбаатар даргын хувьд намын харьялал гаргаж бусдыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргаж улстөржихийнхөө оронд 24 жилийн дараа ирсэн ялалтыг хэрхэн алтай нутгийг хөгжүүлэх бодлого болгон хувиргаж хэрэгжүүлэх вэ гэдгийг тунгаан завгүй ажиллах ёстой баймаар.

Ийм сэтгэлээр хандсан бол алтайчуудын хувьд Ардчилсан намд засаглах эрхийг олгосондоо харамсахгүй байж… Даанч ухаангүй ноёнд урагшгүй албат гэгчээр Засаг даргаар сонгогдоод сар ч болоогүй шахам байж аймгаа орон нутгаа хөгжүүлэх тухай ярихаас илүүтэй бусдыг ажлаас халах, оронд нь өөрсдийн намын шахааны хүмүүсээ томилуулахаар давшсан нь эргээд ардчиллын үндсэн зарчмыг ч алдагдуулж эхэлж байгаад харамсах хүн олон байна.

Харин энэ мэт задарсан Засаг ноёндоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэзээ хариуцлага тооцох вэ. Манай намын хүн яасан ч болно оо, Монгол Улсын хууль ямар хамаа байна гэх агуулгаар хандаж болохгүй л байх.

Улстөржилт хэрээс хэтэрснээр төрийн ажил цалгардаж иргэд хохирсоор байвал хариуцлагыг хэн хүлээх вэ?.

Яасан дуусдаггүй улстөржилт, томилгоо вэ. УИХ-ын сонгууль болж өнгөрөөд хоёр жил боллоо, орон нутгийн сонгуульд зарлагдаж дуусаад жил хагасын хугацаа өнгөрлөө. Хэдий болтол аймгуудаас “Намын харьяаллаар ажлаас чөлөөллөө. Ард иргэдийн амьдрал хүндхэн байна” гэх мэдээллийг сонссоор суух вэ. Сонгуулиа дуусгаж, ажлаа бодох цаг болсон юм биш үү.

Хаврын урт өдрүүд нэг л өдөр дуусч, зуны өдрүүд эхлэхэд улстөржилт үргэлжилсээр байвал хэдий цагт нь Ардчилсан нам ард түмэндээ амласан ажлуудаа хийх болж байна. Зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг энэ онд хийхээс гадна уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр замтай болох, аймаг бүрт 1000 айлын орон сууц барих ажлыг эхлүүлэх, нийслэлийн гэр хорооллыг барилгажуулах, Дулааны станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодоос хөрөнгө оруулалт босгох гээд түмэн л ажил хүлээж байна.

Ийм их ажлын хажуугаар аймгийн Засаг дарга нар бүтэлгүй юм дуулгаад байвал Шинэчлэлийн Засгийн газрын чихийг ч бас халууцуулахгүй гэж үү.

Задарсан Засаг дарга нарыг толгой дээрээсээ буулгаач Ерөнхий сайд аа.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж