Зээлийн бодит өртгийг мэдээлэх журам хэрэгжиж байна

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Зээлийн бодит өртгийг мэдээлэх журам хэрэгжиж байна

Орчин цагийн иргэдийн бараг өдөр бүр үйлчлүүлдэг салбарын нэг бол банк. Мөн иргэд маань орон сууцны ипотекийн зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, бусад бараа бүтээгдэхүүний лизинг гэх мэт үйлчилгээг заа­валчгүй банкаар дамжуулан авдаг болсон. Тэгвэл иргэд банкинд мөнгөө байршуулахдаа хүүгээ хэрхэн бодох, эсвэл банкнаас зээл авахдаа зарласан хүү болон зээлийн бодит үйлчилж буй хүү хоёрын ялгааг тодорхой мэддэгүй байна. Арилжааны банкууд ч дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөггүйгээс иргэд банкууд зээлийн хүүнээсээ илүү хураамж авч байна хэмээн ойл­годог байна. Тиймээс Монголбанкнаас иргэдэд банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг ил тод болгох зорилгоор шинэ журам өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр баталсан.

Журам хэрэгжих болсноор арилжааны банкуудын хүү тооцох аргачлалыг нэгдсэн стандартад шилжүүлэх юм. Мөн хүү бодох аргачлалыг санхүүгийн салбарын өнөөгийн хөгжилтэй уялдуулж, шинэчлэх шаардлага тулгарч байгаа аж. Үүнээс гадна банкны салбар дах хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах. Тэднийг шударга бус өрсөлдөөнөөс хамгаалах тогтолцоог бэхжүүлэх нь журмын гол зорилго байна. Дээрх журмыг банкууд мөрдөх болсноор дунд хугацаанд зээлийн хүү буурах боломжтой юм. Мөн харилцагч авч буй зээл, хадгаламжид арилжааны банкууд зарласан хүү бус зээлийн бодит өртгийг санал болгох нөхцөл бүрдэж байна. Нөгөө талаар арилжааны банкуудын ил тод байдлыг хангах замаар харилцагчийг зөв сонголт хийхэд туслах зорилготой аж.

ЗЭЭЛИЙН БОДИТ ӨРТГИЙГ МЭДЭХ НЬ ЧУХАЛ

Өнөөдөр орон сууцны ипоте­кийн зээл авсан иргэд банкны зарласан найман хувийн хүүг л төлнө гэж бодож авдаг байна. Тэгвэл зээлийн бодит өртөг найман хувиас илүү байдаг нь иргэд банкийг хардах хардлага болдог байна. Энэ нь банк огт хууль бус илүү төлбөр авч байгаа үйлдэл биш аж. Зарласан хүү гэдэг нь банк зээлээсээ авхаар анх зарласан хүү аж. Гэтэл мөн чанартаа банк зээл авсан иргэний хүүнээс улирал болгон хүү тооцдог тохиолдол байдаг. Энэ хүү бодох давтамж нь ойртох тусам бодит хүүний хэмжээ нь нэмэгддэг байна. Мөн зээлийн хүүнээс гадна үйлчилгээний зардал зэрэг төрөл бүрийн шимтгэл нь хүү дээр нэмэж бодогддог гэнэ. Энэ зээлийн бодит өртөг аж. Жишээлбэл, жилийн долоон хувийн зарласан хүүтэй, 10 сая төгрөгийн орон сууцны зээлийг 20 жилийн хугацаатай сар бүр эргэн төлөлт хийх нөхцөлтэй авах тохиолдолд зээлийн бодит өртөг 7.4 хувь болдог аж. Илүү зардалд үйлчилгээний шимтгэл, зээлийн эрсдэлийн шимтгэл зэрэг хураамж ордог гэнэ. Тэгэхээр иргэд анх зээл авахдаа хүү бодох давтамжтай сайн танилцах, ямар шимтгэл хураамж төлж байгаа мэдээлэл авах хэрэгтэй аж. Мөн Монголбанкнаас 1997 онд гаргаж байсан хүүгийн зөвлөмжийг шинэчилж, хэрвээ харилцагч хүссэн тохиолдолд бодит өртөг тооцох хүснэгтийг заавал гаргаж өгч байхаар шинэ журамд заажээ. Мөн улсын бүртгэлтэй холбоотой шимтгэл, хураамж гэрээ баталгаажуулах нотаритын хураамж, зээлдэгчийн амь даатгалын хураамж, зээл, барьцааны гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой гураамж, зээлдэгч зээлийн гэрээ зөрчсөнөөс үүсэх шимтгэл, хураамж зэрэг нь зээлийн бодит өртөг тооцход оруулдаггүй аж.   

ХАДГАЛАМЖ НЭЭЛГЭХДЭЭ ХҮҮ ТООЦОХ АРГАЧЛАЛТАЙ ТАНИЛЦААРАЙ

Харилцагчид хадгаламж нээл­гэх гэж байгаа бол мөн л зарласан хүүгээс гадна бодит үйлчилж байгаа хүүгийн мэдээллийг авч болох аж. Одоогоор хүүнээс хүү тооцож байгаа ганц, хоёрхон л банк байдаг гэнэ. Тэгэхээр иргэд энэ бүхнийг судалж үзээд хамгийн дарамт багатай, боломжийн нөхцөлтэйг нь сонгох л үлдэж байгаа юм. Нөгөө талаас Монголбанкнаас  гурван сараас эхлэн сар бүр банкуудын бүх төрлийн зээл, хадгаламжийн хүүгийн хэмжээг вэб сайтаараа дамжуулан нийтэд нээлттэй зарлах болжээ. Одоогоор нэгдүгээр сарын банкуудын зээл, хадгаламжийн хүүгийн судалгааг нэгтгээд байгаа. Үүнийг ирэх гуравдугаар сарын эхээр гаргана гэж мэдэгдлээ. Энэ нь иргэдэд зээл, хадгаламжийн хүүг харьцуулж боломжийн нөхцөлтэйг нь сонгох боломж юм. Нөгөө талаас банкуудын хооронд өрсөлдөөн бий болж, хүүгийн хэмжээ ч буурах боломжийг бүрдүүлэх аж. Жишээлбэл, сарын хүү нь 1.5 хувийн зарласан хүүтэй гэж үзэхэд. Хүүг нэг жилээр нь тооцдог гэвэл жилийн хүү 18 хувь болох юм. Тэгвэл 1.5 хувийн хүүг сар бүр тооцдог хадгаламжинд нэмэгдүүлдэг бол бодит үйлчилж буй хүү нь жилийн 19.56 хувь байдаг байна. Тиймээс харилцагчид хадгаламж нээлгэхдээ тухайн банкны хүү тооцох аргачлалтай сайтар танилцаж, аль болох хүүг ойрхон тооцдог хадгаламж нь харилцагчдын хадгаламжийн өсөлтөд хэлбэр ашигтай аж.

Арилжааны банкууд зээл авч буй иргэдээс олгосон зээлийнхээ нэг хувьтай тэнцэх шимтгэл авдаг. Үүнийг болиулж өгөөч гэсэн хүсэлтийг ир­гэд ШӨХТГ-т тавьсан ч үү­нийг болиулах ямар ч боломж­гүй гэсэн хариуг сонсоод байгаа. Учир нь арилжааны банкны дотоод үйл ажиллагаанд Төв­банк болоод ШӨХТГ-аас оролцох эрх байдаггүй аж. Тиймээс энэхүү журам батлагдсанаар арилжааны банкуудын зээлийн хүү, шимтгэл хураамж харилцагчдад ил тод болно. Мөн иргэд өөрсдөө хадгаламжийн болон зээлийн үйлчилгээгээ сонгох эрхийг эдлэх юм.

Д.МЯГМАРДОРЖ

Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж