Шатахууны үнийг 30 төгрөгөөр хямдруулав

Хуучирсан мэдээ: 2011.05.06-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийг 30 төгрөгөөр хямдруулав

ОХУ-аас газрын тосны экспортоо энэ сарын 1-нээс эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарласныг далимдуулан  Монголын импортлогчид  өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт шатахууны үнийг 80 төгрөгөөр өсгөсөн.  Дээрх үнийн өсөлтийг буруушааж буйгаа Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос мэдэгдсэн.

 Хэдийгээр ОХУ дотоодын зах зээлд үүссэн газрын тосны зарим бүтээгдэхүүний хомсдолыг арилгах зорилгоор экспортдоо хориг тавьсан ч Дундад азийн орнууд болоод, ялангуяа Монгол дахь нийлүүлэлтээ зогсоохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.  Роснефтийн хэвлэлийн төлөөлөгч, мөн тус компанийн экспорт хариуцсан захирал С.А.Андронов нар  дээрх мэдээллийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон Газрын тосны газарт уламжлахдаа “Евростандартын бензин нийлүүлдэг орнуудад нийлүүлэлт хэвээрээ байх болно, үнэд ч өөрчлөлт орохгүй” гэдгийг онцолсон байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас нь ОХУ-ын шийдвэр Монголд хамаарахгүй, “Роснефть”-ээс хуучин үнээр нь шатахуун нийлүүлэх учраас жижиглэнгийн үнэд нөлөөлөхгүй хэмээн анхааруулсаар атал импортлогчид  зоргоороо аашилсан нь салбарын яамнаасаа хатуухан донго хүртэхэд хүргэсэн бололтой.  Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт шатахууныхаа үнийг дураараа нэмсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрөлтэй нь ярих болно гэдгээ ч анхааруулсан юм. Энэ анхааруулга импортлогчдод багагүй түгшүүр төрүүлсэн бололтой. Тиймээс  дээрх асуудлаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам импортлогчидтой   уулзалдаж, тохиролцоонд хүрсээ. Уулзалтаар импортлогчид өчигдөр оройноос шатахууныхаа үнийг буцаад бууруулна гэдгээ бүгд амалсан гэнэ. Өчигдөр оройны байдлаар Магнайтрейд”, “Петровис”, “Шунхлай”, “Сод монгол” өнөөдрөөс шатахууныхаа үнийг 30 төгрөгөөр буулгалаа. Ийнхүү ямарч шалтаггүйгээр өсгөсөн шатахууны үнэ эргээд 30 төгрөгөөр буурсан бөгөөд салбарын яамны зүгээс дахиж шалтгаангүйгээр шатахууны үнийг өсгөж, нийгэмд хямрал үүсгэсэн импортлогчтой хатуухан тооцоо хийх болно гэдгийг ч давхар сануулсан гэнэ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж