Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Ю.Тимощенко яллаа

-Эсэргүүцэгчид санасандаа хүрсээр байна-

Украины сөрөг хүчин Батькившина эвслийг үүсгэн байгуулагч, Ерөнхий сайд асан Юлия Тимощенко өнгөрсөн бямба гарагт шоронгоос суллагдлаа. Үүнээс хэдхэн цагийн өмнө Украины Дээд Рад хуралдаж, Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулан, Юлия Тимощенког суллах тогтоолын төслийг баталсан юм. Ингэснээр Евро Майданыг хяналтдаа байлгасаар байгаа сөрөг хүчнийхний тавьсан шаардлагуудыг эрх баригчид үндсэндээ биелүүллээ. Мөн Ю.Тимощенкогийн хувьд сонгуульд өрсөлдөөд бараагүй өрсөлдөгчөө хүчээр буулгаж авсан давхар баяртай өдөр болжээ. Тэрбээр хоёр жил хагасын хугацаанд хоригдсон ч сөрөг хүчний нөлөөтэй удирдагчдын хэвээрээ байв. Удирдагч нь чөлөөтэй болохоос ч өмнө тойрон хүрээлэгчид нь удирдагчаа шоронгоос гарав уу үгүй юу В.Януковичийг огцруулж, түр зуурын ерөнхийлөгч тавих хэрэгтэй хэмээн ярих болсон бөгөөд Юлиягийн “халаасны” улстөрчдийн нэг Александор Турчиновыг Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилох саналыг Дээд Радад хүргүүлжээ.

Гэхдээ  Юлия болоод сөрөг хүчин хүчтэй байснаараа энэ ялалтад хүрсэн гэвэл дэндүү өрөөсгөл болно. Харин эсрэгээрээ Виктор Янукович ард түмнээ бодсондоо, улсаа барууныхнаар тоглуулахгүй гэсэндээ бослого тэмцлийг хатуу ширүүнээр нухчин дараагүй билээ. Үнэнийг хэлэхэд, Украинд болсон бослогыг барууны орнууд хөхиүлэн дэмжиж байсан бөгөөд хоёр хуваагаад ч хамаагүй өөрийн нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж байв.

Төмөр хатагтайн сэргэлт

Жирийн нэгэн эдийн засагчаас Украины хамгийн том компанийн эзэн, тэрбумтан болтлоо дэвшиж чадсан түүнийг улстөрийн хүрээнийхэн "Украины төмөр хатагтай" гэж нэрлэх нь бий. Тууштай зан чанар, зорилгодоо хүрэхийн тулд бэрхшээлийг даван туулах чадвар зэрэг нь 1980-аад оны үед Их Британийн Ерөнхий сайдын албыг залгуулж явсан Маргарет Тетчерийн хочийг залгамжлахад хүргэсэн юм. Эдүгээ шоронгоос гарч ирсэн төдийгүй улстөрчийн рейтингээ хадгалснаар энэ нэр түүнд улам ч зохих болж байна. Түүний улстөрчийн карьерийн өсөлт яг л шатаар гишгүүр алгасан өгссөнтэй төстэй. Эхлээд жирийн инженер, дараа нь хувийн компанийн захирал, корпорацийн эзэн, тэрбумтан, намын удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд гээд л. Тэгээд энэ бүхнийг ердөө л 20 гаруй жилийн дотор хийсэн гэж бодохоор үнэхээр бахадмаар. Одоогоос гучин жилийн өмнө түүнд сэхээтэн гарлаас нь өөр юу ч байгаагүй билээ.

Юлия Григян 1960 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Днепропетровск хотод төржээ. Түүнийг гурван настай байхад нь эцэг нь гэр бүлээ орхиж явсан гэдэг. Эцэгтээ маш их гомдсон учир тэрбээр дунд сургууль төгсөхдөө овгоо Телегина болгон солиулсан юм. Гэвч сургуулиа төгсөөд жил ч бололгүй Александр Тимощенкотой гэрлэснээр овог нь жил гарангийн хугацаанд гурван удаа солигдсон аж. Гэрлэсэн жилээ буюу 1979 онд Днепропетровскийн эрчим хүчний их сургуульд элсэн орж, 1984 онд төгсчээ. Энэ завсар (1980 онд) охин Евгениягаа төрүүлсэн байна. Охин нь ээжийнхээ адил 19 настайдаа хүнтэй суусан бөгөөд өнгөрсөн жил өөрөөсөө 12 ах, Лондонд хэд хэдэн дэлгүүр эзэмшдэг рок хөгжимчин Шон Карр гэгчтэй гэрлэжээ.

Днепропетровскийн цахилгаан станцад ажиллаж, бас ч үгүй сайн мэргэжилтэнд тооцогдож байсан ч 30 гартлаа тэрбээр амжилтад хүрнэ, тэр тусмаа улстөрд хүч үзэж улс гүрэн толгойлно гэж зүүдлээ ч үгүй болов уу. Өөрчлөлт, шинэчлэлт ид явагдаж байсан 1989 онд нөхөр Александр нь видео прокатын газар нээснээр ажлаас гадуур орлоготой болж, амьдралаасаа арай давж сэтгэх болсон байна. Энэ үеэс л тэрбээр мөнгийг эрх мэдэл болгох арга ухаанд бага багаар мэргэшиж эхэлсэн гэхэд болно. 1990 оноос нефть бүтээгдэхүүний бирж дээр тоглох болсон Тимощенкогийн гэр бүл дараа жил нь "Украины бензин" компанийг үүсгэн байгуулжээ.

1995 онд "Украины эрчим хүчний нэгдсэн тогтолцоо" хэмээх корпораци байгуулж тухайн үеийн Ерөнхий сайд Павел Лазаренкогийн тусламжтайгаар ОХУ-аас импортолж байгаа бүх нефть бүтээгдэхүүн, байгалийн хийг хянах монополь эрхтэй болжээ. Тэрбээр 1997 он буюу П.Лазаренког огцрох хүртэл энэ компанийн Ерөнхий захирлын албыг хашсан юм.

Улс төрийн "мотор" нь үгүй болсон Юлия өөрөө улстөрд хүч үзэх шийдвэрийг зориглон гаргасан нь амжилттай болж Украины Парламентын гишүүнээр сонгогдсон юм. Улмаар Ерөнхийлөгчийн суудалд он удаан жил "заларч", ховхорч өгөх шинжгүй байсан Леонид Кучмаг унагах кампанит ажлыг санхүүжүүлснийхээ шанд "Жүржийн хувьсгал"-ын удирдагчдын нэг гэгдэн 2005 онд Ерөнхий сайдын суудалд заларчээ. Тэрбээр суудлын тоо хүрээгүй ч "эм хүний 13 мэх"-ийг хэрэглэн байж, эвсэл байгуулан дээрх суудалд суусан түүхтэй. Үүний дараа түүнийг хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн бохир арга заль олонд ил болж эхэлсэн ч нэгэнт хүчээ авчихсан "Хийн хатагтай"-г хэн ч унагаж дийлэхгүй болсон байлаа. Украинчууд эрүү үүсгэх хэрэгтэй гэж үзээд байгаа доорх хэргүүдийг ярихаасаа өмнө Юлия эрчүүдийг ховсдон татах гайхалтай увидастай гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.

Энэ чанараараа тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Гүржийн Ерөнхийлөгч М.Саакашвили нартай хувийн журмаар танилцаж, хувьсгалын ажлаа хувийнхаа бизнестэй хамтатган амжилттай амжуулж чадаж байсан юм. Түүнийг Ерөнхий сайд байх үед төрийн албан хаагчид их хэмжээний авлига өгч ОХУ-аас барилгын материал импортлох эрхийг авсан хэмээн шүүхэд дуудсан ч яаж ч чадаагүй билээ.

Харин энэ жил Ерөнхий сайдын зөөлөн суудлаа Ерөнхийлөгчийн илүү зөөлхөн сэнтийгээр солих гэж зүтгэснээсээ хойш "Шунал ихэдвэл шулам болно" гэдэг үлгэрийг үзүүлж, 20 жил мацсан өндөрлөгөөсөө чөлөөт уналтаар унах болчихоод байна. Саяхныг болтол амжилт, ялалт, ахиц дэвшлийн тод жишээ хэмээн хэлэгдэж байсан Юлия Тимощенког "Улстөрийн тавцан"-д дахин гаргахгүй байх "махны машин" аль хэдийнэ ажиллаад эхэлжээ. Тодруулбал, үйлдвэрийн инженер байгаад хувийн компанийн захирал, корпорацийн эзэн, тэрбумтан, намын удирдах зөвлөлийн гишүүн, Ерөнхий сайд болсон бол одоо бүр анх байснаасаа ч дордож "шоронгийн хадаас" ч болж мэдэхээр байдалд оржээ. Сайдын суудлыг нь булаасан Н.Азаров Ю.Тимощенкогийн өмнөх бүх хэргийг сөхөн, улсад 100 тэрбум гривений хохирол учруулсан гэсэн хэргээр эрүү үүсгэсэн билээ.

Х.БАТСАЙХАН

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж