Дөрөвдүгээр сарын 1-нд тендэр дууссан байх ёстой гэв

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 1-нд тендэр дууссан байх ёстой гэв

Долоо хоног бүрийн даваа гаригт зарлагддаг Бүтээн байгуулалтын цаг уулзалт өнөөдөр болж Худалдан авах үйл ажиллагааны газрын дарга н.Энхжаргал оролцож “Шилэн тендэр” сэдвийн дор сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Засгийн газраас төрийн худалдан авах бүхий л үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй, хардлага сэрдлэггүй зохион байгуулах ёстой гэх чиг үүргийг Шадар сайдад үүрэг болгосон юм. Энэ дагуу Худалдан авах үйл ажиллагааны газар нь 2014 оноос эхлэн тендэрийг цахимаар авахаар болж бэлтгэл ажлуудыг хангажээ.

Энэ оны хувьд тус газар нь нийтдээ 141 төсөл арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсний дотор одоогоор 62 төсөл дээр үнэлгээ хийгдэж байгаа бол 40 гаруйд нь тендэр зарлагджээ. Гэхдээ тендэрийн саналыг цахимаар авч эхэлсэнтэй холбоотойгоор анхаарах асуудлууд гарч буйг Худалдан авах ажиллагааны газрын дарга онцоллоо. Тухайлбал, тендэрт ирүүлсэн материалуудыг задлахаас 2 хон минутын өмнө аж ахуйн нэгжүүд холбогдох материалаа ирүүлдэг өмнөх дутагдал одоо ч давтагдаж байгааг санууллаа. Ялангуяа орон нутгийн аж ахуйн нэгжүүд тендэрт оролцохдоо интернэтийн хурдаа сайтар тооцоолохоос эхлүүлээд материалаа явуулчихаад дахин шалгах, тодруулах зүйл гарвал тэр дагуу хандах ёстой юм байна.

Түүнчлэн Засгийн газраас барьж байгаа бодлогоор ирэх дөрөвдүгээр сарын 1-н гэхэд бүх л тендэрийн ялагч тодорч ажил эхэлсэн байх ёстой гэх шаардлагыг тавьж буй аж. Дээрх цаг хугацаанд багтаж тендэрийн ажил цэгцрэхгүй бол зусан тендэр зарласаар цаг алддаг. Эргээд энэ нь ажлын бүтээмжид нөлөөлдөг тул Худалдан авах ажиллагааны газар энэ асуудалд онцгой анхаарах ёстой гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга хэллээ. Мөн тэрээр ирэх баасан гаригт бүх яам, агентлагийн дарга нартай цахим хурал хийх үеэр тендэртэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээлэл сонсохоо мэдэгдэв. Одоогийн нөхцөл байдлыг авч үзвэл яам, агентлагуудын төвшинд нэлээд ажил цалгар байгаа аж. Зураг төсөвгүй, ажлын даалгавраа өгөөгүй, барилгын ажлыг 3.5 тэрбум төгрөгт багтаан гүйцэтгэнэ гэх үнийн санал гаргасан атлаа зураг дээрээ 7 тэрбум төгрөгт хийнэ гэх хоёр өөр үнийн санал гаргасан зэрэг нягтлах шаардлагатай зүйлүүд яамдын түвшинд багагүй гарч буй гэнэ. Тиймээс энэ бүхнийг ярилцана гэсэн юм.
Худалдан авах үйл ажиллагааны газар нь тендэрийг цахимаар хүлээн авах болсонтой холбоотойгоор он гарсаар 1399 орчим төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэнийг оролцуулсан сургалт зохион байгуулжээ. Түүнчлэн эл сургалтыг 12 аймагт мөн зохион байгуулсан юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж