Өсвөрийн сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Өсвөрийн сагсан бөмбөгийн УАШТ эхэллээ

ССАЖЯ, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Мини сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй өсвөрийн сагсан бөмбөгийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр /II.24/ Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй өсвөрийн сагсан бөмбөгийн УАШТ 13, 15 нас хүртэлх гэсэн хоёр ангиллаар болно. Тэмцээнд Улаанбаатар хотын дүүргүүдийн дунд сургуулийн болон орон нутгаас Дорноговь, Дундговь, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хөвсгөл, Зүүнхараа, Эрдэнэт зэрэг аймгууд оролцож байна. Тэмцээнд нийтдээ 70 гаруй багийн 1100 орчим тамирчин сурагчид өрсөлдөж байна гэж зохион байгуулагчид хэлж байна.

2014 оны өсвөрийн сагсан бөмбөгийн УАШТ-ийг Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /МҮСБХ/ ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга нээж,

-Сүүлийн жилүүдэд өсвөрийн сагсан бөмбөгийн тэмцээн түр завсардаад байсан. Харин энэ жилээс эхлэн Мини сагсан бөмбөгийн холбоо, МҮСБХ, ССХЖЯ хамтран тэмцээнийг илүү өргөн далайцтай зохион байгуулж байна. Энэ нь өсвөрийн сагсан бөмбөг сонирхогч хүүхдүүд рүүгээ хандаж байгаа бодлого юм. Энэ удаагийн УАШТ-нд амжилттай тоглосон хүүхдүүд ирэх долдугаар сард болох АНУ-ын Кливлэнд хотноо болох Өсвөрийн сагсан бөмбөгийн ДАШТ-д оролцох юм гэдгийг онцолсон юм. Тэмцээн өнөөдрөөс /II.25/ эхлэн, Буянт-Ухаа дахь Спортын ордонд баасан гариг хүртэл үргэлжилнэ.

Тэмцээний нээлтийн зургаас хүргэж байна.  

Б.БИЛЭГ






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж