Цагаан олимп Оросынх боллоо

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

Цагаан олимп Оросынх боллоо

-Олимпод 225 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон оросууд медалийн чансаагаар ч, тоогоор ч тэр олимпод тамирчдаа сойсон дэлхийн 88 орны тэргүүнд бичигдлээ-

Хар далайн эрэг дэх цагаан олимп бүс нутгийн аялал жуулчлалын төв Сочи хотыг өнгөрсөн хэдэн өдрийн турш дэлхийн татах хүчний төвд аваачлаа. Орос оронд “зочилсон” анхны цагаан олимп орчин цагийн олимпийн түүхэнд цоо шинэ хуудас нэмэв. Хамгийн өндөр өртөгтэй, хамгийн дулаан, хамгийн өнөр өтгөн, хамгийн өргөн хүрээг хамарсан гээд элдэв тодотгол, чимэг ихтэй өвлийн XXII олимп өчигдөр /II.23/ хаалтаа хийлээ. Зөвхөн олимпизмийн түүхэнд бус ОХУ хэмээх их гүрний арвин их түүхийн хуудсанд олон шинэ зүйл авчирснаараа энэ олимп үнэ цэнэтэй.

ОЛИМП ОРОСЫНХ БОЛЛОО

Олимпийн сүүлийн өдөр оросууд нэр төртэй ялалт байгуулснаар өвлийн XXII олимп талбайн эзэн орны давамгайлал дор өндөрлөв. Олимпийн тэмцээн, уралдаан тэхий дундаа орох хүртэл төдий л өндөр амжилт гаргаагүй байсан олимпийн эзэд хаалтын өдөр гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн бөөн гараатай 50 км-ийн уралдаанд үнэмлэхүй амжилт гаргаж, медалийн тавцанг бүхэлд нь эзэгнэсээр медалийн чансаагаар ч, тоогоор ч тэр олимпод тамирчдаа сойсон дэлхийн 88 орны тэргүүнд бичигдэв. Олимпийн найдвар болсон шилдэг тамирчид нь төсөөлсөн амжилтаас наагуур бүдэрсэн ч эх орныхоо нэрийг авч гарах чадвартай баатрууд байдаг гэдгийг Оросын баг харуулсан билээ. Уран гулгалт, чарга, бобслей, сноуборд, шорт-трек, сүүлдээ биатлоноор алтан медалийн ургац хурааснаар оросууд багийн дүнгээр давуу ялалт байгуулав. Виктор гэх орос нэртэй БНСУ, АНУ-ын хоёр “легионер” ОХУ-ыг төлөөлөн Сочийн талбарт өрсөлдөж, таван алтан медалийг хоёр дахь эх орондоо авчирлаа. Нэг нь шорт-трекчин Виктор Ан, нөгөөх нь сноубордын тамирчин Виктор Уайлд. Онцлоход, солонгосуудад “гологдсон” Виктор Ан шорт-трекийн төрөлд гурван алтан медаль зүүснээрээ Сочийн олимпиос Оросын хамгийн ганган тамирчин боллоо. Яван чангарсан Оросын багийнхан Сочигоос 13 алтан медаль хүртэхдээ шорт-трек, уран гулгалтаар тус бүр гурав, сноубордоор хоёр, бусдыг нь биатлон, бобслей, гүйлтийн цана, чарганы төрөлд авчээ. Нутагтаа олимп хийснийх, хоккейн аварга цолоо эргүүлэн авах гэсэн орос мөрөөдөл энэ удаад биелээгүй ч Оросын тамирчид түүхэн амжилт гаргалаа.

Виктор Ан

ДЭЛХИЙН РЕКОРД ЗУРГАА, ОЛИМПИЙНХ 10

Хамгийн олон төрөлд хамгийн олон багц медалийн төлөө хамгийн олон орны хамгийн олон тамирчин өрсөлдсөн Сочийн олимпийн үеэр дэлхийн дээд амжилт зургаа, олимпийн рекорд 10 удаа шинэчлэгджээ. Дэлхийн 88 орны 2871 тамирчин спортын 15 төрлөөр 98 багц медалийн төлөө өрсөлдсөн Сочийн олимпийн өөр олон рекорд амжилтууд тэмдэглэгдсэн юм. Тухайлбал, олимпийн баатар Уле-Эйнар Бьёрндален /Норвеги/ 40 насандаа алтан медаль хүртэж, хамгийн ахмад аварга болсноос гадна олимпиос 13 дахь алтан медалиа гардсан юм. Түүнчлэн Армин Зоеггелер зургаан олимп дараалан медалийн тавцнаас буугаагүй анхны тамирчин, Виктор Анн олимпийн шорт-трекийн дөрвөн зайд бүгдэд нь алтан медаль хүртсэн анхны тамирчин, Канадын эмэгтэй кёрлингчид олимпийн бүх тоглолтдоо ялсан анхны баг болжээ. Тэднээс гадна Нидерландын тэшүүрчдийн амжилт бахархам байсан. Сочийн олимпиос 24 медаль хүртсэн тэд 23-ыг нь тэшүүрийн төрөлд, ингэхдээ найман алт, долоон мөнгө, найман хүрэл медаль хүртжээ. Үлдсэн нэг медаль нь мөн л тэшүүрийн нэг төрөл болох шорт-трекийн төрөлд гардсан хүрэл байлаа.

Уле-Эйнар Бьёрндален
БИД Ч БАС ОЛИМПИЙН ТҮҮХЭНД БАГТСАН…

Сочийн цасан замд хурд сорьсон Монголын цаначид үүргээ амжилттай биелүүлэв. Ерөөс гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчны бүрэлдэхүүнтэй хойд хөршийг зорьсон монголчууд ямартай ч олимпийн тэнгэрт тугаа мандуулж, олимпийн цас, мөсөн замд мөрөө гаргасан 88 орны нэгт багтаж чадлаа. Өвлийн олимпиос эрхээ ч авч чадалгүй цагаан хуудсаар “зочилдог” байсантай харьцуулахад одоо бид олон улсын томоохон тэмцээнээс олимпийн эрхээ авч, цагаан олимпийг зорьдог болсон нь шат ахисны илрэл. Олимпийн хагас зууны түүхэндээ өвлийн олимпод гайхуулах амжилт үзүүлээгүй ч улс орны хөгжил, техник, технологийн дэвшил, түрийвчний нимгэн зузаан ч тамирчдын амжилтад нөлөөлдөг болохоор Сочийн олимпод уралдсан Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нарын амжилтыг монголчууд чамлаагүй.

Б.Бямбадорж


Ч.Отгонцэцэг
ПУТИНЫ ХҮСЭЛ БИЕЛЭВ

Улс орны хөгжил, эдийн засгийн үр өгөөж, бүтээн байгуулалт гээд олон талын ач холбогдолтой олимпийн наадмыг хэрхэн хүлээн авч, хэрхэн зохион байгуулснаараа тухайн улсын нэр хүнд дэлхийн тавцанд тодорхойлогддог. Аль ч салбарт амбиц ихтэй, хэдийнээс дэлхийн гол тоглогчдын нэг байсаар ирсэн Орос орны хувьд Сочийн олимп үүргээ тун сайн гүйцэтгэлээ. Найман жилийн өмнө өвлийн олимпийг зохион байгуулах хүсэлтээ Олон улсын олимпийн хороонд гаргаж, удаах жил нь эрхээ албан ёсоор авснаас хойш Сочийн олимп “Путины олимп” гэх албан бус тодотголтой болсон юм. Олимпийн “нийслэл”-ээр Сочийг сонгосон, тус хотод шинээр барьж байгуулах барилгын дизайн, хэв маяг, элдэв гэрээ контракт гээд бүгд зөвхөн ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путины гараар дамжсан болохоор тэр. Олимпийг аль хотод зохион байгуулах тухай ард түмний саналыг асуугаагүй, тэр бүү хэл парламентийн төвшинд огт дурдаагүй, зөвхөн Путин “бүрэн эрхийнхээ хүрээнд” бүгдийг толгой мэдэж шийдсэн болохоор энэ олимп аргагүй л Путиных болов. Хамгийн чухал нь “Сочи-2014” наадам өвлийн олимпийн түүхэнд шилдэг нь байж чадсаныг дэлхийн тамирчид гэрчилж байна.


Аделина Сотникова

СОЧИЙН ШИНЭ ТҮҮХ: ОЛИМПИЙН ХОТ

Ердөө хоёр, гуравхан жилийн өмнө Сочи хот жуулчдад зориулсан зочид буудал, дэлгүүр хоршоо, амралт цэнгээний газруудыг эс тооцвол зам дагуух хэдэн байшингаас өөр гойд зүйлгүй Оросын ердийн нэг тосгон байсан гэдэг. Харин одоо бол энд тэндгүй спортын томоохон барилга, байгууламж борооны дараах мөөг шиг олширч, Сочи бүрэн утгаараа хот болон хөгжжээ. Ерөөс хүйтэн дайнаас хойш анх удаа энэ их хэмжээний бүтээн байгуулалтыг цагаан олимп Сочид “далласан” нь энэ. Олимпийн тэмцээн, уралдаан зохион байгуулахын тулд цоо шинээр 11 байгууламж барьж, зочдыг хүлээн авах зочид буудлын барилгын ажил эцсийн хором хүртэл тэнд өрнөж байв.

Япон улс 1964 оны зуны олимпийг зохион байгуулахад зориулж  анх удаа хурдны галт тэрэг, метрогоо барьж, ашиглалтад оруулж байсан бол Сөүл 1988 оны олимпийг хүлээн авахдаа хурдны зам барьж, замны түгжрэлийг бууруулсан нь хожмоо Өмнөд Солонгосын эдийн засаг том хувь нэмэр болсон байдаг. Энэ жишгээр олимп зохион байгуулах ажлын хүрээнд оросууд Сочи дахь харилцаа холбооны шугам сүлжээг бүгдийг нь шинэчилж, эрчим хүчний хангамжийг хэд дахин нэмэгдүүлэх цогц ажил хийж, 367 км автозам тавихын зэрэгцээ нисэх буудлын терминалыг бүрэн шинэчилж, төмөр замыг өргөтгөн шинэчилжээ.

Энэ мэт бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажилд Путины засгийн газар 51 тэрбум ам.доллар зарцуулснаар Сочийн олимп түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй олимп болж байна. Харьцуулахад, өмнөх дээд “амжилт”-ын эзэн Бээжин 2008 онд зуны олимпод зориулж 40 тэрбум ам.доллар зарлагадаж байв. Гэхдээ өвлийн олимпиос ялгаатай нь зуны наадмын хөтөлбөрт багтах спортын төрөл, зай хавьгүй олон тэр хэрээр оролцох орон, тамирчдын тоо хавьгүй илүү байдаг билээ.

Ямартай ч цагаан олимпийн ачаар Сочи “ОЛИМПИЙН ХОТ” боллоо.


Ванесса Мей


Дарья Домрачева

С.ЦЭЛМЭГ

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №050

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж