Үүнд нь төдийгөөс өдий хүртэл “Оютолгой” компаниас тодорхой тайлбар өгсөн нь үгүй.
Хаяадаа нэг “Гадаадаас ирдэг инженерүүд ховор мэргэжилтэй. Ур чадвар өндөр байдаг” гэсэн үгийг удирдах албан тушаалтнууд нь унагдгийг эс тооцвол шүү дээ. Тийм ч учраас эзэд хийгээд ажилтны тэмцэлд өдгөө С.Гантуяа ялалт байгуулж, тус компаниас 100 гаруй сая төгрөгийн нөхөн төлбөр авсан байдаг. Энэ бол манайдаа байхгүй амжилт. Үүнээс өмнө монголчууд хөрөнгө оруулагчидтай хийсэн “тулаандаа” цаг үргэлж ялагдал хүлээж ирсэн. Зөвхөн С.Гантуяагийн төрсөн ах болох УИХ-ын гишүүн С.Ганбаатар гэхэд л Монголын олон нийтийн телевизийн цэнхэр дэлгэцээр Сангийн сайд асан С.Баярцогтод мэдлэггүй, мэдээлэлгүй, 20 мянган хувьсагчийн учрыг олох оюуны бяргүй гэдгээрээ баалуулж байсан. Тэгэхээр магадгүй “Оюутолгой” компанитай хийсэн тулаанд дүү нь ахаасаа илүү зөв өнцөг барьж орсон байж болох юм. Ялагч болж чадсан шүүхийн дүгнэлт үүнийг батална.
Гэхдээ тэрбээр дээрх ялалтыг зөвхөн нэг удаагийн дайралтаар авсан юм биш. Бүх шатны шүүхийн шийдвэр, эцсийн цэгийг хатгах ёстой Дээд шүүх ч түүний талд үнэнийг эргүүлсэн. Ингэж бодохоор “Оюутолгой” компанид асуудал байна гэдгийг Монголын шүүх бүхэлдээ хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл “Оюутолгой” компанийн бүх ажилчид өдгөө түүний араас өргөдөл гомдол гаргаж болно гэсэн үг. Тэр хэрээр ялалт “Рио Тинто”-гийн талд бус харин жирийн иргэн Дорж, Дулмаа, Цэцэгээ, Навчаа, Батаагийн талд гарах нь. Иймд хөрөнгө оруулагчдын айдас эд, эс ширхгээрээ сэрсэн байж таараа. Тэд айж, мэгдэж байж болох. Тиймээс л боломж гарсан дээр нь, Монголын шүүх иргэнийхээ эрх ашгийг хамгаалах хүчтэй, тэнхээтэй байгаа дээр нь өргөдлөө гаргацгаа, монголчууд аа. Эрх ашгаа нэгтгэ, “Оюутолгой” компанийн ажилчид аа. Эс бөгөөс та нар цалингийн нэмэгдэлд ялагдах болно. С.Гантуяагийн байгуулсан ялалтыг хамгаалахын төлөө тэмц. Тэр цагт Монголд үйл ажиллагаа явуулахыг хүссэн бүх хөрөнгө оруулагчид иргэн хүнийх нь эрх ашгийг хүндэтгэх ёстой гэсэн суурьшмал айдастай болох юм.
Эцэст нь С.Гантуяа юуны төлөө тэмцснийг иргэн танд эргэн сануулъя.
“Би ямар асуудлаас болж ажлаасаа чөлөөлөгдсөн бэ гэхээр аравдугаар сарын 23-нд удирдлагадаа шаардлага хүргүүлсэн. Зүгээр хүсэлт тавьсан нэг и-мэйл явуулсан. Нэгдүгээрт, монгол, гадаад ажилчдын цалин эрс ялгаатай байдлыг арилгахгүй бол компаний дотоод соёлд сөргөөр нөлөөлөөд байна гэсэн. Үүгээрээ би компанид хэрэгтэй юм хэлж өгсөн. Гадаад мэргэжилтнүүд Монгол ажилчдыг үл ойшоож байна. Хэдхэн төгрөгөөр хуурч байна. Энэ чинь цаашаа улбаалаад явах юм бол монгол ёс заншлыг уландаа гишгэж, Монголын байгаль орчинтой хүндлэлгүй харьцах гэх мэт олон сөрөг үр дагавартай байдал бий болно. Ийм байдал үүсээд байгаа учраас энэ цалингаа эргээд нэг хараачээ гэсэн. Оюутолгой гэдэг бол дэлхийн түвшний уул уурхайн компани гэж өөрсдийгөө сурталчилдаг. Дэлхийн түвшний уул уурхайн компаниуд тухайн улсын Стандартаар явах ёстой. Монгол улсын хууль стандартыг ягштал мөрдөх ёстой. Тэгээд энэ хүрээнд Засгийн газартай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Тэр гэрээний 8.1 дэх заалт байна. Олон улсын хөдөлмөрийн 100 дугаар конвенци мөн манай улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хуульд энэ бүгдийг дурьдаад үүн дээрээ арга хэмжээ ав. Цаг хугацаа алдалгүй бид нарт хариу өгөөч ээ л гэсэн хүсэлт бүхий и-мэйл явуулсан юм. Тэгээд ерөөсөө долоо хоног ч хүрэхгүй хугацаанд миний бүх и-мэйлийг хаагаад, ажлын маань бүх файл бичиг баримтыг ийш тийш нь зөөгөөд л ажлыг бүх нөхцлөөр хаасан. Энэ бол их бүдүүлэг байгаа биз дээ. Зүгээр нэг ажилтантайгаа ингэж харьцаж болдог юм уу гэж би бодож байлаа. Тэгээд 29-нд нь буюу ирэх 7 хоногийнх нь даваа гарагт надад мэдэгдэл нэртэй хуудас өгөөд л ажилаас чөлөөлчихсөн. Ийм л юм болсон”. Энэ бол иргэн С.Гантуяагийн үг.
Иймд түүнийг бус харин дэвшүүлж тавьсан зарчмыг нь үнэлж түүний талд гарч жагсцгаа, “Оюутолгой”-н “богтлогдсон” ажилтан, ажилчид аа. Шударга бус цалин нэг С.Гантуяаг төрүүлж болсон юм чинь түүнээс олон С.Гантуяа төрөх нь гарцаагүй гэдэгт итгэе. Тийм ээ, эргэлзэх хэрэггүй. “Оюутолгой”-гоос олон С.Гантуяа “төрнө”.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин