Б.Шүүдэрцэцэг улстөржих дургүй

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Б.Шүүдэрцэцэг улстөржих дургүй

Цөөхөн хэдхэн эмэгтэй зохиолчдын нэг Б.Шүүдэрцэцэгийг танихгүй хүн ховор. Сэтгүүлч мэргэжилтэй зохиолч бүсгүй нийгмийн олон салбарт хүч сорих боломж тохиож байжээ. Тэр дундаа улстөрд хөл тавих түмэн боломж байсан гэдэг. Харин тэрбээр зохиол бүтээлдээ бүхнээс үнэнч. Тэр тухайгаа фэйсбүүк хуудсандаа ийн өгүүлжээ.

-Дуртай ажлаа хийх нь хамгийн их аз жаргал юм гэдгийг агшин хором бүрд мэдэрч байна. Олон жилийн өмнө төрд ажиллаж үзсэн ч ганц жил надад хангалттай санагдсан. Референт болох боломж байсан ч саарал ордны ажлын өрөөнийхөө хаалгыг гаднаас нь хаагаад гарсандаа хармсдаггүй. Жил жил өнгөрөх тусам төр рүү тэмүүлэгчдийн арми өргөжсөөр байгаад хувьдаа жаахан гайхдаг.

Эмэгтэйчүүдийн улстөрийн оролцоог нэмэгдүүлэх үйлсэд сайн дураараа оролцож явахад улстөрд хөл тавих боломж мөн л нэг бус удаа гарч ирсэн. Надад хөх тэнгэрт эрх дураар хөвөн нисэх мэт чөлөөт уран бүтээлчийн амьдрал таалагддаг учраас би бичгийн ширээнийхээ ард үлдсэн. Эмэгтэй хүн засаглалд оролцох эрхээ эдлэх ёстой гэдэг нь миний үзэ санаа учраас цаашид ч би энэ үйлсэд хувь нэмрээ оруулна. Гэхдээ өөрөө л 76-ын тоонд багтчих гэсэн атгаг хүслийнхээ төлөө биш, үзэл санааныхаа төлөө дуу хоолойгоо өргөсөөр байх болно.

2012 оны сонгуулийн үе. Нэр дэвшигчдийн багт ажиллах, намуудад логотой футболка, зурагт сурталчилгаа хийж өгөх, сэтгүүл сонин гаргах, ном шахах зүсэн зүйлийн бизнес цэцэглэн хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байх үеэр би байдгаа шавхан "Ану хатан" кинонд зарцуулах зуур "Арвангуравдугаар зуун" бааз дээр кино зургийн талбай дээр зогсч байсан. Урсгалын эсрэг хөвөх зомгол байх сайхаан. Хамгийн гол нь хүссэнээрээ амьдрах л хүний дээд аз жаргал гэжээ.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж