“Олон улсын олимпийн хорооноос 2018 онд болох өвлийн XXIII олимпийн наадмыг зохион байгуулах эрхийг Пёнчан хотод олгосныг нэр төртэйгээр зарлаж байна”. Ийм мэдэгдлийг ОУОХ-ны ерөнхийлөгч асан Жак Рогге 2011 оны долдугаар сарын 6-нд хийж, дэлхий нийтийн 2018 оны цагаан олимпийн нийслэлээр аль хот сонгогдсон болохыг зарлаж байлаа.
2010, 2014 оны олимпийн эрхийн төлөө өрсөлдөөд, тухай бүртээ Ванкувер, Сочид ялагдсан БНСУ-ын Пёнчан хот ийнхүү гурав дахь оролдлогоороо зорилгоо биелүүлсэн нь энэ. Төдий л олон хүнд танил бус энэ хотыг олж мэдэхийн тулд зарим нэг нь Wikipedia-гаас хайж, зарим нэг нь газрын зураг барьж суугаа гэхэд хилсдэхгүй.
БНСУ-ын нийслэл Сөүл хотоос зүүн өмнөд зүгт 182 км зайд орших Ганвон мужийн Пёнчан хот нь далайн төвшнөөс дээш 700 метрийн өндөрлөгт оршдог. Өмнөд Солонгосын хамгийн уулархаг бүс нутаг учраас “Солонгосын Альп” ч гэж нэрлэдэг. Ердөө 43 мянган хүн амтай энэ жижиг хотод аялал жуулчлал боломжийн хэмжээнд хөгжсөн, энэ салбараас гол санхүүгээ бүрдүүлэх бөгөөд хүйтний улиралд өвлийн спортын баазууд зочдын хөл ихтэй байдаг аж. Өвлийн олимп зохион байгуулах хоёрдугаар сард агаарын температур дунджаар -6,6 хэм байдаг Пёнчан хотын байгаль, уур амьсгал нь яг л Альпийн нуруунд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдийг гадны зочид, жуулчид онцолдог гэнэ.
Сочийн олимп түүхэнд олон сонин содон зүйлээрээ тэмдэглэгдэн үлдсэний нэг нь хамгийн дулаан газарт зохион байгуулсан цагаан олимп. Гадаа +15 хэмийн дулаанд цас, мөсөө хайлуулахгүй байх гэж оросууд чамгүй зүтгэл гаргасан нь лавтай. Хайлмагтсан цасан замд уралдах, гулгахад бэрхшээлтэй байгаа тухай тамирчид зовлон тоочиж байсан учраас дараа дараагийн олимпийн эздэд энэ нь сургамж болж байна. Харин Пёнчаны хувьд хоёр зүйлийг итгэл төгс амлав. Нэгдүгээрт, цаг агаар хүйтэн байна, хоёрдугаарт, цастай холбоотой ямар ч гомдол гарахгүй гэж…
Түүнчлэн Сочигоос ялгарах, басхүү давуу тал гэж тодорхойлсон нэг зүйл нь бүтээн байгуулалтын ажил. Пёнчаныг Сочитой харьцуулбал, дэд бүтэц сайн хөгжсөн, цанын томоохон хэмжээний зургаан баазтай. Тэдгээрийн гурав нь улсдаа шилдэгт тооцогддог гэнэ. Тэмцээн, уралдаан зохион байгуулах зориулалттай, ОУОХ-ны шаардлагад нийцсэн 13 талбай байх ёстойгоос долоо нь хэдийнэ Пёнчанд бий. Тэдгээр талбайд гүйлтийн цана, цанын харайлт, биатлоны тэмцээн болох аж.
Өмнөд Солонгосын Засгийн газраас Пёнчан хотыг 2018 он гэхэд дэлхийн тэргүүн зэрэглэлийн өвлийн спортын түшиц газар болгох зорилт тавьжээ. Нийслэл Сөүлээс Пёнчан хүртэл машинаар гурван цаг давхиж байж хүрдэг. Гэхдээ хурдан галт тэрэг сүнгэнэх төмөр замыг 2017 онд нээснээр Пёнчан хүртэлх 182 км замыг ердөө 50 минутад туулдаг болох гэнэ. Засгийн газраас өнгөрсөн сард Пёнчан хот болон Ганвон мужийг хөгжүүлэх цогц төлөвлөгөө боловсруулан баталсан бөгөөд энэ хүрээнд 3,3 их наяд вон буюу 3,1 тэрбум ам.доллар зарцуулж, 2032 он гэхэд Пёнчан хотыг өвлийн спорт сонирхогчдын цуглах хамгийн том төв болгохоор төлөвлөжээ. Мэдээж дээр дурдсан хэмжээний хөрөнгө оруулалтын дийлэнхийг 2018 онд болох өвлийн олимпод зориулна. Одоогоор нарийн нандин төлөвлөгөөгөө дэлхий нийтэд дэлгээгүй байгаа ч “Өмнөд Солонгос бол дэлхийн хамгийн аюулгүй хотуудын нэг. Тиймээс олимпийн наадам ч аюулгүй байх болно” гэж тэд амлаж байна. Зохион байгуулалтын өндөр төвшинд өвлийн наадмыг хүлээн авснаар олимпийн түүхэнд нэрээ тодоор дуудуулах болно гэж тэд мэдэгдэж байна. Цаг явж эхэлсэн шүү, Пёнчан!