Дэлхийн хэмжээнд Ф.Шопений нэрэмжит уралдаан Европ, АНУ, БНХАУ, Японд болдог байна. Харин Төв Азид байдаггүй бөгөөд монголчууд ийм уралдаан явуулж, гадаад орнууд, тэр дундаа хөрш улсууд, ОХУ-ын Сибирь орчмын хөгжимчдийг өргөнөөр оролцуулж байхыг олон жилийн өмнөөс зорьсон. Өдгөөгөөс таван жилийн өмнө уг асуудлыг польшийн Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн академид тавьж байж уралдаан зохион байгуулах эрх олж авснаар анхны олон улсын уралдааныг 2011 онд зохион байгуулсан түүхтэй. Энэхүү хоёрдугаар уралдаанд нийт 30 өрсөлдөгч насны хоёр ангилалд ур чадвараа сорихоор гараандаа гарлаа. Энэ удаа Монголын төгөлдөр хуурчдаас гадна БНХАУ, БНСУ, ОХУ-ын төгөлдөр хуурч хүүхэд залуус оролцож байгаа юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд Польшийн нэрт төгөлдөр хуурч Эва Поблоцка, ОХУ-ын Иркутск хотын Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн коллежийн захирал А.С.Дурбажева, БНХАУ-ын Шанхайн Хөгжмийн дээд сургуулийн захирал Зи Танг, ХБК-ийн төгөлдөр хуурын багш, Монгол Улсын гавьяат багш Ч.Тунгалаг, СУИС, ХБК-ийн төгөлдөр хуурын багш, СТА Ц.Энхтөр нар ажиллаж байна.
Монголчууд соёлт хүн төрөлхтний хэсэг болохын чухал шалгуур үзүүлэлтийн нэг болох Ф.Шопений нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдааныг Монголдоо зохион байгуулдаг болох санаачилгыг бизнес эрхлэгч, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав гаргаж, төслөө ХБК-той хамтран хэрэгжүүлэх болсон түүхтэй. Санаа сэдэл эрт төрсөн ч монголчууд Ф.Шопений зохиол бүтээлийг хэрхэн тоглож байна, яаж зааж сургаж байна гэдгийг судлах, тандах хүрээнд 2005 онд уралдааныг “Урбанек” компани, ХБК хамтран зохион байгуулсан нь амжилттай болсон. Үүнээс зургаан жилийн хойно 2011 онд суут хөгжмийн зохиолчийн мэндэлсний 200 жилийн ойг дэлхий нийт тэмдэглэх хүрээнд олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан болгож зохион байгуулсан y, олон улсын анхны уралдаан байв.
Эдүгээ уралдаанд хэн хэн ур чадвараа сорьж, өрсөлдөж байна вэ гэдэг сонирхол татна. Өсвөрийн, залуу нийт 30 төгөлдөр хуурч 17 хүртэлх насныхан буюу “B” , 17-гоос дээш насныхан буюу “А” ангилалд өрсөлдөх юм. ХБК, СУИС-д суралцагсдын зэрэгцээ гадаад орнуудад суралцаж буй монгол төгөлдөр хуурч залуус ирж оролцож буйгаар онцлог. Тухайлбал анхны уралдааны Гран при шагналт, Итали улсын Триест хотын Хөгжмийн дээд сургуулийг мэргэжлээрээ төгсөөд, тус улсын Удин хотын Хөгжмийн дээд сургуульд магистрын ангид суралцаж байгаа Б.Бат-Эрдэнэ ирж энэхүү хоёрдугаар уралдааныг нээж тоглосон юм. Тэрбээр түрүүнд нь Гран при авсан тул энэ удаа тоглохгүй. Мөн Итали улсад суралцаад эдүгээ эх орондоо ирээд буй Б.Номингуа, АНУ-д суралцдаг С.Номин нар суут Ф.Шопений бүтээлийг хэрхэн уран чадварлаг тоглохоо харуулахаар бэлтгэл сургуулилалтаа базаажээ.
Гадаадаас уралдаанд “тоосоо өргөх” гэж байгаа оролцогчдыг нэрлэе. БНХАУ-аас ирж ХБК-д суралцаж буй Хао Инже, Зү Ванг, БНСУ-ын Сүхи Юүнь болон ОХУ-ын оролцогч Н.Черкасов нар юм.
“Ф.Шопен ба XXI зууны Монгол” уралдаан хэд хэдэн зүйлээр онцлог. Түрүүчийн уралдаанаас дөрөв, эсвэл таван жилийн хойно биш, харин гурван жилийн дараа зохион байгуулж буй нь бодлоготой. Дараа жил Польш улсад дэлхийн төгөлдөр хуурчдын олимп ч гэж нэрлэдэг Ф.Шопений нэрэмжит олон улсын хамгийн том, 1927 оноос хойш зохион байгуулж буй, таван жил тутамд болдог уралдаан болно. Түүнд хөгжимчин залуус бэлтгээсэй, оролцоосой, бэлэн байгаасай гэсэн үүднээс ийнхүү наана нь жилийн өмнө явуулж буй. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнийг мэргэжлийн, олон улсын түвшний байлгах гэж Польшийн нэрт төгөлдөр хуурч, сурган хүмүүжүүлэгч Эва Поблоцкаг чухалчилж урьсан. Мөн хоёр хөрш орноосоо улсдаа төдийгүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэг, нэг төгөлдөр хуурч урьсан байна.
Бас нэгэн онцлох зүйл бий. Аль ч ангилалд өрсөлдөх төгөлдөр хуурчдын заавал тоглох бүтээлийн тоонд хөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнцийн зохиол бий. “А” буюу 17-гоос дээш насныхан уралдааны хоёрдугаар шатанд түүний төгөлдөр хуурт зориулсан зургаан хувилбар аяз тоглох бол “В” ангилалд өрсөлдөгчид төгөлдөр хуурт зориулсан фуга-г нь тоглох учиртай. Энэ уралдаанд заавал монгол хөгжмийн зохиолчийн бүтээл тоглуулдаг болгоё, тэгж Монголынхоо хөгжмийн зохиолчдыг, бүтээл туурвилыг нь олон улсад сурталчилдаг болъё гэсэн санаачилгыг “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав гаргасан аж. Энэ зорилгоор хөгжмийн зохиолчдын дунд уралдаан зарлаж тэргүүн бүтээлийн эзэнд олгох урамшууллыг өөрөө даасан. Бизнесмэн Б.Лхагважав монголчуудынхаа оюун санааны хөгжилд хэр хувь нэмэр оруулсаар ирснийг олон жишээнээс харж болно. Уралдааны асуудлаар Польшийн талтай харилцах, хамтарч ажиллах, дэмжлэг авах, анхны уралдаанд амжилттай оролцсон Ичин охинд Польшийн Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн академид суралцах боломж олгосон, өдгөө ч БНХАУ-д суугаа Польшийн ЭСЯ, Элчин сайд Таеуш Хомецкитой хамтарч ажиллах тухайд ноён Б.Лхагважав санаачилгатай, идэвхтэй ажиллаж байгаад уралдааныг зохион байгуулагчид талархаж буй юм.
Уралдааны нээлтийн ёслолыг уг уралдааныг зохион байгуулах үндэсний хорооны дэд дарга, ХБК-ийн захирал Г.Эрдэнэбат нээж үг хэлэхдээ зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг танилцуулсан юм. Мөн шаардагдах хөрөнгийг харамгүй шийдэж өгсөн ССАЖЯ, түүний харьяаны соёл урлаг хөгжүүлэх сан болон уралдааны гран при шагналын эзэн болох төгөлдөр хуурчид Польш улсын Ф.Шопений нэрэмжит Хөгжмийн академид суралцах эрх олгох шийдвэр гаргасан БШУ-ы сайд Л.Гантөмөрт уралдаанд оролцогч хөгжимчин хүүхэд, залуус, багш нар зохион байгуулагчдын өмнөөс гүнээ талархаж буйгаа хэлсэн.
Ф.Шопений нэрэмжит уралдааны энэ удаагийнх дуулиантай, өөрөөр хэлбэл урьд өмнө Монголд хэзээ ч байгаагүй Steinway & songs төгөлдөр хууртай, тэр хэрээр өнгөтэй, эрчимтэй эхэллээ. Гэхдээ монголчууд өнөөдөр л Ф.Шопентой танилцаж байгаа юм биш. Үе үеийн төгөлдөр хуурчид түүний зохиол бүтээлээс тоглож ирсэн. Тэдний зарим нь өнөөдөр уралдааны шүүгч болоод байна. Уралдаанд үүх түүх, туршлага, алдаа оноо, хамтын ажиллагаа бий. Энэ бүхний дунд өөрийн хувь нэмрийг оруулж явсан олон уран бүтээлч, хөгжмийн мэргэжилтэн байдаг. Тэдний нэг бол ДБЭТ-ын захирал асан хатагтай Б.Сэргэлэн юм. Өдгөө урлаг зуучлалын “Тод арт” агентлагийн захирлаар ажиллаж буй түүнтэй энэхүү уралдааны талаар товч ярилцсан юм.
-Энэ удаагийн уралдаан гоё болох шинжтэй байна. Танд мэдрэгдэж байна уу?
-Мэдрэгдэж байна. Хэдийгээр айлаас буюу Улсын филармониос зээлээр авсан ч гэлээ будаг нь ханхалсан Steinway & songs төгөлдөр хуураар оролцогчид тоглох нь байна. Тийм болохоор дэлхийн түвшний, стандарт тоглолт гарах нөхцөл бололцоо бүрдсэн гэж ойлгож байна. Шүүгчдийн бүрэлдэхүүн хүчтэй байна. Тийм болохоор уралдаан гоё болох байх аа.
-Ф.Шопений нэрэмжит улсын уралдаан 2005 онд болоход та ДБЭТ-ын захирлаар ажиллаж байсан. Тэр үед театрын, таны оролцоо их байсан юм билээ. Энэ тухай өнөөдөр эргэн санавал сонин байх болов уу. Түүх хуучилна уу?
-Тийм ээ, тэр үеийг би сайн санаж байна. Ийм хариуцлагатай уралдааны зохион байгуулалтад гар бие оролцож явахдаа санаачлагчдын алсын бодлого, зорилго, мөрөөдлийг мэдэрч байсан. Төв Азийн нэр хүндтэй уралдаан болгохын төлөө ажиллаж байжээ гэж өнөөдөр харж байна. Шопен монголчуудад олон жилийн өмнөөс танил. Дуурийн театр “Шопениана” балеттай, өнөө хүртэл урын сангийн дээж бүтээлийн тоонд ордог. Үүнийг 1993 онд, Москвагийн Балетийн академийг төгсөөд, дараа нь Санкт-Петрбургийн Хөгжмийн академийн балетмейстерээр төгссөн Р.Туяацэцэг тайзнаа хөрвүүлэн тавьсан түүхтэй. 2005 оны Ф.Шопений нэрэмжит улсын уралдааны дараа манай театрын дуурийн концертмейстер С.Маралгуа лааны гэрэлд Шопений бүтээлүүдээс тоглосон юм. Энэ тоглолтыг бид бас бүх талаар дэмжиж хамтарч ажиллаж байлаа. Хөгжмийн зохиолч романтик, дурлалын түүх, амьдралын өнгийг харуулсан зохиол бүтээлтэйг харуулах гэхдээ төгөлдөр хуурч ингэж зохиомжилж байсан нь тухайн үедээ их таалагдаж байсан.
Мөн ДБЭТ-ын балетийн концертмейстер, төгөлдөр хуурч Т.Гэрэлцэцэг дипломын ажлаа “Шопениана” балетаар хийж байлаа. Симфони найрал хөгжимтэй тоглодог уг балетийг зөвхөн төгөлдөр хууртай тоглуулсан. Нэг талаар эрсдэлтэй байсан ч амжилттай болсон л доо.
2007 онд юм, УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Батбаяр эрх мэдлийнхээ хүрээнд мөнгө шийдүүлж өгснөөр ДБЭТ хоёр, Улсын филармони нэг “Ямаха” төгөлдөр хууртай болсон юм. Үүний мялаалга болгож тухайн үед Польшоос ирсэн байсан залуухан 16 настай төгөлдөр хуурч бүсгүйгээр Ф.Шопений бүтээлүүдийг тоглуулж байлаа.
Дараагийн арга хэмжээ буюу олон улсын уралдааныг 2011 онд зохион байгуулах үед манай улсад Польшийн ЭСЯ байхаа больсон байлаа. Гэсэн хэдий ч Бээжин дэх ЭСЯ-аас энэ уралдаанд маш их анхаарч ажиллаж байсан. Соёлын аташе нь өөрийн биеэр хүрэлцэн ирж бүхий л арга хэмжээнд нь оролцож байсан. Би тухайн үед уралдаанд хувийн зүгээс ач холбогдол өгч соль түлхүүртэй даашинзаар гангарч байлаа. Ингээд яриад байвал дурсамж, түүх бий. Мэдээж Монголын үе үеийн төгөлдөр хуурчид Шопений зохиол бүтээлтэй олон түмнээ танилцуулж ирсэн ч инженер, жирийн бизнесмэн Б.Лхагважав дэлхийд өөрийн гэсэн байр суурьтай Шопений хөгжим сонсох, түүнд хандах хандлага бий болгох соёлыг Монголд түгээж байгаа хүн юм уу гэж бодогддог.
-Уран бүтээлч хувь хүний хувьд та Шопен хэмээх хөгжмийн зохиолчийг чухам хэн гэж ойлгодог вэ?
-Шопен бол хүн төрөлхтний бахархал, үлгэр дуурайл болсон хүн. Тэр авьяаслаг, бие хаа, царай зүс тэгш, гайхамшигтай төгөлдөр хуурч, багш хүн. Үүний зэрэгцээ ядуу, өвчтэй байсан. Тиймдээ ч маш богино 39-хөн насалсан. Харь нутагт хүнд амьдрал туулж байхдаа тэр хөгжмөө, ноотоо зэвсэг болгож үндэсний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байсан польш түмнийхээ зоригийг хурцалж өгдөг байсан хувьсгалч. Ийм олон, нэг хүнд байж боломгүй шинж, чанартайг нь аваад үзсэн ч Шопеныг хүн төрөлхтний оюун санааны луужин гэж үзэж болох байх. Ийм сайхан уран бүтээлчийн мөнхийн бүтээлүүдийг Монголын маань хөгжимчин хүүхэд, залуус тоглож, үе тэнгийнхэндээ төдийгүй нийт үзэгч, сонсогчдод баяр баясгалан бэлэглэж байгаа нь гайхалтай. Шопенийг тоглоно, сонсоно, мэднэ гэдэг том соёл.