Монголбанкны мэдээллээр он гарсаар гадаад
худалдаа, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Монголын эдийн
засагт орж ирэх гадаад валютын хэмжээ оны эхнээс 2 дугаар сарын 19-нийг хүртэлх
хугацаанд 17%-иар
өссөн бол гадагшлах валютын хэмжээ 4%-иар
буурсан байна.
2013 онд 54%-иар буурч байсан
гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ энэ оны эхний 7 долоо хоногийн хугацаанд
26%-иар өсчээ. Үүнээс ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт 22%-иар, ашигт
малтмалын бус салбарын хөрөнгө оруулалт 42%-иар тус тус өссөн байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт
орсны дагуу Монголбанкинд алтаа тушаасан тохиолдолд рояалти 2.5% байхаар
болсон. Үүний үр дүн гарч, оны эхнээс Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 1.3
тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 651 кг-аар буюу 2 дахин нэмэгдсэн байна.
Төлбөрийн тэнцэл, валютын урсгал
үргэлжлэн сайжрах төлөвтэй байгааг Монголбанкны мэргэжилтнүүд хэлж байна.
С.Болд