
Тэгэхээр усны гачигдал зовлонг мэдэрч, цангаж ангахын тэмцлийг ойлгоогүй монголчуудын хувьд алт, ус хоёрын аль нь үнэтэйг ялгаагүй энэ цагт ус гэж хашгираад нэмэргүй ч асуудал нэгэнт хаяанд тулжээ.
Халуун ус хананаасаа авдаггүйдээ л барьцаж баалж байна гэж буруутгав аа.Шалтгаан нь өөр юм.Нэг хоёрхон хүнийх биш нийтийн эрх ашгийн төлөө гэж ойлгоход болно.Тодруулбал, гэр хорооллынхон долоо хоногийн дөрвөн хоног буюу мягмар, пүрэв, бямба, ням гарагийн тодорхой цагт буюу 10.00-20.00 цагийн хооронд усаа зөөвөрлөдөг. Ингэхдээ нэг литр усыг нэг төгрөгөөр үнэлж авдаг бол орон сууцны айл өрхүүд өдрийн хязгаарлалтгүйгээр 24 цагийн турш литр усыг ердөө 32 мөнгөөр худалдан авч байгаа нь хөндөх сэдэв юм. Тэгвэл орон сууцныхан тонн усыг 320-хон төгрөгөөр худалдаж авдаг гэсэн үг. Ийм байж болох уу. Үүгээр ч зогсохгүй орон сууцныхны усны зарцуулалттай холбоотой сэтгэл түгшээсэн мэдээ баримт дуусахгүй. Хамгийн их усаар тэд усанд орж, хувцасаа угаадаг.Хэрэглээ нь үүгээр хязгаарлагдахгүй. Та өдөрт хэдэн удаа усныхаа цоргийг нээж хаадаг болохоо тоолоод үзээрэй. “Монгол Ус” ТӨҮГ-ын Ус ашиглалтын албаны дарга Ж.Даваасүрэнгийн хэлснээр “2000 онд орон сууцны нэг өрх хоногт 400 литр ус хэрэглэдэг гэх тооцоо гарч байсан бол тоолууржуулснаар усны хэрэглээ 240-250 орчим литр болж багассан. Гэхдээ тоолууртай айл, тоолуургүй айл хоёрын ялгаа их л дээ. Тоолууртай айлын бодит хэрэглээ нь хоногт 120-130 литр байгаа. Харин тоолуургүй айлуудынх арай өндөр гардаг. Энэ хоёр тоог дундажлаад үзэхээр 200 литр гэдэг тоо гарч байгаа юм. Цаашдаа бүх айлыг тоолууржуулаад, эдийн засгийн хөшүүргийг нэмээд өгчихвөл хөгжингүй орнуудын хэрэглээний төвшинд очих боломжтой. Англи, Америкт нэг өрх өдөрт дунджаар 120-130 литр ус хэрэглэдэг гэсэн мэдээ бий” гэдгийг хэлсэн.
Та итгэх үү. Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суудаг гэх Б.Мийлаагаас хоногт хэрэглэдэг усных нь хэмжээг лавлавал 25 литрийн багтаамжтай шар савтай усаар дөрвөн ам бүлээрээ хоёр хонодог гэж байна. Тэрбээр мөн “Усны зарцуулалт гэдэг бол зөөж байгаадаа ч биш юм. Долоо хоногийн хоёр өдөр усгүй амьдрах нь хэмнэлтийг бий болгодог. Гэр хороололд амьдардаг ямар ч иргэний сэтгэхүйд усаа хэмнэх, хайрлах, зохистой зарцуулах бодол суучихсан байдаг. Тиймээс орон сууцтай айлд очлоо ч ажил албан дээрээ ч усны цоргийг хэрэглэх хэмжээгээрээ бага нээдэг” гэсэн юм. Мөн тэрбээр “Үнэхээр шүүсэн үгүй нь мэдэгдэхгүй цэвэр ус гээд савлаж зардаг усны үнийг анхаармаар санагддаг. Мэдээж сав, баглаа боодлын үнэ шингэсэн байдаг л байх. Гэхдээ дэндүү харьцангуй. Гэр хорооллынхны тонн ус авах мөнгөөр литр хүрэхгүй ус үнэлэгдэж байна. Энэ усыг ямар ч асуулгагүйгээр дуртай авдаг хэрнээ литр усыг 10 төгрөг болгоё гэхээр хүлээн зөвшөөрдөггүй. Нийтээрээ жагсана, цуглана, өлсөнө гэх юм. Алтнаас ч өндөр үнэ цэнэтэй цэнхэр сувдаар машинаа угааж, шороогоо ч угааж байгаа нь харамсалтай” гэдгийг онцолсон юм.
“Хатан туул минь” гэж хашгирдаг хэсэгхэн хүмүүсийн дуу хоолойг хавар эхлэнгүүт үгүй бол ямар нэгэн сонгууль дөхөхөөр л сонсдог болсоор удав. Байсгээд л ухаан орсон мэт гарч ирдэг тэд баярлуулан гомдооно гэгч болж эрх ашгийн зөрчилтэй нь анзаарагдангуут тэгсгээд нам гүм болдог. Улаанбаатарчуудыг ундны усаар тэтгэгч Туул голын ай савд манай улсын хүн амын 50-иад хувь нь амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Мөн судлаачдын хэлснээр “Туулын ай савд байдаг 175 гүний худгаас нийслэлчүүд усныхаа хэрэгцээг хангадаг. Тодруулбал, Улаанбаатар хотын 1.2 сая гаруй хүн, 20 мянган үйлдвэр, аж ахуйн газар, 400 га тариалангийн талбай, 330 мянган толгой мал, гурван цахилгаан станцын усан хангамж Туул голоос бүрэн хамааралтай” аж. Туулын саваас чулуу, шороо, хайрга олборлогчид олширсоор байгаа бөгөөд усны гол судал дагаж барилга байшин барих, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, компаниуд дэндүү олширсноос Туулын ус¬ны түвшин сүүлийн арван жи¬лийн дотор нэг метр гаруй доошилсон” гэдгийг хэлж байгаа юм. Мөн Туулын усны ундаргад нөлөө үзүүл¬дэг Сэлбэ, Улиастай, Түргэн, Гачуурт, Хуандайн гол тасарч, хуурай сайр болсныг бид харсаар суугаа.
Тэгэхээр “Хатан туул минь” гэж ниргэсэн хойно нь халаглаж суухаар ирэх гуравдугаар сарын 22-ныг угтаад нийслэлийн ундны усны ундарга сандайлж, хэвлийг нүхэлж байгаа барилгын болон бусад аж ахуйн нэгж, компанийг хотоос зайлуулъя.
Туулын урт 704 км. Хэнтий, Төв, Сэлэнгэ аймаг болон Хэнтийн нуруун дахь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт багтах Хагийн хар нуураас эх авч, нийслэл Улаанбаатар хотын урд хэсгээр урсч өнгөрөн Орхон голд цутгана. Туул голын тухай ерөнхий мэдээ энэ. Гэтэл жилээс жилд дундарсаар байгаа гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа ч гэлээ Түргэний, Улиастай, Сэлбэ, Дунд, Толгойтын голуудыг нь эргэж сэргээх мөн 1950-1960-аад оны үед голын эхэн хэсгийн ой, шугуйг ямар ч бодлогогүйгээр огтолсон үйлдлээ засах тухай өнөөдөр хэн ч ярихгүй байгаа нь Туулын бохирдлыг дээд цэгт нь хүргэж байна.
“Ам цангаад байна.Аниа 500 төгрөг өгөөч” гэснийх нь төлөө тавхан настай дүүгээ зодож бэртээсэн мэдээ хэзээ ч билээ манайд гарч байлаа.Ус уумаар байгаагийнхаа төлөө шийтгүүлсэн бяцхан хүүгийн хэргээс энэ юу л багадав гэж. Улаанбаатарын төв цэвэрлэх байгууламжийн хаягдал нь Туул голд цутган орохоос гадна Заамар дахь алт олборлолт болон үйлдвэрийн болон ахуйн зорилгоор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа гурван том дулааны цахилгаан станц, үлэмж тооны уурын зуухнууд, нийслэлийн мөнх цэвдэгтэй хэсгийн хөрс дээр барилга байшин олноор барьсан зэрэг нөхдийн харгайг үнэлж шийтгэх л ёстой. Туулын савыг дагаж аялал жуулчлал, амралтын газар байгуулж халаасаа түнтийлгэх эрх мэдэлтнүүд ч Туулыг бохироор бохирлож байгаа гол эзэд биш гэж үү.
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин