
Монгол Улс тэтгэврийн даатгалын тогтолцоо нь эв санааны нэгдлийн зарчмаар шимтгэлийн орлогоороо тэтгэврийн зардлаа санхүүжүүлдэг хуваарилалтын тогтолцоотой. Гэтэл энэхүү тогтолцоогоо хэвээр хадгалан, цааш үргэлжлүүлбэл тэтгэврийн сангийн алдагдал өсч, ДНБ-нд эзлэх хувь хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа аж. Тодруулбал, ДНБ-ийн эзлэх хувийн жин 2030 он гэхэд долоо хувь, 2040 он гэхэд 10 хувь хүрэх төлөв ажиглагдаж байгаа гэж албаныхан хэллээ. Энэхүү сангийн алдагдлыг тогтворжуулах үүднээс тэтгэвэр бодох хувь хэмжээг бууруулах, шимтгэлийн хувь хэмжээг өсгөх, тэтгэвэрт гарах насыг өсгөх шаардлагатай гэдгийг Дэлхийн банкны Хүн амын сангийн зөвлөх байгууллагууд зөвлөсөн байна. Шинэчлэлийн хүрээнд тэтгэврийг нэмэгдлийн зөрүүг арилгах, хуваарилалтын тогтолцоог халж, хуримтлалын тогтолцоо руу шилжих зэрэг олон судалгааг хийж байгаа аж. Өнөөдрийн байдлаар өндөр насны тэтгэвэр авч буй 218 мянга 700 өндөр настан байдаг аж. Тэтгэвэрт нэг жилд 800-900 тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил тэтгэврийг тодорхой хэмжээгээр нэмсэн учраас зарцуулах мөнгө нэмэгдсэн.
Тэтгэврийн даатгалын шинэчлэлийг хэрхэн хийх талаар албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.
ХАХНХЯ-ны мэргэжилтэн С.Дорждэрэм:
-Тэтгэврийн шинэчлэлийн ямар түвшинд хийж, зохицуулалт хийх вэ гэдэг дээр өнөөдөр туршлага, санал солилцож байна. Тухайлбал, тэтгэврийн сангийн хөрөнгө оруулалтыг Нийгмийн даатгалын хуулиар зохицуулж байгаа. Засгийн газрын бонд байршуулах, хязгаарлалт хийх замаар байршуулж байгаа. Шинэчлэл хийгдсэнээр маш олон төрлийн эрх зүйн орчныг зохицуулахаар ажиллаж байна. 2015 оноос нэрийн дансны тогтолцоо руу шилжинэ. Гэтэл энэ дансны тогтолцоо руу шилжихэд одоогийн тэтгэврийн хэмжээгээр бодоход хоёр дахин бага байхаар байна. Тиймээс нэрийн дансны хувилбарыг оруулж ирвэл суурь тэтгэврийг тогтоох шаардлага гарч байна. Хэрэв хуваарилалт, хуримтлалын холимог тогтолцоог ашиглавал тэтгэвэр бодох тогтолцоог өөрчлөх шаардлагатай болно. Энэ мэт олон орны туршалгыг судалж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Дашдондог:
-Засгийн газраас ажлын хэсэг гарч тэтгэврийн тогтолцооны шинэчлэлийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ажиллаж байгаа. Шинэчлэлийн хүрээнд маш олон ажил яригдаж байгаа. Тэтгэврийн шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх үү, тэтгэврийн насыг хойшлуулах шаардлага гарах уу зэрэг олон судалгааг хийж байна. Мөн тэтгэврийн нэмэгдэл хүмүүсийн анхаарлын төвд байдаг. Тэтгэвэр тогтоолгохын тулд ажилласан хугацаа, нас, авч байсан цалин гэсэн гурван үзүүлэлтээр тогтоодог. Тиймээс цаашид тэтгэврийн насыг уртасгах, эсвэл хуваарилалт, нэгийн дансны тогтолцоонуудыг аль боломжтойг нь Монгол Улсын хөрсөн дээр буулгаж ажиллах ёстой гэж бодож байна.Тэтгэврийн шинэчлэлийн хүрээнд яригдаж байгаа нэг асуудал бол ирээдүйн тэтгэврийг бий болгох, нөөцийн сан бүрдүүлдэг олон улсын жишиг бий. Уул уурхайн орлогоос тэтгэврийн нөөц бүрдүүлэх гэх мэт зохицуулалт хийх боломжтой, үүнийг ярилцаж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасан:
-Тэтгэврийн даатгалын орлогыг Засгийн газар, даатгуулагчид, ажил олгогчдын шимтгэлээр бүрдүүлдэг. Тэтгэврийн даатгалын сангийн зарлагын хоёр хувийг улсын төсвөөс санхүүжүүлдэг. Дэлхийн банкны судлаачдын хэлж буйгаар тэтгэврийн даатгалын сангийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхийн тулд шимтгэлийг нэмэгдүүлэх, улсын төсвийн санхүүжилтийг нэмэгдүүлэх, цаашид хүн амын насжилтыг уртасгах зэрэг олон талын зөвлөмж, саналуудыг илэрхийлж байна. Тиймээс цаашид олон талыг судалгааг хийж, тэтгэврийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлж, зарлагыг бууруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар Засгийн газраас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Мөн нийгмийн даатгалын сангийн зарлагыг нэмэгдүүлж байгаа олон шалтгаан байдаг. Дэлхийн нийтийн тэтгэврийн дундаж нас нь 67 байдаг. Гэтэл манайд мэргэжлийн онцлого, ажлын хүнд нөхцөл, урлаг, цэргийн байгууллагынхан эрт тэтгэвэрт гарах нь тэтгэврийн даатгалын сангийн зардлыг нэмэгдүүлж байна. Тиймээс сайн тэтгэвэр, өндөр тэтгэвэр авахын тулд тэтгэврийн насыг уртасгах, эрт тэтгэвэрт гардаг хүмүүсийн насыг уртасгах, тодорхой хэмжээний хуримтлал үүсгэх, орлого нэмэгдүүлэх шаардлага тулгарч байгаа учраас ийнхүү шинэчлэлийг ярьж эхлээд байна.