Тэсгим хүйтнийг уяраасан тэнэгэр говийн тэмээчид

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Тэсгим хүйтнийг уяраасан тэнэгэр говийн тэмээчид

Шинэжинст сум улс, аймгийн алдар гавьяатнууд олонтой сумын тоонд яахын аргагүй багтдаг. Тус сумын ЗДТГ, мал үржлийн албаныхан говийн бүсийн тэмээчдийн зөвлөгөөнийг зохион байгуулсан байна. Шинэ жинст сумаас төрж гарсан улсын аварга тэмээчин, алтан ботгоны эзэн С.Галдан, Ц.Хорол, П.Гомбо, залуу аварга тэмээчин Ц.Гантөмөр, Ж.Сүхбат нарын алдар гавьяаг мөнхжүүлэх өнөөгийн малчин түмэнд алдаршуулах зорилготой энэхүү зөвлөгөөнд ҮХААЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун /Өсөхбаяр аваргын төрсөн эгч/ аймгийн ҮХААГ-ын дарга Н.Баярмагнай, Баянговь сумын уугуул “Баялаг өлзий ” ХХК-ийн ерөнхий захирал Ж.Өлзийбодьжав, Баянлиг, Баянговь, Богд, Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Жинст, Баян-Овоо, Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Чандмань, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын удирдлага, мал үржлийн албаны мэргэжилтнүүд, малчид тэмээчдийн төлөөлөл 180 шахам төлөөлөгч, нийт 400 шахам хүн оролцсон өргөн дэлгэр зөвлөгөөн болсон тухай сумын Засаг дарга Б.Бат-Эрдэнэ, мал үржлийн тасгийн дарга Г.Оюунчимэг нар мэдээлсэн юм. Энэхүү зөвлөгөөний үеэр хурдан монгол болон бэсрэг тэмээ, торомны уралдаан болж үржлийн шилмэл буур, сайхан тэмээтэй сайхан хосыг шалгаруулсан байна. Мөн Монгол тэмээний уралдаанд 75, бэсрэгт 15, 48 тором уралдсанаас Монгол тэмээнд, Тус сумын Ж.Мөнхтулга, Д.Түвшинбат, М.Дөлгөөн нарын хурдан атнууд эхний гуравт шалгарч мотоцикль, 500-400 мянган төгрөг өргөмжлөлөөр, бэсрэгийн уралдаанд, Б.Мөнхжаргал /Баянлиг/, мөн сумын Ж.Батсайхан, Шинэ­жинстийн Т.Алтангэрэл нарын бэсрэг эхний гуравт хурдалж 500-300 мянган төгрөг өргөмжлөл, торомны уралдаанд, Б.Отгонбаатар /Шинэжинст/, Г.Отгонцагаан/Өмнөговь Гурвантэс/, Р.Энхтөр /Баянговь/ нар эхний гуравт шалгарч өргөмжлөл, 500-300 мянган төгрөгөөр шагнуулжээ. Үржлийн шилмэл буур шалгаруулах уралдаанд 15 буур оролцож Д.Сэр-Одын /Баянговь Хүрэн буур/, В.Нямдаваагийн хар /Шинэ жинст/, Б.Аюушийн бор /Баянцагаан/, эхний гуравт, сайхан тэмээтэй, сайхан хост 10 шахам хос оролцсоноос Т.Ариунсан, Б.Мөнхсайхан/Баянговь/, Г.Уугантогтох, Д.Юмжирмаа/Шинэжинст/, Н.Батмагнай, Б.Хулан /Говь-Алтай Чандмань/ нар эхний гуравт шалгарч 100-60 мянган төгрөг, өргөмжлөлийн эздээр тодорчээ. Малчин түмний магнай тэнийлгэх баярт мөч бол яахын аргагүй дээрх уралдаан тэмцээн юм. Нөгөөтэйгүүр тэмцээний бай шагнал харьцангуй өндөр байсанд газар газраас ирсэн малчид ам сайтай байсан аж. Энэхүү арга хэмжээг Шинэ жинст сумын ЗДТГ, 4.0 , Баялаг өлзий ХХК-ийн захирал Ж.Өлзийбодьжав 4.0 сая төгрөг, “Баянбүрд” ХХК-ийн захирал Д.Дүгэрсүрэн нар ивээн тэтгэсэн байна. Зөвлөгөөнд Баянлиг сумын малчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, Монгол улсын гавьяат малчин Ц.Шинэн, Г.Тойвгоо /Баянлиг/, Монгол улсын сайн малчин Б.Тогоохүү /Богд/ зэрэг олон арван улс, аймгийн аварга малчид оролцож харилцан туршлагаа солилцсон нь энэ зөвлөгөөний үр дүн, ач холбогдол байв. Мөн тэмээчдийн зөвлөгөөнд оролцогчдоос малчин түмэндээ хандсан уриалга гаргасан байна. Энэхүү зөвлөгөөний ерөнхий ивээн тэтгэгч “Баялаг өлзий” ХХК-ийн захирал, аймгийн тэмээчдийн холбооны дарга Ж.Өлзийбодьжав “Түмэн эх” чуулгын болон Ардын дуу бүжгийн чуулгын дуучдыг урьж оролцуулан газар газрын малчин түмэндээ урлагаар үйлчилсэнд тус сумын иргэд талархаж байсныг зохион байгуулагчид нь хэлж байна. Сумын ИТХ, ЗДТГ, Мал эмнэлгийн үржлийн тасаг, багийн Засаг дарга, соёлын төвтэй хамтарч тэмээчдийн зөвлөгөөнд оролцогчдод зориулсан ”Хаврын уянга” хүндэтгэлийн концерт толилуулсан нь үзэгчдээс мөн өндөр үнэлгээ авчээ.

Баялаг өлзий компанийн Ж.Өлзийбодьжав Баянхонгор аймгийг 22 мянган тэмээг 37200 болгож өстөл нь ажиллахдаа аймгийн тэмээчдийн зөвлөгөөнийг 11 дэх жилдээ зохион байгуулж өөрийн санаачилгаар оролцож, энэ жилийн зөвлөгөөнд 10 шахам сая төгрөг зарцууллаа хэмээн ярьж байна. Тэмээ, тэмээчин хоёрын төлөө сэтгэл зүтгэлээ зориулж яваа Баянговь сумын уугуул Ж.Өлзийбодьжав хүүд говийн сумдын малчин түмэн ихээхэн талархалтай байдгийг хамт явж байсан хүний хувьд сайн мэдэх юм.

Ийм эх оронч сэтгэлтэй залуус олон байгаасай. Их говийн наранд дулаацаж болдог хэдий ч өнөө хаврын тухайд тийм биш… Гунын эвэр хөлдөм идэр есийн хүйтэн жаврыг уяраасан тэмээчдийн зөвлөгөөн ийнхүү аз хийморь оргилсон, амжилт ололт дүүрэн өндөрлөсөн байна. Тэнэгэр говийн тэмээчдийн үйлс дэлгэр сайхан байг…

П.САНААДАГВА (Баянхонгор)

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж