Уг нь тус нам Засгийн газрыг хамтарч барьж байгаагийн хувьд Ардчилсан нам руу дайралт хийх нь утгагүй боловч үүнээс өөр сонголтгүй үлдсэн бололтой. Тун удахгүй нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас хэсэг гишүүд МАХН-д элсэх тухай яриа сонсогдож байна. Нийт хэчнээн гишүүн Н.Энхбаярыг түших болж байгаа тухай нарийн тоо гараагүй боловч дүүрэг бүрийн Ардчилсан намаас МАХН-д элсэхээр 400 гишүүн болно гэх багцааг тус намынхан гаргасан байхыг харвал бас ч үгүй тоо гаргажээ.
Харин энэ удаад чухам яагаад Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гишүүд байнд нь өртөж МАХН-руу тал засах болов гэдгийг сонирхвол тус намын гишүүд дунд үл ойлголцол бий болсноор уджээ. УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг бүрэн эрхээсээ татгалзах хүсэлт тавьсан үеэс Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын гишүүд дунд талцал бий болсон тухай мэдээлэл байна. Үүн дээр нь МАХН дөрөөлж, Ардчилсан намын гишүүдээр хүрээгээ тэлэхээр шийдсэн бололтой. Гэхдээ эх сурвалжаас авсан мэдээллээр МАХН-ы зүгээс Ардчилсан намын гишүүдийг намдаа элсүүлэх ятгалга явуулаагүй. Ардчилсан намын гишүүд өөрсдөө МАХН-д элсэх сонирхлоо илэрхийлж байгаа. Нөгөө талдаа МАХН-д зөвхөн Ардчилсан намын гишүүдийг элсүүлэхгүй гэх шалгуур байхгүй. Хэн ч элсэх хүсэлтийг гаргаж болно,түүнд нь хүндэтгэлтэй хандана” гэх.
Гэвч хоёр нам үзэл баримтлалынхаа хувьд тэс ондоо. Ардчилсан нам барууны үзлийг баримталдаг бол МАХН зүүний үзэл баримтлалтай. Энэ утгаар нь хөөж үзвэл МАХН-д элсэх санаа агуулж буй гишүүдийн хувьд үзэл баримтлалаа хэрхэн зүүнийхээр солих вэ гэх асуудалтай тулгарах нь лав биз.
Хэдийгээр Н.Энхбаяр тэргүүтнүүд МАХН нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэн улстөрийн хүчний хувиар үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхийг авсан үеэс намынхаа гишүүдийн хүрээг тэлэхийн төлөө МАН-аас гишүүдийг олноор нь татан элсүүлсэн ч нөгөө нэг эрх ашиг нь үгийг нь аваагүй Сү.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнүүдээс улстөрийн өшөө авах зорилго агуулж байв. Санасандаа ч хүрсэн, эрх баригч хүчин байсан МАН хоёр хуваагдсаны горыг 2012 оны УИХ-ын сонгуулиас эхлэн амссаар дөрвөн ч сонгуульд ялагдал хүлээсэн билээ. Ирэх 2016 оны УИХ-ын сонгууль ч хүндхэн даваа байх нь одоогийн үйл явцаас ч харагдаж буй. Өөрөөр хэлбэл, МАН-тай дайн зарлан, улстөрийн өшөө авалтаа хурцалж байсан МАХН одоо харин байгаа сольсон нь анхаарал татна. Юм л бол Шинэчлэлийн Засгийн газраас сайдуудаа татна гэх шантааж хийж намынхаа даргыг шоронгоос суллуулах акци хийж байсан МАХН-чууд одоо ямар эрх ашиг харж Ардчилсан намаас 400 гишүүн элсүүлэхээр зүтгэх болов оо.
Улстөрийн намуудын хаврын синдромыг МАХН эхлүүллээ гэж ойлговол зохилтой юу эсвэл 2012 оны УИХ-ын сонгуулиар ард иргэддээ амласан амлалтаа хэрэгжүүлэхийн тулд эрх баригч хүчинд шантааж үзүүлж, гишүүдийг нь суйлахаар шийдсэн хэрэг үү?.