Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Сум тойрсон нүүдэл

Шинэ сумыг тойрсон нүүдэл гэж хөдөөгийнхөн ярих болсон нь учиртай. Баянхонгор аймгийн хоёр ч сумыг шинэчлэхээр болсон тухай өмнө нь бид газар дээр нь очиж сурвалжилсан. Шинэ сум төсөл одоогоор Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сум, Дорноговь аймгийн Замын-Үүдэд хэрэгжиж, бүтээн байгуулалт өрнөж байгаа ч цаашдаа их нүүдэл дагуулах шинжтэй байна.

Нэг суманд хэрэгжиж буй Шинэ сум төсөл нийт 13 мянга гаруй м2 талбайг хамарч байгаа. Одоогоор сумын шинэчлэлд нийт зургаан обьект буюу 150 хүүхдийн цэцэрлэг, 180 ортой дотуур байр, 620 хүүхдийн бүрэн дунд сургууль, 250 хүний суудалтай спорт заалны барилга, захиргааны байр, эмнэлэг байх юм. Шинэ сумын барилгын бүтэц, онцлог, тулгарч буй бэрхшээлийг урьд нь танилцуулсан бол энэ удаад сумын иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх талаар сонирхуулъя.

Бууцагаан, Баянлиг суманд яг ижил зураг төслөөр сумыг шинэчилж байгаа учраас хүчин чадал, үр өгөөж нь адил байхыг барилгын компанийнхан хэлж байсан. Тийм ч учраас төлөөлөл болгон нэг сумыг нь дурдаж байгаа. Бууцагаан сумын тухайд, хүн ам 3565 бөгөөд арван жилийн өмнө 4500 байжээ. 2005 оноос хойш багассаар, сүүлийн нэг жилд өссөн тухай сумын удирдлагууд хэлдэг юм билээ.

Сумынхны хүлээлт

Шинэ сумын гол бүтээн байгуулалтын нэг бол яахын аргагүй цэцэрлэгийн барилга. Энд 150 ортой хүүхдийн цэцэрлэгийг шинээр байгуулах бөгөөд нутгийн иргэд энэхүү сургууль, цэцэрлэгийг ихээхэн хүлээж байгаагаа илэрхийлсэн. Бууцагаан сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 305 хүүхэд бий. Гэтэл сумандаа ганц цэцэрлэгтэй бөгөөд энэ нь 90 хүүхдийн ортой, зориулалтын барилга гэнэ. Цэцэрлэгийн хүртээмж маш хомс тул одоо нийт таван бүлэгт 162 хүүхдийг хүмүүжүүлж байгаа ажээ. Мөн цэцэрлэгийнхээ хойд талдаа хоёр гэр цэцэрлэг нээчихсэн, тэндээ багтахгүй байгаа хүүхдүүдээ оруулжээ. Ингээд бодохоор үлдсэн нь цэцэрлэгээс гадуур, хамрагдаж чадахгүй байна. Шинэ сумын барилгын нэг хэсэгт багтсан цэцэрлэгт шинээр хүүхдүүд элсэх болон энд цэцэрлэгт байгаа хүүхдүүдээс шилжих юм гэсэн. Малчин өрх хүүхдэдээ сургуулийн өмнөх боловсрол олгохыг сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарах болсон бөгөөд хэн хүнгүй л цэцэрлэгт хүүхдээ өгчих юмсан гэдэг бодолтой явдаг байна. Арга ч үгүй биз, олон дундаа өссөн хүүхэд сэтгэлгээний хувьд гэртээ ганцаараа үлддэг хүүхдээс илүү, нийтэч, хөдөлмөрч болдог талаар шинжлэх ухаанд батлагдсан. Ийм л хүлээлт сумынхны дунд байна. Сургууль ч мөн ялгаагүй.

Харин байр, орон сууцны хувьд үүнээс ч том хүлээлт сумын иргэдэд байна. Орон сууцны асуудалд багагүй өөрчлөлт авчирсан нь өнгөрсөн жил байлаа. Жилийн найман хувийн хүүтэй орон сууцны ипотекийн зээлийг энэ удаад хөдөө орон нутгийн иргэд рүү хандуулахад төр засгаас анхаарч байгаа. Энэ хүрээнд Шинэ сум төслийн нийт зургаан обьектын гадна талаар ойролцоо хаус хороолол барих төлөвлөгөөтэй ажээ. Орон нутаг шинэчлэгдэнэ гэсэн сураг нүдэн дээр нь бүтээн байгуулалт болон биелэхэд сумыг зорих иргэд багагүй нэмэгдэх шинжтэй байгаа гэнэ лээ. Тийм ч учраас үүнийг дагаад газар үнэд орж болзошгүй тул Засгийн газраас сумын удирдлагуудад одооноос газар олголтыг зохистой, хязгаарлалттай олгохыг үүрэг болгосон байна. Шинэ сум төслийг тойрсон хаус хороолол хэтдээ баригдахад дэд бүтцийн хувьд санаа зоволтгүй талаар Барилга, хот байгуулалтын Дэд сайд Г.Байгальмаа хэлсэн. Тэрбээр үргэлжүүлэн “Шинэ сум төслөөр одоогоор зургаан обьектыг шинээр барьж байгаа ч цаашдаа нэмэгдэх ёстойг нь бодолцож үзээд, дэд бүтэц, уурын зуухны хүчин чадал боломжийн хэмжээнийхийг шийдэж өгсөн. Жишээ нь, уурын зуух 36 мянган м2-ыг халаах ёстой бол одоо нийт зургаан обьектын халаалт 13 мянган м2 байгаа. Тиймээс энэ цаашдаа шинэ барилга байгуулаад явахад халаах нөөц боломж бий” гэсэн юм.

Энэ бүхэн нь эцсийн бүлэгтээ нийслэлд төвлөрсөн хүн амын нягтшлыг задлах юм. Хүмүүс гол нь байр, байшинтай болохыг хүсэх ч орлого, нөөц боломж тааруу. Тиймээс салбар яамд, агентлагуудаас хамтран найман хувийн хүүтэй ипотекийн зээлд амины орон сууцыг хамруулах санаачлага гаргасан бөгөөд Засгийн газраар хараахан батлагдаагүй байна. Хэрэв энэ батлагдвал хөдөө орон нутгийн иргэд орчин үеийн шийдэлтэй тохилог байр, байшинд амьдрах боломж бүрдэх юм байна. Зээлийн гол шаардлага бол мэдээж 30 хувийн урьдчилгаа төлбөр болон сар бүрийн тогтмол орлого учраас нутгийн иргэдэд хэрхэн зохицуулж өгч чадах вэ гэдэгт сайн тунгаах хэрэгтэй болох ажээ.

Хөлбөмбөгийн талбайтай болсон анхны хоёр сум

Хүүхэд, багачууд, залуусын чөлөөт цагийг зөв өнгөрөөх, бие бялдарыг хөгжүүлэхээр хөлбөмбөгийн талбайг энд байгуулсан байна. Хотод хааяахан нэг үзэгдэх зориулалтын зүлэгтэй хөлбөмбөгийн талбайг хөдөө байгуулсан нь их таалагдсан. Хөдөө гэхээр л хамаг бүхнээс хоцрогдсон, нэг юмыг нөгөөгөөр оруулсан байх албагүй. Энэ хөл бөмбөгийн талбай Шинэ сум төслийн зургаан обьектийн нэг хэсэг биш ч хажууд нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн Сайд Х.Баттулга өөрийн хөрөнгөөр байгуулсан гэсэн. Хүүхдүүд энэ талбайг их сонирхон ирдэг болсон гэх бөгөөд сумынхаа наадмыг энд хийх боломжтой аж.

Ийнхүү хонгор нутгийнхны хүлээлт их байна. Шинэ сум төслийн бүтээн байгуулалт гуравдугаар сарын 30-нд дуусах юм гэсэн. Хөдөөгийн хөгжлийн замыг “засах” шинэ сум үр өгөөжөө өгөхийг хүлээн сууна.

Эх сурвалж: http://www.mofa.gov.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж