&#34Coal Mongolia&#34: Төмөр зам юу болов?

Хуучирсан мэдээ: 2014.02.24-нд нийтлэгдсэн

&#34Coal Mongolia&#34: Төмөр зам юу болов?

Мухардалд орсон асуудлаа ярилцахаар өнгөрсөн долоо хоногт Улаанбаатарт цугларсан нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байсан ганц гол асуулт нь Монгол хэзээ экспортын төмөр замтай болох вэ? Төмөр замын асуудал хариуцсан салбарын сайд нь зав муутайхан байсан уу, нүүрснийхэн хүлээж байсан гол асуултандаа олигтойхон хариулт авч чадсангүй. Мэдээж, мэргэжилтнүүдийн тайлбар тэнд дутаагүй ч гэлээ Монгол Улс яг ямар царигаар төмөр замаа барих,  эдийн засаг болоод геополитокийн  ач холбогдол юу вэ гэдэг талаар нүүрсний салбарынхан юу бодож   явааг салбарын сайд нь хоёр чихээрээ сонссон бол шийдвэр гаргахад илүү бодитой болох байсан биз.
    Уул уурхайн салбарт ажиллаж байгаа төрийн бус байгууллагынхан, төмөр замын мэргэжилтнүүд Тавантолгой-Гашуунсухайн чиглэлийн 267 км  замыг нарийн царигтай байх ёстой гэдэг дээр чуулга уулзалтын үеэр санал нэгдэв. Эдийн засгийн үр ашиг, байгаль экологио бодсон ч энэ нь илүү дээр хувилбар гэнэ лээ.

 Магадгүй  энэхүү чуулга уулзалт нь нүүрсний салбарт тэг зогсолт хийсэн, дэлхийн зах зээлд үнэ нь унасан гээд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад хамгийн хямралтай үед  зохиогдсон нь   олон хүний анхаарлыг татахад хүргэсэн биз. Тийм ч учраас үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол гэсэн том горьдлоготой ирсэн төлөөлөгчид цөөнгүй, нүүрснийхэн мухардлаасаа гарах гарцаа олж чадах нь уу гэсэн ажиглагч олонтой чуулга уулзалт болов.  Тиймдээ ч ажиглагч, оролцогчид бүгд нүүрсний салбарын байдал сайнгүй байгаа үед татварын уян хатан бодлогоор хямралыг давах боломж байгааг дуулгасан ч Сангийн сайд энэ талаар ямар нэгэн нааштай үг унагаагүй. Харин ч гундуухан байгаа хөрөнгө оруулагчдад бодитой мэдээлэл өгөх нь битгий хэр баахан мөрөөдлөө ярьж байгаад явснаас харахад энэ салбарт баримтлах төрийн бодлого шинэчлэгдэхгүй шинжтэй.  Монгол Улс нүүрсээрээ амь зогооно гэж бодож байгаа юм бол нүүрснийхний зовлон жаргалыг сонсч, бодлогоо тодорхойлох ёстой шүү дээ.  Зүгээр л түүхий чигээр нь нүүрсээ, хүнд даацын хэдэн машинаар зөөнө гэж байгаа бол хамаа байж уу. Харамсалтай нь Монголын энэ арчаагүй байдал гадныхны идэш болж буйг л хөрөнгө оруулагчид төрдөө дуулгахыг хүссэн байлгүй. Даанч тэдний үгийг нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргачихдаг болохоор энэ удаагийн чуулга уулзалтаас төр гэнэт ухаан суух нь юу л бол.
Дөрөв дэх удаагаа зохион байгуулагдсан "Coal Mongiolia" чуулга уулзалт мухардлаас гарах гарцыг олохоос илүү салбарынхан нь сэтгэлдээ тээж яваа гомдлоо тайлсан хурал боллоо гэж тодорхойлж болох юм. Нөгөө л улиг болсон сэдвүүд, үр дүнгүй шүүмжлэл, хариулт нэхсэн хөрөнгө оруулагчид,  гоё ярьсан төр. 

Чуулга уулзалтын эхлэл, төгсгөлийг хөндлөнгөөс харахад хөрөнгө оруулагчид уламжлалынхаа дагуу жилдээ нэг удаа сэтгэлдээ хуримтлагдсан гомдлоо тайлж аваад л буцдаг болоо юу гэлтэй санагдсаныг нуух юун. Шулуухан хэлэхэд "Coal Mongiolia" салбарыг мухардлаас гаргах арга хэмжээ гэхээсээ илүү, гомдогчдын үгийг сонсох л талбар болон хувирчээ.

Нүүрсний салбарын уналт, тэнд нүүрлэж буй хямрал, үнийн хямдрал зөвхөн тус салбарт ажиллаж буй хүмүүст хамааралтай асуудал биш билээ. Улсын төсвийн 40 хувийг дангаараар хангаж ирсэн, 2014 оны төсвийг бүрдүүлэх гол орлого хэмээн тооцсон нүүрсний салбарт нүүрлэсэн асуудлаас Монголын эдийн засаг, өрхийн амьжиргааны төсөв, цаашлаап улсын төсвийн орлогоор хийхээр төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтууд, бүтээн байгуулалт гээд бүх зүйл хамааралтай. Тийм ч учраас өнгөрсөн долоо хоног болсон "Coal Mongiolia" чуулга уулзалтыг явц, өрнөл, үр дүнг анхаарах ажиглах хүмүүс ч олон байлаа. Ялангуяа яг энэ хурлаар ямар шийдэл гаргаж чадах нь вэ гэсэн горьдлого багагүй байсан юм.  Жил бүр хөнддөг цөөхөн асуудалтай, түүнийгээ шийдэх гарцаа ололгүй ингэж өндөрлөөд байвал ийм чуулга уулзалт зохиох шаардлага юун.

Чуулга уулзалтын хувьд дүгнэн хэлэхэд оролцогч, төлөөлөгчдийн тоо өмнөхөөсөө 300-гаар нэмэгджээ. Тоон үзүүлэлтийн хувьд нэг дэвшилт гэж харж болох байх. Гэхдээ чанар хаана байна гэж асуумаар хариултгүй үлдсэн сэдвүүд олон бодохоор "Coal Mongiolia-2014"-ыг  ерөнхийд тоймлоход их л хуурайдуухан чуулга уулзалт боллоо. Учир нь өмнөх гурван удаагийн чуулга уулзалтаасаа энэ удаагийнх илүү байж чадсангүй гэдэг энэ салбарын хувь заяа цаашид хэрхэх бол гэсэн эмзэглэл дагуулсан олон  асуултын эхлэл болж байгаа юм.

Монгол Улсын хувьд нүүрсний салбарт нүүрлээд байгаа хямрал юунаас болж байна вэ гэдэг "онош"-оо аль хэдийн тогтоочихсон хэдий ч түүнийгээ эмчлэх бодлого нь цаг хугацаанаасаа хоцорч байгаа нь гашуун үнэн. Анхны чуулга уулзалтын  үеэр  буюу 2011 онд гадаадын мэргэжилтнүүд "Монголын нүүрс төмөр замгүйгээр үнэд хүрэхгүй" гэж сануулснаас хойш дөрвөн жил өнгөрч, дэд бүтцийн асуудал нь өнөөх л хэвээрээ, харин нүүрс нь Хятадын хил дээр хог болчихсон нь илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ гэдэг үгийг сануулнам.  Үнэндээ Монголын нүүрсний салбар дэд бүтэцгүйгээр хэзээ ч амжилтад хүрэхгүй. Тэр тусмаа дэлхийн нүүрсний зах зээл дэх өрсөлдөх чадвар ширүүсч буй өнөөгийн нөхцөлд экспортын төмөр замгүйгээр Монголын эдийн засаг хаа холдох вэ. Үүнийг  шүүмжлэхээр ирсэн нүүрснийхэн салбарын хурган дарга нарын сайхан амлалтыг сонссон шигээ сэтгэл гонсгорхон буцсан болов уу. Тэгэхээр энэ удаагийн "Coal Mongiolia"-гаас хариултгүй хоцорсон нүүрснийхний өмнөөс Монгол хэзээ экспортын төмөр замаа барьж дуусгах вэ гэдгийг асуудал эрхэлсэн сайдаас асуумаар санагдаад болдоггүй. Энэ жилийн чуулганы гол асуулт болсон эл сэдэв ирэх жилүүдэд дахин, дахин хөндөгдөх вий гэсэн дээ  ингэж асуухыг хүсч байна.

 Ж.НЯМСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж