
УИХ дахь олонхийн бүлгийн даргыг Ховд аймагт ажиллах үеэр УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Ховд нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Батцогт нар мөн ажиллалаа.
УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын 2014 оны төсвийг хэлэлцэх үед төсөвт өртөг нь нэмэгдсэн 200 гаруй обьектыг царцаасан. Тэгвэл Ховд аймагт нийт 18 төсөл арга хэмжээ царцаагдсанаас тав нь барилга аж. Тэдгээртэй УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга танилцаад 10 гаруйнх нь хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт шилжүүлэх шаардлагатай хэмээн үзсэн юм.
Ажил урагшлаагүй нь хэд, хэдэн шалтгаантай холбоотой байлаа. Тухайлбал, нэг компанид олон ажил өгсөн, зарим ажил авсан компани нь олдохоо больсон, тендэрийг хэсэгчлэн зарласан, хийсэн ажил нь чанарын шаардлага хангаагүй зэргээс болж дээрх ажлууд царцаагджээ. Түүнчлэн төсвийн хөрөнгийг зориулалтынх нь дагуу ашиглаагүй зочид буудал барихад зарцуулсан ноцтой асуудал ч хурцаар тавигдав. Үүнд УИХ дахь олонхийн бүлгийн дарга шүүмжлэлтэй хандаж “Татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд ийн дур мэдэн зарцуулж, үрэлгэн хандах нь зохисгүй, зогсоох ёстой” гэж хэлсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газар иргэдийг захаар үйлчлүүлэхдээ ая тухтай, наймаачид эрүүл, аюулгүй орчинд ажиллах бололцоог бүрдүүлэхийн тулд аймгийн төвүүдийн захыг битүү болгоно хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл энэ ажил Ховд аймагт бодитоор хэрэгжиж, УИХ, Засгийн газрын гишүүдийг тус аймагт ажиллах үеэр нээлт нь боллоо.
Монголын хамгийн хүйтэн бүсэд хамаардаг Ховд аймагт битүү зах барих нь нэн тэргүүний тулгамдсан асуудал байсан аж. Зах зээлд шилжсэн үеэс буюу 20 гаруй жилийн турш наймаачид задгай талбайд худалдаа хийж, эрүүл мэндээрээ хохирч байснаас гадна бараа бүтээгдэхүүнээ чанарын төвшинд хадгалж чадахгүй явжээ. Харин Засгийн газраас гаргасан санаачлагыг худалдаачид дэмжиж, хамтарснаар “Эвийн хүч” нэртэй компани байгуулж нэг тэрбум төгрөгийг хамтран босгосон аж. Үүнд 400 гаруй бизнес эрхлэгч нэгдсэн байна. Мөн Ерөнхий сайдын багцаас 3.7 тэрбум төгрөг зарцуулснаар орчин үеийн шаардлага хангасан дулаан тохилог битүү худалдааны төв барьж ашиглалтад оруулсан нь энэ аж. Уг төв ашиглалтад орсноор 500 гаруй иргэн ажлын байраар хангагдаж байгаа юм байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат худалдааны төвийн үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэхэд төрийн оролцоо байх шаардлагагүй, хувийн хэвшилдээ зохих ёсоор нь олгоод бие даалгаад эрхлүүлэх ёстой гэсэн юм.

Ховд аймаг дахь Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвд зөвхөн тус аймгийнхан үйлчлүүлээд зогсохгүй зэргэлдээх аймгийнхан үйлчлүүлэх эрхтэй. Гэвч Халдвартын тасаг нь бараг үүдээ барихдаа тулаад байгаатай УИХ дахь олонхийн бүлгийн дарга биечлэн танилцлаа. Хоёр давхар барилгын нэлээд хэсэг мөөгөнцөртөж, цэвдэг суусан байв. Ийм байранд өвчтэй хүн хүлээн авч эмчилэх нь байтугай эмч нар ажил хийх бололцоогүй байна гэдгээ Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төвийнхөн хэлж, яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүсэв.
Д.Эрдэнэбат дарга “Баруун бүсийн аймгуудын тулгуур эмчилгээний төв болохын хувьд асуудлыг бүрэн шийдэх нөхцөл бололцоог судална” гэж хэлсэн юм.
Уг төв бүрэн хүчин чадлаараа ажиллаж байвал алс холын аймгийн иргэд Улаанбаатар хотыг зорьж, явдал суудал болох шаардлагагүй. Гэхдээ ийм хэмжээнд хүрэхийн тулд өвдөж зовсон иргэнээ ороод ирэхэд тохь тухтай газар хүлээн авахаас гадна техник технологи нь орчин үеийн шаардлага хангасан, эмч нарынх нь ур чадвар бусдаас дутуугүй байж баруун бүсийнхэн эмчлүүлэхийн тулд нийслэлийг зорихоос аргагүйд хүрдэг их нүүдэл татарна гэдгийг ч тэрээр онцлон хэлсэн юм.
Ийнхүү УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Ховд аймагт гурав хоног ажиллаад томилолтоо өндөрлүүлж, Улаанбаатар хотыг зорьсон юм.

