Хаан доллар “мандтугай”

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Хаан доллар “мандтугай”

Амралтын өдрүүдэд ам.долларын ханш хар зах зээлд 1780 төгрөгт хүрэв. Жилийн хамгийн тогтвортой байх үедээ долларын ханш ийнхүү савалсан нь эдийн засагт  цаашдаа ямар хүндрэлүүд гарах вэ гэсэн түгшүүрийн сигналыг дуугаргаж эхэллээ.Дотогшлох болон гадагшлах долларын урсгалын зөрүү асар их, тийм ч учраас ханш яагаад өсөв гэдгийг хуурай оношлохоос  илүү ямар  аргаар мөнгө олж ирэх вэ гэдгээ хайх цаг болжээ.  Мэдээж, доллар өссөн шалтгаанууд нь тодорхой, экспортын орлого хумигдсан, хөрөнгө оруулагчид зугатсан, дэлхий санхүүгийн байдал тааламжгүй байгаа. Өнгөрсөн жил  хөрөнгө оруулалт 55 хувиар буурсан нь төлбөрийн тэнцэлийг их хэмцээгээр алдагдуулж, улсын төсвийг хасах баланстай гаргахад хүргэсэн. Гэхдээ одоо зөвхөн яаж мөнгө олох вэ, хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ, тэдний халаасыг “сэгсрэх” боломж юу байгаа вэ гэдэгт бүх анхаарлаа чиглүүлэх ёстой юм. Хамгийн энгийн болоод тодорхой зүйл бол валютын захыг тогтвортой байлгахын тулд валютын нийлүүлэлт хангалттай сайн байх учиртай.

Гэтэл өнөөдөр Монголд мөнгө алга. Өрсөлдөх чадвар  муу, дэд бүтэц тэг, хөрөнгө оруулалт  таг.  Эрэлт нийлүүлэлтийн шок аль хэзээний үүчихсэн, цаашдаа мөнгө орж ирэхгүй бол эдийн засаг комд ороход бэлэн байна. Ерөөсөө манай эдийн засаг амьсгалын аппараттай сэхээний тасагт хэвтэж байгаа хүнтэй адилхан болчихсон шүү дээ.

Монголбанк ам.долларын ханшийг тогтоох гэж хэрдээ л чардайж байгаа. Мэдээж, долларынхаа нөөцийг бүгдийг нь шавхчих хэцүү, гаднаас орж ирэх мөнгө байхгүй болохоор одоо яалтай.  Эдийн засгаа эрсдэлд оруулах уу, эсвэл ингээд долларын өсөлтийг сулд нь хаях уу гэдэг өнөөдрийн хувьд чухал сонголт болчихсон.  Дээрээс нь популистууд нь хөрөнгө оруулагчдаа үзэн ядаж, үлдсэн хэдээ ч амар тайван байлгахгүй болохоор доллар гээч нь хаан суудалд залрахаас өөрөөр яах билээ.  Гаднаас зээл авъя гэхээр хууль зөрчихөд хүрнэ, хуулиа зөрчөөд ч болтугай зээл авъя гэхээр “барьж” идүүлэх дөхнө. Үгүй дээ л ядаж нүүрсээ зараад ч доллар орж ирэх нь багаслаа. Тийм учраас л долларын Монголын эдийн засаг дахь “эрх мэдэл” дээшилсээр байна шүү дээ.

Өнгөрсөн зунаас эхлэн долларын ханш доошилсонгүй, бага багаар дээшилж, урин дулааны улирал эхэлж, ид бүтээн байгуулалт өрнөвөл хэд хүрч сандаргахыг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өнөөдрийн 1780 төгрөгөөс доошилно гэж хэлэхэд бэрхтэй. Тиймээс ам.долларын ханшийг бурханд даатгаад орхих биш эхлүүлсэн ажлынхаа үр дүн үзэхийн тулд хөрөнгө оруулагчдаа татах, хууль эрхзүйн орчноо таниулах сурталчилгаа нэгдүгээрт хэрэгтэй. Хуулиа баталчихлаа гээд, хууль хэрэгжүүлэх орчин, нөхцөл нь яг хэвээрээ, хэдэн “эх орончид” нь байсхийгээд жагсаал хийж, цөөхөн хэдэн хөрөнгө оруулагчдаа айлгаж ичээгээд байх аваас ам.долларын ханшийг хаан суудлаас нь ховхолж чадахгүй. Өнөөдөр Монголын эдийн засаг бүхэлдээ долларын боол болчихсон, доллар хаашаа хэлбийнэ, тийшээ нүүж байна. Долларын өсөлт нөлөөлөөгүй салбарт, түүнд хэлмэгдээгүй бараа таваар байна уу. Монголчууд хэрэглээнийхээ 88 хувийг импортоор хангадаг гэхээр тэр их гадагшилж байгаа урсгалыг нөхөх хэмжээний доллар Монголд орж ирж чадахгүй,  жаахан мөнгө олдог зэсийн ханш муу, ганц худалдан авагчтай Монгол дэд бүтэцгүйгээс болоод өрсөлдөөнөөс шахагдах тусам долларын ханш өссөөр. Нүүрс худалдан авах түншүүд нь цөөрч, гаргаж байгаа нь зөвхөн өр төлөх төдийхнөөр ажлаа хийж буй. Тэгэхээр яаж Монгол доллартай болох вэ. 

Долларыг яаж дотоодоо шингээх вэ гэдэг асуултын хариултыг олох нь маргаашийн долларын өсөлтийг хязгаарлах өнөөдрийн алхам энэ байх учиртай юм.  Монгол Улсын Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэржилтийг дэмжихээр болсон. Тэгвэл импортыг орлох бүтээгдэхүүн нь юу байх, экспортыг нэмэгдүүлэх салбар нь аль вэ гэдгээ эхлээд тодорхойлж, эхний ээлжинд аль сарыг хөгжүүлж, мөнгө олж болов вэ гэдгээ тооцон, түүндээ түлхүү хөрөнгө оруулалт хийх нь магадгүй хэзээ нэгэн цагт гадаад, дотоод хүчин зүйлсээс шалтгаалан доргих долларын ханшийг хязгаарлах бодлого нь болж чадах юм. Түүнээс аль тааралдсан салбартаа  мөнгө хийгээд явах нь бухын доодохыг харж үнэг турж үхэхтэй ялгаа юун. Нөгөөтэйгүүр “Хаан доллар мандтугай” гэж бууж өгөөд хөрөнгө оруулагчдаа хөөх  амархан.  Тэр хэрээр бид долларын боол болж Монгол ядуу хэвээрээ үлдэнэ. Гэсэн ч хамаагүй  гээд популизмаа хийгээд байх уу.  Бурхан монголчуудад ийм их баялаг заяасан байтал мөнгөгүй, долларгүй байна гэдэг бидний арчаагүйнх байх даа. 

Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж