Хүр хорхойн хөөрхийлөлтэй тавилан

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Хүр хорхойн хөөрхийлөлтэй тавилан

Дэлхийн амьтан, ургамлын өдөрт

Торгоны хүр хорхой гэгч нисдэггүй эрвээхэй хорвоо дээр хоёрхон сар насалдаг бөгөөд ямар ч амьтны үнэрийг 11 км холоос ялгаж мэдэрдэг хорвоод хосгүй чадвартай гэвэл уншигч та лав үнэмшихгүй.

Эхлээд тэрээр өндөг гаргана. Өндөг нь удалгүй хагарч дотроос нь бяцхан авгалдай гарч ирнэ. Мөнөөх авгалдай  ургамлын навч юухан хээхнээр хооллож байгаад бусад ямар ч амьтан бүтээж байгаагүй уран гоёмсог бат бэх үүрээ нэхэж авна. Дараа нь түүн дотроо өнгө зүсээ хувиргаад “дахин амилахдаа” нас гүйцсэн эрвээхэй болдог аж. Эрвээхэй нь цаашаагаа нэг их урт насалдаггүй. Эрэгчин эрвээхэй нь эмэгчнээ хаа холоос тансаг үнэрээр нь таньж олж очно. Эмэгчин нь хайртай эрдээ  хөөрхөн өндгийг нь төрүүлж өгөөд  тэр дорхиноо хорвоог орхидог жамтай гэнэ.

Энэ эрвээхэйнүүд нь бидний мэдэх ердийн эрвээхэйнээс шал өөр. Зантгар том биетэй боловч богинохон далавчтай учир тэрээр тахиа аятай нисэж чаддаггүй өрөвдмөөр амьтан. Түүний өөртөө зассан үүрийг нь торго үйлдвэрлэгчид “шууд дээрэмдэн” булааж авч нэг үүрнээс доор хаяхад мянган метр торгоны утас гаргаж авдаг гэнэ лээ. Тэгэхдээ өөрсдийг нь бүр үүртэй нь хамт хэдэн саяар нь халуун усанд амьдаар нь шалз чанаж тамлаж алах нь хүмүүс бид нар хөөрхий эрвээхэйд оноодог дэндүү хатуу ял мэт.
    
Торго үйлдвэрлэлд торгоны хүр хорхой, эрвээхэй, авгалдайнууд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг ба тэд   нэгэн төрлийн модны навчаар нь хооллодог. Энэ мод нь Зүүн Ази бүр тодруулбал Хятад улсын хойд хэсэгт ургадаг. Хүр хорхой нь бүхэлдээ тэжээмэл болсон шавьж бөгөөд байгаль дээр зэрлэг байдлаар тааралддаггүй юм билээ. Анх 5000 жилийн тэртээгээс Хятадад хүр хорхой үржүүлж эхэлжээ. Бие гүйцсэн эрвээхэй далавчаа дэлгэсэн үедээ 6 см урттай болдог ба хүр хорхой нь шүлсээрээ өөрийнхөө үүрийг ороож нэхдэг. Ийм үүр нь нэг км хүртэл урттай торгон утсаар хийгдсэн байдаг байна. Хүр хорхойн толгойны өнгө бараан болох нь эрвээхэй болж эхэлж байгаагийн дохио бөгөөд эрвээхэй болсноор өөрийн үүрийг мэрж эхэлдэг учир энэ үеэс хойш хүр хорхойг үүрэнд нь байлгадаггүй байна.

Дэлхийн ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийнхэн торгоны үйлдвэрлэлийг багасгахын төлөө хичнээн тэмцлээ ч хүчин мөхөсддөгийн учир нь торгон утас үйлдвэрлэдэг энэ арга нь хүн төрөлхтний гарал үүсэлтэй зэрэгцэн хөгжиж ирсэн бөгөөд хөөрхий ийм хорхойноос өөр уран нэхэгчийг хүмүүс одоо хүртэл олоогүйтэй холбоотой аж. Хүр хорхойн үүрийг нь задалж хөвөн гарсан утсыг өөрсдийн хэрэгцээнд тааруулан өнгө өнгөөр будахад  ээжийн дээлийн торго нэхэх утас бэлэн боллоо гэсэн үг. Харин ээжүүд, эгч дүү нар минь тэдний өмссөн ганган  торгон дээл ямар олон амьтны үнээр яаж бүтдэгийг мэдэхгүй л яваа.

Тарчлаах тусам сор нь гэрэлтдэг ажээ

Булганы хувьд байдал эрвээхэйтэй яг адил. Монголд цөөхөн үлдсэн, Сибирийн өтгөн тайгад олноор амьдардаг энэ бяцхан амьтад үнэтэй арьс нөмөрснийхөө гайгаар жилд сая саяараа хомхой анчдын гарт өртдөг түүнээс хэдэн мянга дахин олныг булганы аж ахуйнуудад нядалдаг юм. Бас болоогүй булгыг алахын өмнө модон мунаар зогсоо зайгүй нүдэж тамладгийн нууц нь тарчлаахын хэрээр  хөөрхий амьтны ганган үс нь улам сортон гэрэлтэж арьсандаа бэхждэг гэх ажгуу. Өнөөдөр дэлхийн гоо бүсгүйчүүдээсэхлээд хүн дэвшилт төрөлхтөн гаргаж буй алдаа эндэгдлээ ухааран үнэтэй энэ амьтны арьсаар гоёхгүй байхыг дэлхий дахинаа уриалах боллоо.Одоо манайд гадуур зарагдаад байгаа 3-5 саяын үнэтэй булган дээл нь 30-40 ширхэг булган арьснаас бүтдэг гээд бодохоор өнгө өнгийн торго,энэ олон амьтныг тарчлаан алсан амьтны арьсаар олны газар гоёх хүсэл манай ухаант охид бүсгүйчүүдэд маань төрөхгүй нь лавтай.

                                                      Ш.Пүрэвсүрэн
            Удахгүй хэвлэгдэх “Орчлон хорвоогийн сонин” номноос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж