
“Уран зохиолын хичээлийг хасах” тухай яриагаар олны танил болоод буй Боловсрол, шинжлэх ухааны яамны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр өнөөдрийн өдөр тутмын сонинд нэгэн ярилцлага өгчээ. Тэрээр “…Би одоо Хүний эрхийн комисст хандаж, энэ буруу жишгийг засна. Нийгэмд буруу мэдээлэл цацаж, түүнийг нь өлгөж аваад олноороо гүтгэлэг доромжлол болгож байгаа нь буруу жишиг юм. Нэг телевиз бүр зөвхөн намайг гүтгэсэн шинжтэй гурван мэдээ дараалан гаргаж, бүтэн арван минут олон нийтэд миний тухай худлаа мэдээлэл хүргэлээ шүү дээ. Дөрөвхөн хоногийн дотор миний тухай 45 нийтлэл гарсан байсан. Мөн л бүгд гүтгэлэг, доромжлол. Зарим сайтаас над руу утасдаад “Мөнгө өгвөл чамайг оролдохгүй” гэж хүртэл хэлсэн. Энэ юу гэсэн үг вэ” хэмээн ярьжээ.
Хэрэв үнэхээр түүн рүү хэвлэлийн байгууллагаас мөнгө нэхэж дарамталсан бол энэ гэмт хэрэг. Яг ямар сайтаас, хэн гэдэг хүн залгасан дарамталсныг хэлэхгүй, “зарим сайт” гэж ерөнхийлж байгаа бол бас л гэмтнүүдийг нуун далдлах гэм хор хийж байгаагаас ялгаагүй. Ингэхээр түүнээс асуух асуулт өөрчлөгдөж байх шиг байна. Тэр нь “Уран зохиолын хичээлийг хасах гээд байгаа юм уу” гэх биш, “Тан руу яг ямар сайтаас утасдаж, дарамталсан юм бэ” гэдэг асуулт.
Б.ШАРХҮҮ