Малчид зээлд хамрагдана

Хуучирсан мэдээ: 2014.02.25-нд нийтлэгдсэн

Малчид зээлд хамрагдана

-Малчид ХАА-н биржээр дамжуулж, орон сууцны зээл авах боломжтой-

Жирийн малчин өрхийг үл хөдлөх хөрөнгөтэй болоход нь төр засгаас анхаарахаа амлалаа. Жилийн дөрвөн улирлын туршид цаг агаарын нөхцөл байдалтай зохицон нүүдэллэн амьдардаг малчин өрхийн хувьд орон сууцтай болох нь тун бэрх байв. Үе удмаараа өвлөж ирсэн гайгүй олон малтай малчин өрх л хотод байр, орон сууц авч үр хүүхдэдээ өгдгийг бид мэднэ. Тэгвэл одоо жирийн малчин өрх орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдан үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж бүрдэх нь. Энэ хүрээнд хөдөө орон нутагт дэд бүтцийг шийдэж, энэ онд 16 сумын төвийг шинэчлэх Засгийн газрын тогтоол гарсан. “Шинэ сум” төслийн хүрээнд одоогийн байдлаар Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг, Дорноговь аймгийн Сайншанд гээд гурван суманд бүтээн байгуулалт өрнөж, нэг суманд зургаан обьект барьж эхэлжээ. Сумыг шинэчлэх цаад зорилго нь хотын нягтаршлыг задлах, хөдөө орон нутгийг хөгжүүлж, иргэдийн амжиргааг дээшлүүлэх юм. Энэ шинэ сумыг тойроод эхний ээлжинд хаус хороолол баригдаж, дээр хэлсэнчлэн жирийн малчин өрх үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж бүрдэнэ. Малчны хүүхэд дулаан байранд өсч, сургуульдаа гэрээсээ явдаг болно.

Малчид хэрхэн байртай болох вэ?

Тогтмол орлогогүй малчин өрхийг үл хөдлөх хөрөнгөтэй болгох бүтээн байгуулалт, бодлого зохицуулалтын асуудалд Барилга, хот байгуулалтын яам, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголбанк хүч хавсран оролцож, төр хувийн хэвшлийн оролцоог хангах юм. Хөдөө орон нутагт хаус хороолол, орон сууцны барилга барьсан ч худалдан авах чадвар муу учраас жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлтэй уяхаар боллоо. Малчин зээлээ өмнө нь биш дараа нь төлөх тийм л тогтолцоо. Ипотекийн орон сууцны зээлд малчдыг хамруулах журмыг одоогоор Засгийн газар батлаагүй, яриа хэлэлцээний шатанд байгаа.

Ямартай ч эхний ээлжинд малчны орлогыг тодорхой болгох шаардлагатай. Гэтэл орон сууцны зээлийн жишиг бол 30 хувийн урьдчилгаа төлбөр төлөхөөс гадна сар бүр зээлээ төлөх боломж  малчдад бий юү гэсэн асуулт. Энэ талаар  Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа хэлэхдээ  “Малчдын орлого тогтворгүй учраас ипотекийн зээлд хамрагдаад зээлээ төлөхдөө хадгаламжаасаа эсвэл, жилдээ хоёр удаа төлж байх хувилбарыг ярилцаж байна” гэсэн юм. Тиймээс сар бүр зээлийн төлбөрөө төлөх бус, жилдээ хоёр удаа бөөгнүүлээд төлөх нь.

Малчид үл хөдлөх хөрөнгөтэй болох үйл явцыг тайлбарлахыг хичээе. Малчин түүхий эдээ сумандаа байх Хөдөө аж ахуйн дундын хоршоонд өгч тордож, савлуулна. Түүний дараа хөдөө орон нутагт байрлах брокерийн компанид түүхий эдээ тушаах замаар Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцоно. Ингээд биржийн арилжаанд орж, түүхий эдээ зарсан төлбөрийг банкаар дамжуулан авна. Түүнээсээ хуримтлал үүсгэж болно, эсвэл малчин өрх өөрийн хөрөнгөдөө нэмэрлэн байр, орон сууц авах юм. Малчны орлого ийнхүү Хөдөө аж ахуйн биржээр арилжсан түүхий эдээр тодорхой болох  ажээ. Ингэснээр тухайн малчин ямар үнэтэй байрыг хэдэн жилийн хугацаанд зээлээр авч, төлбөрөө төлж байх вэ гэдгийг тодорхойлох үндэс болох юм. Түүнчлэн орон сууцны зээлд хамрагдах малчин нийгмийн даатгалын шимтгэл төлж байх хэрэгтэй гэдгийг сануулъя. Үүнээс харахад, малчин өрх Хөдөө аж ахуйн биржийн арилжаанд оролцох, НД-ын шимтгэл төлж, хуримтлал үүсгэсэн байх хэрэгтэй болох нь. Энэ бол орон сууцны зах зээлд малчныг орон сууцжуулах анхны том алхам учраас эхний ээлжинд малчин бүр хамрагдах боломжгүй нь тодорхой. Цаашдаа олон жил үргэлжлэх учраас боломжтой хүмүүс байраа авч л байна, түүний дараа хуримтлалаа үүсгээд бэлтгэлээ хангаж байсан малчид үргэлжлүүлээд зээлээ авч, хаус хороолол, орон сууцтай болно.

Орон сууцны нэг м/кв-ын үнэ нэг сая төгрөгөөс хэтрэхгүй

Хөдөө орон нутагт хаус хороолол, орон сууцны байр барьж, худалдахад нэг м/кв-ын үнийг хотынхоос харьцангуй доогуур тогтооно гэсэн. Хөдөө орон нутагт эхний ээлжинд барих хаус хорооллын нэг м/кв-ын үнэ 700-730 мянган төгрөг болох тухай албаныхан хэлсэн юм. Малчин байр, хаусаа нийслэлээс авах уу, хөдөөнөөс авах уу гэдэг нь тухайн малчны сонголт. Хөдөө бол мэдээж үнэ хямд байх шаардлагатай.

Энэ онд 16 сумын төвийг шинэчилж, хаус хороолол барих бөгөөд 80 тэрбум төгрөгийн санхүүжилтээр инженерийн байгууламж, дэд бүтцийн ажил хийх ажээ. Ирэх 2016 он гэхэд 100 сумын төвийг шинэчилж, дэд бүтэц, шугам сүлжээг улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар шийдэж өгөх ажээ. Үүнээс 50 хувийг нь концессийн гэрээгээр хийх юм байна. Үнийн хувьд, Канад модон барилгын технологиор нэг хаусыг 45-60 сая төгрөгийн өртгөөр барих талаар Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгальмаа хэлсэн. Орон сууцны тухайд, аймаг бүрт 1000 айлын орон сууц барих чиглэлтэй бөгөөд энэ хүрээнд 2014 онд аймаг бүр ерөнхий төлөвлөгөө гаргаж, батлуулах ёстой гэсэн. Улсаас дэд бүтэц болох зам талбай, халаалт дулааны асуудлыг шийдэх болохоор нэг м/кв-ын үнэ нэг саяас хэтрэхгүй юм байна. Цаашдаа барилгын материал үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлбэл гаднаас материал импортолж, тээвэрлэх шаардлагагүй болж, үнийг буулгах боломжтой гэж албаныхан үзэж буй юм.

Сумдад бүтээн байгуулалт өрнөх сургаар газрын үнэ өсөх магадлалтай гэсэн таамаглал бий. Тиймээс Засгийн газраас газар олголтыг хязгаартай, хариуцлагатай олгохыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.  Ямартай ч хөдөө орон нутгийг барилгажуулах, малчдаа орон сууцтай болгох их сорилтын өмнө ирээд байна.

У.БОЛОР

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №050

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж