
бусад цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй ярилцлаа. УИХ-ын ээлжит намрын
чуулганаар 100 хууль, 52 тогтоол баталсан байна. Эдгээр 100 хуулийн 12
нь бие даасан хууль байгаа бол 81 нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
зургаа нь хууль хүчингүй болгох, нэг нь Зээлийн хэлэлцээр батлах тухай
хууль байсныг Спикер танилцуулав. Мөн тэрээр, “Том төрөөс ухаалаг төр
рүү” санаачилгыг Тамгын газраасаа эхлэх ёстой гэж үзэж байна. Ухаалаг
төртэй болохын тулд хууль, эрх зүйн орчинг өөрчлөхөөс гадна байгууллагын
дотоод тогтолцоог Их хурлын даргын хэлснээр “дахин инженерчлэх” ёстой
гэдгийг баримтанд тулгуурлан тайлбарласан юм. УИХ-ын дарга сэтгүүлчдэд
хийсэн танилцуулгынхаа дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт
өгсөн юм. Сэтгүүлчидтэй хийсэн ярилцлагыг тоймлон хүргэж байна.
-УИХ-ын намрын чуулганы хугацаанд баталсан хуулийн төслүүдийн талаар иргэд мэдээлэлтэй байгаа байх. Өнгөрсөн чуулганы хугацаанд баталж амжаагүй, хаврын чуулган эхлэхэд хамгийн түрүүнд барьж авах ямар хуулийн төслүүд байна вэ?
-Хамгийн түрүүнд 2014 оны Төсвийн тодотгол орно. Авлигажсан төсвийн барилгуудыг аудитын шалгалт дуусгавар болж байгаа. Тиймээс гуравдугаар сарын 20-нд эхлэх ээлжит бус чуулганы эхний хэлэлцэх асуудал нь аудитын дүгнэлт гарсан 243 барилгын хэдийг нь хэрэгцээгүй гэж үзэн дуудлагаар худалдаалах, хэдийг нь цааш нь үргэлжлүүэх вэ гэдгийг хэлэлцэнэ. Мөн намрын чуулганаар амжаагүй Газрын тосны хууль, хуулийн байгууллагатай холбоотой төслүүд ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэгдэнэ. Хаврын чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталж чадаагүй намрын чуулганыг завсарлуулсан. Тэгэхээр ээлжит бус чуулганаар хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэл асуудлын жагсаалтыг батална.
-УИХ-ын намрын чуулганаар нэр заасан 30 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн ч 12 хууль баталсан байна. Үүнд шүүмжлэлтэй хандах хүмүүс байна. Та үүнийг хэрхэн хүлээж авах вэ?
-Улс орны асуудлыг хэрхэн шийдэж буйгаар нь дүгнэхээс биш, хэдэн хууль баталснаар УИХ-ын ажлыг хэмжих боломжгүй. Чуулганаар ганцхан хууль баталсан тохиолдол ч бий, ингэлээ гээд сайн, муу ажиллалаа гэж дүгнэж болохгүй. Энэ чуулганаар бид 100 хууль баталсан шүү гээд ярьж бас болно. Намрын чуулганы дараалалд орсон бүх асуудлаа хэлэлцсэн, гэхдээ санал зөрөлдсөнөөс болоод зарим нь батлагдахгүй хойшилсон. Дараагийн чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт баталж буй нь ердөө төлөвлөгөө гаргаж буй хэрэг. Бүгдийг батлах зорилго тавьдаггүй. Бас Монгол Улс 450 хуультай атлаа нэг чуулганаар л 100-г нь өөрчилж болж байгаа юм уу гэж хүмүүс асуудаг. Хилийн боомтуудын тухай хууль батлахад Гадаадын иргэн, харьяатын газрыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газар болгож өөрчилсөн. Дагалдуулаад 20 хуульд нэмэлт оруулж байгаа юм. Тэгэхээр нэмэлт, өөрчлөлт оруулах нь харьцангуй асуудал.
-Намрын чуулганаар Монгол Улс хөгжлийн бодлоготой байх талаар хөндөгдөөд намын бүлгүүд зөвшилцөхөөр болсон. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд үе үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөр явж ирсэн. Хөгжлийн энэ жор ямар нам Засгийн эрхэнд байхаас үл шалтгаалан үргэлжилж байх ёстой. Хөгжлийн бодлогоо хэзээ тодорхой болох вэ?
-Энэ жилдээ багтааж Хөгжлийн бодлого гаргахаар ажиллаж байна. Хүмүүс Монгол Улсыг хөгжлийн бодлогогүй явж ирсэн гэсэн буруу ойлголттой байдаг. Монгол Улсад хөгжлийн бодлого байдаг ч үүнийгээ зайлшгүй мөрддөг хэсэг нь орхигдсон. Аль ч нам гарч ирсэн мөрдөхгүй байж болох сайн дурын бодлогыг 2008 оны нэгдүгээр сард тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаяр өргөн барьж, батлуулсан. Энэ бодлогыг хэрэгжүүлье гэхээр нэг намын ерөнхийлөгч өргөн барьсан бодлогыг бид хэрэгжүүлэхгүй гэж Ардчилсан намынхан хэлээд байгаа. Олон намын төлөөлөл байдаг учраас УИХ-аас боловсруулахаар болсон. Бүгд хэлэлцэн баталсан учраас хүн болгон мөрдөх ёстой. Эсэргүүцэлтэй тулгарахгүй гэж ойлгож болно. Хөгжлийн бодлоготой Засгийн газрын мөрийн хөтөлбөр заавал нийцэх ёстой, энэ бодлогоо дөрвөн жил өөрчлөхгүй байх үүднээс УИХ дахь гишүүдийн ¾ нь дэмжсэн байхаар хуульчилж байгаа. Мэдээж ялсан намын хувьд бага зэрэг хөдлөх эрх өгөх бөгөөд үндсэн зарчмаа баримтална.
-Хөгжлийн бодлогын хугацааны хувьд ямар зохицуулалт хийсэн бэ?
-Дунд болон урт хугацааны гэж заасан. Одоогийн мөрдөж байгаа хуулиар дунд хугацааны гэдэг нь 5-10 жил ч юм уу, урт хугацааных нь 30 жил гэдэг ч юм уу зохицуулалт хийнэ. Сонгуульд ялсан нэг төрийн бодлогыг өөрчилдөггүй, ямар нам ялснаас үл хамааран Монгол Улсын хөгжлийн бодлогыг баримтлан хэрэгжүүлдэг болно.
-Намрын чуулганаар баталсан гол хуулийн төслийн нэг нь Хөрөнгө оруулалтын хууль. Энэ хуулийн хамгийн чухал бодитой, шийдэмгий алхам нь юу вэ?
-Хөрөнгө оруулалтын хуучин хуулинд гэрээ байгуулах гэж таван жил явдаг байсан бол шинэ хуулиар нэг сарын хугацаанд гэрээ байгуулна. Ямар нэг сайд гарын үсэг зурахгүй. Тэр компанийн хөрөнгө оруулалтын хэмжээ их байх тусам татварын тогтворжилтын хугацаа их, бага байвал бага байна. Ямар нэг хүний үзэмжээс хамаарахгүй УБЕГ-т очоод хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг өгөөд, бүртгэлийн газар шалгаад гэрчилгээг нь гаргаж өгөх гэх мэт хялбаршуулсан хуулийн төсөл гэж ойлгож болно.
-Засгийн газраас импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 1150 төсөл хүлээн авч, шалгаруулалт нь явагдаж байна. Ер нь импортыг орлох чадамж Монгол Улсад байгаа юу, УИХ-аас бодлогын хүрээнд ямар шийдэлд хүрэх нь зүйтэй гэж та бодож байна вэ?
-Манай улсын экспортолдог бүтээгдэхүүн маш цөөн. Ихэнх эрдэс, түүхий эд боловсруулаагүй гарч байгаа. Экспортыг дэмжинэ гэдэг нь боловсруулаагүй түүхий эдийг боловсруулахаас л эхлэх ёстой. Нүүрс түүхийгээр биш кокс болгоод гаргах төслүүийг дэмжинэ. Мөн ноолуур байна. Бид дэлхийн хоёр дахь том ноолуурын экспортлогч, ноолуурын 30 хувийн экспортолдог байж 30 хувийн ноолууран бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Тэгэхээр манай бүх ноолуур бэлэн бүтээгдэхүүн болох нь маш том экспорт, нөгөө талаар тогтвортой ажлын байр бий болгох талтай. Юунд тулгуурлаж экспортлох вэ гэдэг бодлого чухал. Мөн ноолуурын бодлогыг Засгийн газраас боловсруулж УИХ батлана.
-Одоо байгаа бүтээгдэхүүнээ борлуулж чадахгүй байгаа нөхцөлд яах ёстой вэ. Тухайлбал, өнөөдөр нүүрсээ борлуулж чадахгүй байдалд хүрээд байна?
-Одоогийнх шиг түүхий нүүрс зараад байвал эрсдэлтэй гэдгийг бидэнд бодит байдал харууллаа. Түүхий нүүрсний үнэ буурахаар компаниуд нь хаалгаа барих жишээтэй. Түүхий нүүрсний үнээс үл хамаардаг коксыг экспортлох хэрэгтэй. Коксыг олон жилээр худалдаж авдаг, 3-4 дахин илүү үнээр зардаг, зах зээлээ 30 жилээр гэрээлдэг. Ийм бүтээгдэхүүн экспортлох зам руу орох ёстой. Ер нь бол хоёр жилийн дараа төмөр замууд ашиглалтад орж, үүнтэй зэрэгцэж Сайншандын коксны үйлдвэр, ширэмний үйлдвэрүүд ашиглалтад орвол эрдэс түүхий эдийн үнийн бууралтаас шалтгаалсан эрсдэлгүй болно.
-Аливаа улс орон үндэсний томоохон компаниудыг бий болгох замаар хөгждөг. БНСУ гэхэд “Самсунг” брэнд гэх мэт. Үүн шиг үндэсний компаниудыг бий болгож, дэлхийд танигдах тал дээр УИХ ямар бодлого баримтлах ёстой вэ?
-Монголын нүүрс экспортлогчдыг төлөөлж Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи ресурс ХХК, Тавантолгой ХК-ууд Хятадын Шинхуа Энержи компанитай нэг тэрбум хүртэл тонн нүүрс нийлүүлэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр урт хугацаанд Тавантолгойн бүлэг ордоос олборлох нүүрсийг тээвэр ложистикийн болон зах зээлийн өргөн боломж бүхий түнштэй хамтран борлуулах аятай нөхцөл бүрдэж байна. Энэ нь зөвхөн нэг компанийн бус улсын ажил болоод байна.
-Энэ нь Хөгжлийн бодлоготой уялдаад явах уу?
-Мэдээж уялдана. Бид 10 жилийн дараа ноолуураа бүгдийг нь бүтээгдэхүүн болгоно гэдэг нь салбарын бодлогод тусгагдана. Монгол Улсын өрсөлдөх чадвар юу байна, тэр компаниуд нь юу хийвэл дэлхийн зах зээл дээр гарч чадах бодлогыг хөгжлийн бодлогод тусгана.
-Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал шинэчлэгдсэнтэй холбоотойгоор олон хуулийг шинэчлэх шаардлагатай болсон. Эдгээр хуулийг шинэчилж дууссан уу?
-Тухайн хууль өөрчлөгдөхөд үндэсний аюулгүй байдлын зарчмыг л баримтлана. Түүнээс нэг өдөр кампанит ажил хийгээд өөрчлөөд явахгүй. Одоо өргөн барьж буй бүх хуулийг Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай нийцэж байна уу гэдгийг шалгадаг. Үүний эсрэг байх юм бол засдаг.
-УИХ-аас Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль дээр гурван ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Ажлын хэсгийн ажил аль түвшинд байна вэ. Улс төрийн намуудын санхүүжилтын асуудал сонирхол татаж байна?
-Гурван ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажил нь хамгийн удаан явж байгаа нь Үндсэн хуулийн ажлын хэсэг байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч Л.Цог даргаас үл хамаарах шалтгаанаар ажил удааширсан. Сонгуулийн тухай хуулийн ажил хурдтай байгаа. Болж өгвөл намар баталчих бодолтой байна. Улс төрийн намуудын тухай хуулийн хүрээнд ярихад дэлхий дээр намын санхүүжилтын хоёр системийг нийлүүлсэн гурав дахь систем бий. 100 хувь төрөөс хамааралгүй хандивын мөнгөн дээр тогтдог АНУ-ын систем байхад төрөөс ихэнх хувийг нь гаргадаг Европ буюу Германы систем байна. Манайх болохоор холимог юм. Санал өгсөн хүмүүсийн санал бүрийг 1000 төгрөгөөр үнэлээд сонгуулийн дараа нэг удаа мөнгө авдаг. АН 500 мянган хүний санал авлаа гэхэд таван тэрбум төгрөг авна гэсэн үг. Сонгогдсон гишүүнийхээ тоогоор тус бүрт нь 10 сая төгрөгийг жил бүр авдаг. 34 гишүүнтэй гэхээр жил бүр 340 сая төгрөг авна. Үүгээр санхүүжилтээ хийж явж байна. Тэгсэн мөртлөө компаниудаас хандив цуглуулж болох бөгөөд аж ахуй нэгж 10 сая, хувь хүн гурван сая төгрөг өгөх эрх нь жилд нэг удаа нээлттэй. Монгол Улсын онцлог гэж байна. Санхүүжилтийн дийлэнх хэсгийг УИХ-д суудалтай намууд авдаг. УИХ-д суудалгүй намууд үүнд оролцоно гэсэн ойлголт байхгүй. Компаниудаас хандив авахаа болъё. Тэгэхгүй бол УИХ компаниудтай холбоотой шийдвэрийг маш их гаргаж байна. Улс төрийн намууд “Энержи Ресурс”-ээс хандив авч тэдэнд таарсан шийдвэр гаргаж өгмөөргүй байгаа юм. Компаниудаас авдаг хандивыг улсын төсвөөс нэмж өгөхгүй бол болохгүй байна. Ерөнхийдөө Европын системийг мөрдье гэдэг дээр санал нэгдээд байгаа.
Улс төрийн нам Үндсэн хуулинд заагдсан төрийг байгуулдаг, сонгуульд нэр дэвшүүлдэг үндсэн байгууллага тул санхүүжилтыг төр дааж явах хэрэгтэй. Тэгвэл компаниудаас хараат бус болно.
-Намуудын байрны асуудлыг яахаар болсон бэ?
-Ажлын хэсэг дээр ярьж буй олон хувилбар байна. МАН-ыг “Та бүхэн улсын төсвийн 90 хувиар байраа барьсан учир бусад намаа оруулах боломжийг судлах” гэсэн зүйлийг ярьж байгаа. Олон нийтийн байгууллагын байрыг та нар хууль гаргаж нийгэмчлэх гэж байна гээд зөвшилцөлд хүрээгүй байна.
-МАН-аас АН ч гэсэн байр барих гэж байсан гэх мэт зүйл ярьж байсан?
-Ардчилсан нам хандиваар байр барих гэсэн чинь хандив цуглаагүй тул ажил зогссон.
-МАН-ын байрны түрээсэнд авдаг мөнгөн дээр хяналт тавих боломж байгаа юу?
-Нам ашгийн бус байгууллага гэдгээс эхэлнэ. Түрээсээр ашиг олоод бусдаасаа давуу байдал бий болгож болохгүй. Хуулиар хориглоогүй тул одоо МАН түрээсийнхээ мөнгийг авч байгаа.
-Хуулийг УИХ-ын гишүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлах зүйл ажиглагдах боллоо. Энэ зүйлийг яаж засах ёстой юм бол?
-Хууль ямар ч гарсан гэсэн улс төрийн зорилгоор тэгж тайлбарлах зүйл тасрахгүй. Үүнийг багасгахын тулд нэг үгийг нэг утгаар ойлгох ёстой. Хууль ойлгомжгүй бол дэлгэрүүлэх учиртай. Манайхан социализмын үеэс жижигхэн хууль гаргачихаад түүнийгээ дагасан том журам гаргаад явдаг. АНУ, Европын жишээнээс харахад журам нь өөрөө хуультай нэг зузаан ном байдаг. Хуулиа дагаад сурчихсан хүмүүст мөрдөхөд асуудал гардаггүй. Түүнийг нь манайд хэрэгжүүлье гэхээр шилжилтийн үедээ яваа тул таван жилийн хугацаанд хүссэн хүсээгүй харьцаа нь өөрчлөгдчихөөд байгаа юм. Таван жил тутам өөрчлөлт хийгээд явах уу Засгийн газрын журмаар жигдрүүлж байгаад сүүлд нь нэмж хуульчлах уу гэдэг техникийн асуудал байна.
-Санхүүгийн зохицуулах хороо УИХ-ын харьяанд байдаг. Хөрөнгийн биржийн захирал нь ажлаа өгсөн. Энэ талаар танд мэдээлэл байна уу?
-Сүүлийн хэд хоногт хэвлэлийг харж байхад таагүй зүйл харагдаж байна. Гэрээ хийсэн улсууд ажлаа өгөөд алга болсон ч олдож л таараа. Улсад хохирол учруулсан бол төлөх л үүрэгтэй. Ажилладаггүй систем байгаа бол мөнгөө буцааж авах хэрэгтэй. Хуулийн байгууллагууд учрыг нь олох байх. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлье гэвэл Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг мөрдөх хэрэгтэй. Уг хууль өнгөрөгч сараас хэрэгжиж эхэлсэн. Санхүүгийн зохицуулах хороонд бүх үйл ажиллагааг явуулах бололцоог хангаж өгнө.
-Төрийн өмчийн хороог төрийн сан болгох шийдвэр гарсан сураг байна?
-ТӨХ 1996 оны наймдугаар сарын 1-нд байгуулагдсан. Тэр үед ТӨХ-нд хийх ажил байсан. Одоо тэр функц нь дуусчихсан. Төрийн өмчийн мэдлийн цахилгаан станцууд, хэдэн аж ахуйн нэгж байна. Тэгэхээр ТӨХ захиргааны байгууллага байхаас илүүтэйгээр бизнесийн зарчмаар удирддга байгууллага болгох шинэчлэлийн ажил яригдаж байгаа юм. Цахилгаан станцуудыг аваад үзэхэд хувийн хэвшлээс хөрөнгө татаад хүчин чадлаа нэмэгдүүлэх боломжтой. Гэтэл Засгийн газрыг зээл авахыг хориглосон тул үүнийг хийх боломжгүй болчихсон.
-Төрийн өмчит компаниудыг хувьчлах ёстой гэхэд нөгөө хэсэг нь төр компаниудаа өөртөө авах ёстой гэх мэтээр янз бүрийн байр суурийг илэрхийлж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?
-Эрдэс баялгийн салбарт зээл аваад “Оюутолгой” ХХК шиг хөрөнгөтэй болно гэсэн бодлогоосоо УИХ татгалзаж байна. Уул уурхайн салбарт хөрөнгөөрөө орж болохгүй, шатдаг юм байна. Зөвхөн бодлого зохицуулалтаараа оролцох ёстой. Цаашид энэ олон төрийн өмчит компаниудыг хувьчилж таарна. Тэгэхгүй бол шинээр цахилгаан станц барих мөнгө улсад алга. Тэрийг хувийн хэвшилдээ даалгаж, тариф нь харин хөрөнгө оруулалтаа нөхөх хэмжээнд тавьж өгөх хэрэгтэй. Тэгэхээр цахилгааны үнэ өснө гэсэн үг. Өнөөдөр бид дэлхий дээр хамгийн хямд цахилгаан хэрэглэж байна. Тийм болохоор л тавдугаар цахилгаан станц баригдахгүй байгаа юм. Хэн ч алдагдалтай бизнест хөрөнгө оруулахгүй.
-Төсвийг батлахдаа ам.долларын ханшийг 1380 төгрөг байхаар баталсан. Гэтэл өнөөдөр 1750 төгрөгт хүрчихлээ. Төсвийн тодотголоор энэ харьцааг засах уу?
-Сарын дотор ам.долларын ханш буурахгүй. Бид ямар доллар оруулж ирж байна, юу авч байна гэдэг хоёр зүйлийн зөрүүн дээр гарч ирж буй ханш л даа. Нүүрсний үнэ өсөхгүй бол ханш энэ хэмжээндээ л байна. Валютын ханш өсөөд гадаад худалдааны алдагдал, гадаад худалдааны бууралт энэ бүхэн эдийн засгийн хүндрэл мөн. Түүнээс хямрал болоод сүйрчихсэн зүйл алга. Энэ байдлыг засахын тулд хэд хэдэн алхам хийх ёстой. Тэр нь өнгөрөгч намрын ээлжит бус чуулганаар ярьж байсан асуудлууд юм. Экспортоо нэмэгдүүлж экспортод гарч буй зүйлийнхээ үнийг бууруулах ёстой. Нэр төрлөө нэмэгдүүлэх хэрэгтэй. Энэ бүхэн нэг өдөр болчихдог асуудал биш.
-Ипотекийн зээл гарснаар орон сууцны үнэ буурна гэж байсан. Орон сууцны үнэ буурах уу?
-Найман хувийн зээлээс болж байрны үнэ буурахгүй. Зах зээлд нийлүүлэгдэж байгаа орон сууцны үнээс хамаарч буурна. Бид анх удаа нэг сая 300 мянгыг барьлаа. Ирэх жил нэг сая 400 мянгыг барина. Зах зээлд нийлүүлэгдэх орон сууц нэмэгдэх тусам үнэ бодит хэмжээнд очно. Манай үнэ бодит биш.
-Нийгмийн даатгалын санд хөрөнгө төвлөрч чадаж байгаа юу?
-Улс нийгмийн даатгалын сангийн өрийг өгч чадахгүй байгаа. Одоо хоёр дахь зээлээс ипотекийн зээлээ худалдаж авдаг зах зээлээ дөнгөж нээж байна. Энэ зүгшрэхийн хэрээр улс өрөө үе шаттайгаар төлж дуусгана. Улс үүнийг төлтөл Монголбанк үүнийг таслахгүй байх үүрэгтэй. Жилдээ 200-300 тэрбумыг төлөөд 10-15 жилдээ төлж дуусгая гэдэг төлөвлөгөөтэй байгаа.
-МАН-ын зүгээс хэд хэдэн хууль хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй байна гэж байсан. Хэлэлцэх асуудлын дараалал батлахдаа сөрөг хүчнийг ялгавардаад байгаа юм уу?
-Сөрөг хүчний өргөн барих гэж оролдоод буй хуулиуд нь манай орны санхүүгийн боломжоос давсан зүйл яриад байгаа юм. 21 мянган төгрөгийг сэргээе, эхчүүдэд мөнгө олгоё, малчдын тэтгэврийн насыг наашлуулах гэх мэт зүйлийг шаардаад байна. Одоогийн төсөвт үүнийг багтаах зай байхгүй. Ярьж байгаа хуулиуд нь их наядаар яригдаж байхад санхүүгийн боломж тэрбум төгрөгөөр буюу 1000 дахин бага мөнгө хуваарилагдаж байгаа. Тиймээс боломжгүй байна. МАН-ын бүлгийн хүссэнээр тэр хуулийн төслүүдийг хэлэлцээд явж болно. Гэхдээ эцсийн байдлаар хууль болж гарахгүйг тэд мэдэж байгаа.
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа батлаагүй байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт ороогүй гэсэн үг үү?
-Хэлэлцэх асуудлын жагсаалт батлагдаагүй. Ээлжит бус чуулганаар одоо гаргасан хувилбар батлагдана. Мөнгөний баталгаагүй хууль батлахгүйн тулд тэр хуулиудыг хэлэлцэхгүй байгаа юм. Сөрөг хүчин хариуцлагагүй байж болохгүй. Нэг талаар, бүх хүн 21 мянган төгрөг аваад, гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэй хүн мөнгөө аваад, малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулбал сайхан л байх. 2008-2012 онд ийм бодлогоор бид явж үзсэн. Үр дүнд нь одоо болтол өрөө төлж дуусаагүй байна. Тэр мөнгөнөөс Монгол Улсад юу нэмэгдэв. Ингээд үзэхээр юу ч алга. Халамжинд их мөнгө өгдөг нь буруу. Тэр тусмаа Тавантолгойг барьцаалж бий болоогүй мөнгийг зээлд тараасан байна. Халамжийг хавтгайруулахгүй, Монгол Улсыг үйлдвэртэй, иргэдийг ажилтай болгоод өг гэж 2012 оны сонгуулиар Ардчилсан намыг ард түмэн сонгосон.
-Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөх тухай тогтоолыг 2010 онд батласан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх ёстой ч одоо болтол хэрэгжүүлээгүй байна. Засгийн газраас үүргээ биелүүлээгүй тохиолдолд яах ёстой вэ?
-Эрчим хүчний үнэ халаалтын ачаалал буурахаар зах зээлийн горимдоо орох байх. Тэр нь өртөг зардал нэмэх нь ашиг гэдэг зарчмаар явна. УИХ-аас гаргасан шийдвэрийг Засгийн газар нь биелүүлэхгүй бол огцруулах арга байна.
-Засгийн газрын тухай хууль болон УИХ-ын тухай хуулиас болж завсарлага авсан. Хугацааны хувьд маргаан гараад байна. АН-ын зарим гишүүн хууль батлагдсан өдрөөс эхлэн мөрдөн ёстой гэж байсан?
-Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрийнх нь хуулиар Засгийн газрыг огцруулах тухай хөндөөгүй. Хэлэлцүүлгийн явцад хугацаа өөрчлөгдөх юм бол хориг тавина гэдгээ Ухаалаг төрийн уулзалтын үеэр шууд мэдэгдсэн. Тиймээс хуулийн хугацаа нь 2016 оноороо батлагдах байх.
-Урт нэртэй хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль гэх мэт үр ашиггүй хууль батласнаар болж эдийн засагт хохирол учруулаад байна. Гэтэл эдгээр хуулийг батлуулсан гишүүд нь ямар ч хариуцлага хүлээлгүйгээр дахин сонгогдсон. Хариуцлагын тогтолцоог хэрхэн өөрчлөх вэ?
-Тухайн гишүүндээ хариуцлага тооцохгүй. Тэр гишүүний санаачилсан хуулийг батласан бол УИХ-тайгаа л ярих ёстой. УИХ олонхийн саналаар шийддэг тул хөрөнгө оруулалтын үргээсэн урт нэртэй хуулиа хүчингүй болгосон. Одоо хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэр барих ажлууд үлдээд байна. Урт нэртэй хууль батласан хуулиа буцааж хэрэгжүүлдэгийн нэг тод жишээ байгаа юм. Буцааж хэрэгжүүлэхэд тэр үед ажиллаж байсан уурхайнуудыг хаана, нөхөн олговор өгнө гэж шийдсэн. Гэтэл нөхөн олговор өгдөг мөнгө нь алга. Нөхөн олговорт 430 тэрбум төгрөг нэхэж байна. УИХ тэр 430 тэрбум төгрөг бодитой юу үгүй юу гэдгийг шалгаж байгаа. Тухайн компани алт олборлож эхлэхдээ хэдэн кг алт Монгол банкинд зарсан юм. Байгаль орчноо хэрхэн нөхөн сэргээсэн юм гээд энэ бүгдээс хамаараад мөнгө өгөх үү, үгүй юу гэдгээ шийднэ. Шинэ гарсан урт нэртэй хууль зөвхөн дараагийн компаниудад үйлчилдэг байх юм бол үүн шиг асуудал гарахгүй. Тэгэхээр энэ зарчим дээр тулгуурлан УИХ алдаан дээрээ дүгнэлт хийгээд Газрын тосны тухай хуулин дээр хэрэгжүүлж байна. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулга батласнаар одоо байгаа бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрүүд хөндөгдөхгүй. Энэ нь орд газраа дуустал явна гэсэн үг. Шинээр байгуулах бүтээгдэхүүн хуваах хэлэлцээрт шинэ хуулиа хэрэглэнэ гэдэг зарчим үйлчилнэ. УИХ суралцсаар байна. Хууль буцаж үйлчлэх юм бол эдийн засгийг маш их бужигнуулдаг юм байна гэдгийг мэдсэн тул буцаж үйлчлэхгүй байхаар хуулиа гаргаж ир гэдэг сургамжийг авсан.
-МАН-ын гишүүдийг байнгын хороонд олонхийн бүлгийн гишүүдтэй адил оролцуулах ёстой гэсэн хуулийн төсөл яваад байгаа. Уг асуудлыг хэзээ шийдэх вэ?
-Асуудлыг хэлэлцэж болно. Батлагдах уу, үгүй юу гэдгийг бүлгүүд шийднэ. Хэрэв тэд батална гэвэл батална. Түүнээс шууд ороод батлагдахгүй. УИХ бүрэлдэнгүүт тодорхой хугацааны дараа бичгээр илэрхийлэх үүрэгтэй ч МАН-ынхан тэр үүргээ биелүүлээгүй.
-Парламентыг хоёр танхимтай болгох, ялангуяа эрх мэдлийн хуваарилалтыг өөрчлөх асуудал яригдаж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?
-Тийм байх боломжгүй. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглалын хэлбэрийг өөрчлөх эрхгүй. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг аваад үзэх юм бол Үндсэн хуулийн тэр тэр бүлэгт огт гар хүрч болохгүй гээд хаачихсан байдаг. Тиймээс ажлын хэсэг хоёр танхимын тухай огт яриагүй. Гаргалаа гэхэд хэлэлцэх боломжгүй. Одоогийн засаглалын хэлбэрийг хадгална гэсэн үг.
-Ерөнхийлөгчөөс шууд ардчиллыг бий болгох тухай яриад байгаа. Кирилл үсгээс дөрвийг нь хасна гэх мэтээр ярьж байсан. Иймэрхүү ач холбогдолтой асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх үү?
-БШУЯ-нд өгсөн 800 сая төгрөгт монгол хэлний толь бичиг гаргахдаа хүссэн хүн саналаа явуулж болно гэсэн байгаа. Аль эрдэмтний зөв бурууг нь хэрэглэгчид өөрсдөө тогтооно. Хамгийн олон санал авсан үг нь цаашид хэрэглэгдэнэ гэсэн үг.
-Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 онд батлагдсан ч хэрэглэгдсэнгүй. Ухаалаг төрийн хүрээнд уг хуулийг шинэчилж найруулна гэсэн яригдаж байна?
-Санал асуулгыг анхнаасаа Үндсэн хуулинд цөөхөн тохиолдолд хэрэглэхээр хийсэн юм билээ. Юм болгоноо асуудаг улс байна. Эсвэл асуудаггүй улс гэж байна. Манай орон тэгэхээр бараг асуудаггүй улсын жагсаалтад байгаа. Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг хийж санал асуулгаар шийддэг төрөл зүйлийг нэмэхгүй бол болохгүй.
-УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаан ирцээс шалтгаалан нэлээдгүй хойшилсон. Гишүүдийн энэ байдлыг хаврын чуулганаар хэрхэн шийдэх вэ. Үүнийг шийдхээр хэд хэдэн хуулийн төсөв явж байсан шүү дээ?
-Хурууны хээгээр ирц бүртгэх хуулийн төсөл унасан. С.Бямбацогт гишүүн өөрөө хуулиа татаж авсан. Миний зүгээс хуулийн төслөө татаж авсныг нь одоогоор зөвшөөрөөгүй байгаа. Хууль татаж авсныг нь зөвшөөрөх юм бол түүнийг нь орлох зүйлийг оруулж ирсэн тохиолдолд би зөвшөөрнө гэдгээ хэлсэн. Олон нийтэд сүр дуулиантай мэдээлэл хийснийхээ дараа хуулийн төслөө татсан шалтгааныг С.Бямбацогт гишүүнээс асуух хэрэгтэй. Гишүүдийн ирцийг зарлаж байгаа нь тэднийг ирцэндээ анхаараач гэсэн үг. Хөдөө уулзахаар очиход нь хөдөөний малчин “Чи яагаад хуралдаа суудаггүй юм” гээд асууна. Одоо суудаг болох байлгүй дээ. Хамгийн чухал нь ил тод байдал. Тиймээс гишүүдийн ирцийг зарлачихсан. Үүнд гишүүд дургүй байгаа. Үүнээс өөр алга. Би хуралдаа суу гэж байнга л хэлдэг. Хуралдаа суугаагүй бол одоо сонгогчдоороо л дүнгээ тавиулах хэрэгтэй.
-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүн ахалж байгаа. 2012 онд жагсаалтаар орсон гишүүд 2016 онд дахин жагсаалтаар орох боломжгүй гэх заалт оруулж байгаа гэсэн үү?
-Үүнийг хуульчилж болно. Хуульчлахгүйгаар намууд өөрсдөө мөрдсөн ч болох юм. Жагсаалтын тухай асуудлыг нам өөрөө шийдсэн нь дээр.
-Сонгуулийн тухай хуулинд хариуцлагыг хэрхэн оруулж өгч байгаа бол. Увсын хоёр гишүүн мөнгө тараасан гээд хэл ам дагуулж байсан ч юу ч болсон юмгүй сууж л байна?
-Энэ бол Сонгуулийн ерөнхий хорооны шийдэх асуудал. Шинэ сонгуулийн хуулиар мөнгө тараасныг нь гишүүн болох үед нь мэдээгүй хүмүүсийг хүчингүй болгох эрх нь байгаа. Сонгуулийн өмнө мөнгө тараавал бүртгэж авахгүй. Сонгуулийн явцад мөнгө тараавал саналын хуудаснаас нэрийг нь хасна. Тэр нь сонгуулийн дараа тогтоогдвол УИХ-ын гишүүнээс татна гэдэг хууль гаргаж өгсөн. Сая БНСУ-ын парламент дөрвөн гишүүнээ татчихлаа. Тэд ямар алдаа гаргасан гэхээр намдаа өгдөг мөнгөний хэмжээгээ хэтрүүлсэн. Жагсаалтад орохын тулд мөнгө өгөх ёстой байсан ч жагсаалтад дээгүүр бичигдэхийн тулд мөнгөө хэтрүүлчихсэн юм билээ. Тэр бол сонгогчдод мөнгө тараагаагүй. Гишүүн болсон хойно нь татаад авчихаж байна гэдэг чинь Өмнөд Солонгосын сонгуулийн хороо сайн ажиллаж байна гэсэн үг. Мөнгө тараасан хүмүүсийг УИХ-аас гаргачих юм бол дараагийн сонгуулиар мөнгө тараах хүн гарахгүй.