Банкууд бага хүүгээр уралдах уу?

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Банкууд бага хүүгээр уралдах уу?

Банкууд бага хүүтэй зээл, өндөр хүүтэй хадгаламжийн төлөө уралддаг болно гэвэл та итгэх үү. Энэ үг яг л үлгэр шиг сонсогдож байна уу. Уг нь бол хэн бага хүүтэй зээл олгож, хэн хадгаламжийн өндөр хүү амласан нь харилцагчаа татдаг байх учиртай. Учиртай ч юү байхав, банк санхүүгийн байгууллагын гол зарчим тийм аж. Харин манайд бол харилцагчдад ээлтэй, уян хатан системийг хараахан бүрдүүлж чадаагүй байна. Зах зээлд шилжсэнээс хойш  эрчимтэй хөгжсөн цөөн салбарын нэг банк санхүү гэх боловч харилцагч, хэрэглэгчдийн сэтгэл ханамж сайнгүй хэвээр байна. Яахав нэг үеийг бодвол хүн бүр хадгаламж нээх, зээл авах нь эрх нь нээлттэй байгаа. Гэхдээ маш өндөр босго давж байж багагүй хүүтэй зээл авна, зээлтэй дүйцэхүйц хэмжээний хүүгээр мөнгөө хадгалуулна.

 Ямар нэгэн банк санхүүгийн байгууллагатай харилцдаггүй хүнийг өнөөдөр хайгаад ч олохгүй. Үгүйдээ л цалин, тэтгэврээ банкаар дамжуулан авч байгаа. Цаашлаад тоолбол цалин, хэрэглээний зээл авсан нь 10 дотор лав тав бий. Нэг байтугай банкинд нэг хэсэг данстай, төрөл бүрийн зээлтэй туршлага бүхий давхарга ч бий. Тэдний хувьд ч,  анхлан харилцагчдын тухайд  ч банкнаас зээл авна гэдэг шандас шаардсан хүндхэн даваа. Банкуудын зээлийн босго өндөр байхын дээр эдийн засагчдын гар хатуу. Шаардлагыг нь хангасан хэдий ч зээлд хамрагдаж чадахгүй шантарч суугаа олон үүнийг батална даа.  Өнөөдөр манай улсад арилжааны 14 банк байдаг гэх ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хэрэглэгч, харилцагчдад төрөл бүрийн зээл санал болгодог 4-5-аас хэтрэхгүй.  Тэдний зээлийн  урьдчилгаа, шаардах бичиг баримт нь төдий л ялгарахгүйн дээр барьцаа хөрөнгийг маш багаар үнэлж, хэт өндөр босго тогтоосон байдаг.

 Үүнийг хэрхэн засах вэ, засч залруулахад таны, миний оролцоо байна уу гэж та асуух гэж байна уу. Тийм ээ, таны оролцоо чухал юм байна. Арилжааны банкуудыг Монголбанк хариуцдаг гэж бид ойлгодог ч  банкуудын дотоод асуудалд оролцож, хадгаламж зээлийн хүүг өсгөж, бууруулах  эрхгүй ажээ. Тодруулбал, хадгаламж болоод зээлийн хүү, зээл олгосны болон бусад шимтгэл, хураамж,тухайн зээлтэй холбоотой зээлдүүлэгчээс шаардаж буй аливаа нэмэлт үйлчилгээний зардал зэргийг албадан тогтоох, бууруулах эрх Монголбанкинд үгүй. Тиймээс төв банк “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг боловсруулан баталжээ. Энэ журмыг мөрдсөнөөр банкууд хадгаламж болоод зээлийн талаарх бодит мэдээллийг иргэдэд өгөх үүрэг хүлээнэ. Харин одоо бол зөвхөн зарласан хүүгээ л хэлдэг ажээ. Гэтэл хадгаламжинд  ямар нөхцөлөөр мөнгөө хадгалуулснаас шалтгаалан  сарын хүү нь багагүй хэмжээгээр ялгаатай гэдгийг та мэдэх үү.  Хугацаатай хадгаламжийн хүү өндөр, хугацаагүй бол бага байдаг гэдгээс илүүг бид бараг мэддэггүй. Гэтэл хугацаагүй хадгалуулсан байлаа ч хүү тооцох давтамжаас шалтгаалаад харилцагчид очих хүүгийн хэмжээ өөр өөр байдаг ажээ. Шинээр боловсруулсан журам үйлчилж эхэлснээр банкууд зөвхөн зарласан хүүг бус бодит үйлчилж буй хүүний талаар иргэдэд мэдээлэх үүрэг хүлээх ажээ.

Зээлийн хувьд ч ялгаагүй. Хамгийн түгээмэл жишээ дурдъя л даа. Жилийн найман хувийн хүүтэй зээлд хамрагдахын тулд зээл олгосны шимтгэл, өргөдлийн хураамж, зээлийн эрсдлийн шимтгэл гэхчилэн тооцвол овоо хэмжээний мөнгийг нэг удаа төлж байж зээлээ авдаг. Өнөөдөр банкуудад үйлчилж буй шимтгэл хураамжийн нийтлэг хувь хэмжээг доор дурдсанаар тооцож үзэхэд найман хувийн хүүтэй зээл 8,2-8,4 хувьтай тэнцдэг байх жишээтэй.

  • Зээлийн өргөдлийн хураамж:        10.00₮,
  • Зээлийн үйл ажиллагааны шимтгэл:     Зээлийн дүнгээс-1% 
  • Зээлийн эрсдэлийн шимтгэл:        Зээлийн дүнгээс-0.5%
  • Барьцаа хөрөнгийн даатгалын шимтгэл:    Барьцаа хөрөнгийн үнэлгээнээс-0.3%

Үүнийг зээлдэгчийн бодит өртөг гэж нэрлэдэг байна. Энэхүү бодит өртгийг банкныхан огт дурддаггүй. Зээл олгох шийдвэр гарсны дараа л та эдгээр мөнгийг тушаагаад ир гэдэг. Нэгэнт зээл бүтчихсэн хойно зээлдэгч дуугүй л төлөхөөс аргагүйд хүрдэг. Ийм тулгасан, шахаанд оруулсан байдлаар зээл олгохыг болиулах гарц нь “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам” гэж Монголбанкныхан харж байна. Зээл авахыг хүссэн хэн боловч аль банкинд очоод зээлийн бодит өртгийг тооцуулж авах брэн эрхтэй гэнэ. Хэд хэдэн банкаар бодит өртгөө тооцуулж аваад сонголтоо хийх эрх танд ч, надад ч бий. Гэтэл өнөөдөр “Зээл олгож л байвал шимтгэл ч яамай” гэсэн зарчим л үйлчилж байна. Шимтгэлийн хэмжээ их бага байх нь хэнд ч хамаагүй мэт байгаагаас банкууд зээл олгосны шимтгэлээр багагүй хөрөнгө хуримтлуулдаг. Хэрэвзээ хүн бүр шимтгэл хураамжийг нь сонирхож, түүнийгээ бууруулахыг шаарддаг бол банкууд аяндаа “Манай зээлийн хүү хамгийн бага, бид танд шимтгэл хураамжийг хамгийн багаар авч  зээл олгоё” хэмээн рекламдахад хүрэх ажээ.

Хадгаламжийн хувьд ч зарласан хүүнээс гадна бодит хүүг хэдэн хувиар өсгөх вэ гэж уралдах жишээтэй. Энэ бүхний эцэст хожил харилцагчийн талд ирэх билээ.

Өнөөдөр манай улсын зээлийн хүү өндөр, урт хугацаат зээлийн хувьд зээлдэгч авсан зээлээ хоёр дахин нугалж төлөхөөр график гардаг. Эхний саруудад төлж буй мөнгөний ихэнх нь хүүний төлбөрт шилждэг бөгөөд үндсэн зээлээс тун бага хасагддагийг зээл авсан хүн бүр мэднэ. Банк бүр ийм л графикийн дагуу зээл төлүүлдэг. Гэвч энэхүү графикийг харилцагчтайгаа зөвлөж хийх учиртай ажээ. Сард төлсөн мөнгөний 50 хувь нь хүүнд, үлдсэн тал хувь нь үндсэн зээлээ төлөх хэлбэрээр ч гэрээ байгуулах эрх нь нээлттэй  байдаг юм байна. Энэ тухай нэгэн найздаа дуулагахд “Яг л тэгж харагдаарай. Хэрвээ тийм график гаргая гэвэл банкныхан өмнөөс салаавч өгөх биз” хэмээн хариулж байлаа. Хүн бүр ингэж сэтгэдэгээс банкныхан өнөөг хүртэл давуу эрх эдэлсэн хэвээр байна. Харин эсрэгээр нь хүн бүр харилцагчийн эрхээ эдлээд зээлийн бодит хүүг тооцуулаад, графикийг амьдралд ойрхон тогтоогоод, хадгаламжийн хүүгээ өөрт ашигтайгаар тооцуулдаг болчихвол гарчганд тавьсан өгүүлбэр амьдрал дээр биелэх билээ.


Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж