
Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш худалдааны харилцаан дахь ойлголт, гадаад, дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх, үүрэг зэрэг асуудал тодорхой хуулийн нэгдсэн зохицуулалтгүй байсаар иржээ. Тийм ч учраас гадаад худалдаанаас дандаа алдагдал хүлээсээр байдгийг эдийн засагчид хэлдэг бөгөөд салбарыг нэгдсэн зохион байгуулалтаар хөгжүүлэхийн тулд ийнхүү хуулийн төслийг санаачлах болсон байна. Хэлэлцүүлгийн үеэр Худалдааны тухай хууль бол цаг үе олсон, нэн хэрэгцээтэй хууль гэдгийг оролцогчид онцлоод, Гаалийн ерөнхий газрын үйл ажиллагаа, цаашлаад шинэчлэн батлах Гаалийн тухай хуультай нэлээд холбох хэрэгтэй талаарх санал гарсан юм. Учир нь худалдааны үйл ажиллагаанд гаалийн хяналт шалгалт салшгүй чухал тул хамтад нь багц хууль байдлаар УИХ-д хэлэлцүүлэх саналыг Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат хэлж байсан. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн зүгээс худалдааны бодлого яг аль тийшээ чиглэх юм гэдгийг нарийн зааж өгөх санал гаргаж байсан бөгөөд Худалдааны тухай хуулийн төсөлд худалдааны төв, захуудыг ямар стандартаар ажиллах талаарх асуудал тусгах хэрэгтэйг хэлсэн юм.
Худалдааны тухай хуулийн төсөл есөн бүлэг, 29 зүйлтэй байхаар боловсруулсан бол ийнхүү анхны хэлэлцүүлгээ өнөөдөр хийлээ. Цаашид төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсч, улам бүр боловсронгуй болгох ажээ. Ялангуяа ойрын үед Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтарч, бизнес эрхлэгчдийн санал бодлыг сонсох юм байна.