Манай эдийн засагт орж ирдэг байсан доллар аль 2012 оны дунд үеэс эхэлж багасаад л байсныг, түүнээс шалтгаалаад санхүүгийн зах зээлд мөнгө дутагдах гээд л, нэг л их цус алдах гээд ч байгаа юм шиг байсныг, төгрөгийн ханш суларснаас болж импортын барааны үнэ өсөөд л байсныг ойлгохын дээдээр ойлгож байнаа. Энэ бүхэн Монголын эдийн засагт, Монголчууд бидэнд хэцүү л байлаа. Гэхдээ та нар он гарсаар яг юу болоод байгааг нэг хараад үзээрэй. Зарим тоо баримт олж үзэхэд их л тааруу байсан юмнууд сайжрах чиглэлдээ нэгэнт эргэчихээд байх шиг байна шүү цаана чинь.
Энэ оны 1 дүгээр сард манай гадаад худалдааны алдагдал ердөө 16-хан сая ам.доллар байна. Гэтэл энэ тоо өнгөрсөн 3 жилд хэд байсныг хар даа. 2011 оны 1 дүгээр сард 140 сая, 2012 оны 1 дүгээр сард 255 сая, 2013 оны 1 дүгээр сард 217 сая ам.долларын алдагдалтай байж шүү. Яагаад манай хамгийн гол экспортын бараа болох нүүрсний салбар уналттай байхад л гадаад худалдааны алдагдал маань ингэж огцом буурчихав аа? Үүнд импорт буурсан нь гол нөлөө үзүүлснийг Гаалийн ерөнхий газраас гаргадаг тоо баримтаас харж болохоор байна. Төгрөгийн ханш 2013 онд суларсан нь ийнхүү импорт буурахад нөлөөлж, гадаад худалдааг бараг алдагдалгүй шахам болгожээ. Уул нь нүүрсний маань орлого сайн байсан бол манай гадаад худалдаа ашигтай ч гарах, төгрөгийн ханш ч тогтворжих, тэгээд иргэдийн маань бодит худалдан авах чадвар ч хавигүй сайжрах боломжтой байж. Гэхдээ энэ бол зөвхөн нэг сарын л тоо. Бид ирэх 5 сар гэхэд хамаагүй эерэг тоонууд харцгаах, магадгүй энэ онд манай гадаад худалдаа анх удаагаа ашигтай гарах боломжтой ч болох юм бил үү? Оюу толгой экспортоо нэмээд, нүүрс сэргэчихвэл яах аргагүй л гадаад худалдаа ашигтай гарах боломж байна.
Эдийн засагт гарсан өөр нэгэн эерэг өөрчлөлт нь юу вэ гэхээр гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэж байгаа явдал юм. Ноднин гадаадын шууд хөрөнгө оруулалт маань 2.4 тэрбум ам.доллараар буурсан. Энэ бол аймшигтай том тоо. Түүний горыг бид бишгүй л амслаа. Гэтэл он гарсаар гадаадын шууд хөрөнгө оруулалт 52 сая ам.доллараар өссөн мэдээтэй байна. Чамлахаар чанга атга гэж, хөрөнгө оруулалт ингэж сэргэж эхэлж байгаа нь нааштай үзүүлэлт. Одоо үүн дээр ёстой л Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаа арилчих юм бол бид 2013 онд алдсан гадаадын хөрөнгө оруулалтаа энэ онд нөхөөд олоод авах боломж харагдаад л байгаа юм.
Бас нэг эерэг зүйл ажиглагдаад байгаа нь алт. Алтаа бид авч чадахгүй байна, гадагшаа алдаад байна л гэдэг. Монголын алт Монголбанкиндаа тушаагдахгүй байна, тэгээд валютын нөөц нэмэгдэхгүй байна л гэдэг. Гэтэл оны эхнээс Монголбанк 1.3 тонн алт худалдан аваад байгаа юм байна. Тэр нь өнгөрсөн оны энэ цаг үед авч байсан хэмжээнээс 2 дахин өссөн аж. Алт гэдэг валют. Бүр дотоодоосоо бий болгодог валют. Монголын газар шорооноос гарсан алт нь Монголынхоо валютын нөөцийг нэмэгдүүлж байх “загвар” бол ямар ч хүн харсан хамгийн зөв бодлого. Юуны төлөө тэр алтыг ухаж олборлож байгаа билээ дээ. Валютын нөөцөө өсгөх, тэгснийхээ хүчинд эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх гэж л тэр. Тэр ч утгаараа улсын валютын сан хөмрөг, нөөц нь арвин байвал энэ улсад итгэх итгэл бат, эдийн засгийнх нь ерөнхий эрүүл мэнд нь сайн байх болно шүү дээ.