
-Би 1988 оноос хойш өнөөг хүртэл уран бүтээлээ туурвиж явна. 1988 он гэдэг маань би “Харш” хамтлагийн дуучин, хөгжимчин болж тус хамтлагтай холбогдсон үе. Үүнээс өмнө бол 1980 оноос хойш “Цэргийн оч”, “Цэргийн залуус” хамтлагуудад уран бүтээл хийж байсан. Мөн Дархан-Уул аймгийн “Од”, “Залуус”, “Маск”, “Аялгуу” зэрэг хамтлагуудыг үүсгэн байгуулж явлаа.
-Таныг урлагт хөл тавихад хэн нөлөөлөв. Анхны уран бүтээл юү байсан бэ?
-Би тавдугаар ангиасаа эхлэн урлагаар хүмүүжиж эхэлсэн. Миний ээж урлагийн хүн байлаа. Ховд аймгийн хөгжимт драмын театрт шанзны Бадам гэж сайхан уран бүтээлч хүн байж байгаад өнгөрсөн юм. Тавдугаар ангидаа би ёочин хөгжим тоглож эхэлсэн л дээ. Мөн ах нарыгаа хараад гитар тоглож сурсан. Түүнээс хойш эстрад дууны чиглэлээр өөрийгөө хөгжүүлж эхэлсэн.
-Анх ямар дууг үзэгчдийн хүртээл болгож байв. Сонсогчид яаж хүлээж авсан бэ?
-Олон дуу бий.
…Сэгсгэр үстэй миний бяцхан гөлөг
Сэмхэн гараад явсныг би мэдсэнгүй ээ… гээд “Гөлөг” дуугаа социализмын үед гаргаж байсан. Ардчилал эхлэх гэж байсан юм. Тухайн үед энэ дууг дуулахад их сонирхож хүлээж авсан л даа. Дараа нь “Нууцхан сэтгэл” гэх дуугаа анхны мисс Биндэрьяатай хамт клип хийлгэж олонд цацсан. Тэр үеийн клип гэж юу байхав камераар зураг аваад л болчихдог байсан юм. Эдгээр уран бүтээлүүдийн араас маш олон дуугаа сонсогчдын хүртээл болгосон. Тухайлбал, “Хос залуус”, “Шар цэцэг”, “Чамдаа зориулья”, “Холын холд” зэрэг дуунууд бий. Ард түмний хэллэгээр бол “Брэнд” болсон сайхан дуунуудыг манай хамтлаг дуулсан. Одоогийн залуу уран бүтээлчид ч дуулсаар байгаа.
-“Хос залуус”, “Шар цэцэг” зэрэг дуу өнөөгийн залуусын сонсох дуртай дуунуудын нэг. Эдгээр дуунууд хэрхэн төрсөн түүхийг өгүүлбэл сонин болов уу?
-“Шар цэцэг” дуу бол манай “Харш” хамтлагийн хамгийн анхны дуу. Анх энэ дууг Хүрэлчулуун гэдэг найз маань хийж байсан. Харин “Хос залуус” дуу бол “Хорвоод амьдрах жаргалтай” гэж нэртэй. Тэгсэн ард түмний дунд “Хос залуус” гээд түгчихсэн. Энэ дуу их учиртай дуу. Баатархүү, Энхтүвшин гэдэг хоёр найз маань цэрэгт байхдаа нэгэн цэргийн ханиас нь ирсэн захиаг нь санаандгүй уншиж байгаад
“Хос залуус гэдэг аз жаргалтай
Хоёулаа бүхнээс дутаахгүй ээ хайрт минь
Хоёр биенээ гэсэн сэтгэл байхад
Хорвоод амьдрах жаргалтай” гэсэн сайхан дөрвөн мөрт шүлэг байхыг харчихаад манай хамтлагийн хоёр маань үүгээр ерөөсөө дуу хийе гээд хоёр бадаг зохиож дуу хийсэн байгаа юм. Бас нэлээд хэдэн удаа аяа сольсон дуу.
-Та удахгүй болох бие даасан тоглолтынхоо талаар сонирхуулна уу?
-Би одоогоос зургаан жилийн өмнө буюу 2008 онд “Миний аялгуу -1” хэмээх төсөл хэрэгжүүлж бие даасан тоглолтоо хийж ард түмэндээ уран бүтээлээ тайлагнаж байсан. Одоо харин “Миний аялгуу -2” хэмээх төслөө хэрэгжүүлж бие даасан тоглолтоо хийхээр товлоод байна. Тоглолтын нэгэн нууцаас задлахад манай хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох сайхан мэдээг надад дуулгасанд их баяртай байгаа.
“Харш” хамтлагийн дуугаар баясаж, цэнгэж, бүжиглэж, гомдоллож уйлж явсан. Тэр л сайхан залуучуудын сэтгэлийг баясгая гэж бодлоо. “Харш” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ арван жилийн дараа тайзнаа дахин хамтарч тоглох юм. Уншигч та бүхнийгээ ирэх гуравдугаар сарын 16-нд “УБ палас”-ын их танхимд ганцхан удаа тоглох тоглолтод ирэхийг урьж байна. Тоглолт үндсэн хоёр хэсгээс бүрдсэн. Эхний хэсэгт ард түмний “брэнд” болсон дуугаараа ая дуугаа өргөн үзэгчдтэйгээ тоглолтоо доргио эхлүүлнэ. Харин хоёр дахь хэсэг нь дандаа миний өөрийн зохиосон дуунууд байх юм. Мөн цэрэгт байсан үеийнхнийгээ уриалж цэргийн дуунуудаа бэлдсэн. 1983-1990 он хүртэл Сонгино гарнизонд цэргийн алба хаасан албан хаагчид, 1983-1989 он хүртэл Улиастайн дивизийн офицер, цэргүүдээ тоглолтдоо урьсан. Уншигч та бүхэн ч бас миний тоглолтод хүрэлцэн ирж хамтран дуулж, нэгэн сайхан үдшийг өнгөрүүлээрэй.
-“Харш” хамтлагийн дуунуудад 80-аад оныхон гэлтгүй одоо үеийн залуучууд ч дуртай байдаг. Үе үеийнхнийг татдаг нууц нь юунд байна вэ?
-Тэгэлгүй яахав. Үе үеийн фэнүүддээ баярлаж явдаг. Одоо цагт юм бүхэн сайхан хөгжжээ. Амьд хөгжимтэй шөнийн клуб, Баар, ресторан олон болжээ. Тэнд амьд хөгжмийн хамтлагууд хүртэл манай хамтлагийн дууг дуулж байна. Дуулж байгааг нь сонсох нь нэг бодлын сайхан нөгөө талдаа оюун өмчийн асуудлыг сөхөхөөр л санагддаг юм. Гэхдээ ямартай ч бидний дуу 35 жил урлагт хуучраагүй хэвээрбайна. Энэ бол бахархмаар үзүүлэлт шүү.