
Албан тушаалаасаа татгалзсан Украины төвийн болон баруун нутгийн мужийн захиргааны тэргүүн нарын тоо есөн хүн болж нэмэгдэв. Экс захирагчдын гаргасан шийдвэрийн талаар мужийн захиргаадын албан ёсны сайтад мэдээлжээ.
Виктор Янукович олон жилийн турш Енакиево хотын уугуул Любовь Полежайтай хамтран амьдарч байгаа талаар “Украины үнэн” сонины сурвалжлагч асан Сергей Лещенко өөрийн фэйсбүүк хуудаснаа бичжээ. Янукович, Полежай нар олон жил хамтран амьдарч байгаа ч Янукович өөрийн эхнэр Людмилагаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй байгаа юм.
Европын Холбоо Украины шинэ Засгийн газарт шинэчлэл явуулахад нь зориулан 20 тэрбум еврогийн тусламж үзүүлэхэд бэлэн байна хэмээн ИТАР-ТАСС мэдээлжээ. Энэ тухай мэдэгдлийг Европарламентын Олон улсын хэргийг хариуцсан хорооны тэргүүн Эльмар Брок хийжээ. “Миний бодож буйгаар, Украины шинэ Засгийн газрыг бүрдүүлсний дараа тус орны орныг дампууралд оруулахгүйн тулд Европын Холбоо 20 тэрбум еврогийн тусламжийг нэн даруй гаргах ёстой” хэмээн тэр тайлбарлажээ.
“Украины гурав дахь бүгд найрамдах улс” намын лидер Юрий Луценко мэдэгдэхдээ, Дээд радын ээлжит бус сонгуулийг ерөнхийлөгч сонгогдсоны дараа явуулна гэжээ. “Парламентын ээлжит бус сонгуулийг явуулах талаар өнөөдөр ярих нь буруу. Энэ Дээд рад хугацаагаа дуустал ажиллах ёстой” хэмээн Луценко сэтгүүлчидтэй ярилцахдаа хэлсэн байна.
Украины ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон, парламентын спикер Александр Турчинов шинэ гүйцэтгэх засаглал бүрэлдэнгүүт огцроход бэлэн байгаагаа мэдэгдлээ. “Би албан тушаалын төлөө яваагүй. Ард түмний итгэлийг хүлээсэн гүйцэтгэх засаглал бүрдсаний дараа би шууд огцроход бэлэн” хэмээн тэрээр мэдэгдээд байна.
Европын Холбооны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн дээд комиссар Кэтрин Эштон даваа гаригт Киевт хүрэлцэн очно гэж “Agence France-Presse” агентлагт Эштоны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ. Киевт тэрээр шинэ удирдлагуудтай уулзаж, эдийн засгийг тогтворжуулах арга хэмжээний талаар ярилцах гэнэ.