2007 онд Олон улсын Олимпийн хороо 2014 оны өвлийн олимпийн тоглолтыг ОХУ-ын Сочи хотноо зохион байгуулахаар шийдэхэд олон хүн энэ шийдвэрт эргэлзсэн. Сочи бол ОХУ-ын өмнө зүгт орших Хар тэнгисийн эрэг дээрх байгалийн үзэсгэлэн цогцолсон амралтын хот. Хуучин социалист системийн үед ЗХУ-ын удирдлагууд зуны амралтаа өнгөрүүлдэг газар. Өндөр уултай ч Сочид цас гэдэг ховор эдийн нэг. Москвагаас 850 миль буюу 1360 км. Дэлхийн аль ч тивээс Сочи хүртэл шууд нислэг байхгүй. Ийм газар өвлийн олимпийн тоглолтын эрхийг олгоно гэдэг бөх зүрхтэй хүний хийх ажил байлаа.
Энэ бөх зүрхийг ойлгохын тулд тухайн үеийн ОХУ-ын улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг мэдэх хэрэгтэй. 2007 он гэдэг бол социалист систем нуран унаснаас хойш ОХУ-ын эдийн засаг сэргэх, дэлхийн лидер гэгдэх бүхий л нөхцөл байдлыг харуулсан жил байлаа. 2007 онд ОХУ-ын эдийн засаг 8.5 хувиар өслөө. Улс төрийн нөхцөл байдал ч сайн байлаа. Арав гаруй жил үргэлжилсэн Чеченийн дайн намжих янзандаа орлоо. Нэг үгээр хэлбэл ОХУ дэлхийн лидер улс гэдгээ харуулах боломж бүрдсэн байлаа. Тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-д 2014 оны өвлийн олимпийн тоглолтыг явуулах эрхийг олгох нь социалист систем нуран унаснаас хойш ОХУ юунд хүрснийг дэлхий нийтэд харуулах сайхан боломж” хэмээн мэдэгдэж байсан.
Өнөөдөр, Сочигийн олимп өндөрлөж буй энэ үед Владимир Путин 2007 онд мэдэгдэж байсан энэ үгээ нотлон харуулж чадлаа. Хүйтэн дайны үе төгссөнөөс хойш ОХУ анх удаа олимпийн тоглолтыг эх орондоо зохион байгууллаа. 1980 оны зуны олимпийн тоглолт тухайн үеийн дэлхийн хуваагдмал системийн хамгийн тод жишээ болон түүхэнд үлдсэн. Социалист лагерийн тэргүүн оронд олимпийн тоглолт явуулах эрх өгснийг эсэргүүцэн капиталист гэгдэх тэргүүлэх орнууд, тухайлбал, АНУ, ХБНГУ /хуучнаар баруун Герман/, Канад зэрэг орнууд бойкотлон оролцоогүй бол 1984 оны зуны олимпийн эрхийг АНУ-ын Лос-Анжелес хотод өгснийг социалист системийн орнууд мөн хариу бойкотлон Москвад Сайн санааны тоглолт гэдгийг зохион байгуулж байсан түүхтэй.

2007 оны Ерөнхийлөгч Путины мэдэгдэл бардам байсан ч олимпийн хотхоны барилга, бүтээн байгуулалт эхлэхэд хэлсэн амандаа хүрэх тийм ч амар биш гэдгийг оросууд ойлгосон. Анх 12 тэрбум ам.долларт олимпийн зардал багтана хэмээн төлөвлөж байсан ч өнөөдрийн байдлаар ОХУ Сочигийн олимпод 50 тэрбум ам.доллар зарлагадаад байна. Энэ нь олимпизмийн түүхэн дэх хамгийн өндөр өртөгтэй олимп болоод байна. 2008 оны Бээжингийн олимп 40 тэрбум ам.доллар зарлагадсанаар хамгийн өндөр өртөгтэй олимпод тооцогдоод байсан юм. Харин Лондонгийн 2012 оны олимп 19 тэрбум ам.долларыг зарцуулсан байна. Зарим албан бус тооцоогоор Сочигийн зардал 66 тэрбум давсан гэж ОХУ-ын “Независимая Газета” сонин мэдээлээд байгаа. Энэ өндөр өртөг Сочигийн олимпийн эсрэг байр суурь баримтлагчдын гол аргумент болоод байгаа. Олимп нээгдэх өдөр болоход зарим объектын гүйцэтгэл дутуу байсан нь бас нэмэр болсон. Гэвч 50 тэрбум ам.доллар гэдэг ОХУ-ын эдийн засгийг сөхрүүлэх хэмжээнийх үү. Олимп зохион байгуулаад эдийн засгаа сүйрүүлсэн орон байгаа хэмээгээд Грекийг иш татах хүн олон байна. 50 тэрбум ам.доллар гэдэг ОХУ-ын нефтийн гол олборлогч “Газпром”-ийн жилийн зарлагатай тэнцэх хөрөнгө юм.
Асуудлын гол нь хүйтэн дайны дараа сүйрэн унасан эдийн засагтай, ардчилал байхгүй Орос орон буурай орон байх ёстой гэсэн барууныхны үзэл сурталд байлаа. Тиймээс ч олимпийн тоглолт эхэлсэн эхний өдрүүдэд цоргоор гоожих булингартаж шарласан ус, буруу харуулж угсарсан жорлонгийн суултуур, үхсэн зөгийтэй балны зураг зэргийг нийгмийн сүлжээгээр эрчимтэй тарааасан. Хүйтэн дайн дууссан гэдэг. Гэтэл олимпийн тоглолтын эхний өдрүүдийн дэлхийд том гэгддэг мэдээллийн сувгуудын дамжуулсан мэдээллүүд хүйтэн дайныг өдөөсөн эх сурвалж байсаар байгааг нотоллоо.
Эдийн засагч Жефри Сагсийн үзэж байгаагаар “Олон хүн ОХУ-ын эдийн засгийг ядуу, 1991 оны дараах байдлаар төсөөлж байна, эдийн засгийн үзүүлэлт нь Хятадаас хамаагүй доогуур гэж харж байх шиг байна. Гэвч тийм биш” хэмээн мэдэгджээ. ОУВС-гийн мэдээгээр 2013 оны байдлаар ОХУ-ын нэг хүнд ногдох ДНБ нь 18600 ам.доллар бол БНХАУ-ынх 10000 ам.доллар байгаа аж. Дэлхийн банкны мэдээгээр ОХУ-д туйлын ядуурал тэг хувьтай бол Хятадад 11,8 хувьтай гэжээ. Доктор Жефри Сагс 1992-1993 онд ОХУ-ын Ерөнхий сайд Егор Гайдарийн макро эдийн засгийн зөвлөх хийж байсныг энд дурсах нь зүйтэй. Ноён Сагсын үзэж байгаагаар барууныхан, тухайлбал, АНУ болон ОУВС ОХУ-ын эдийн засгийг сэргэхэд тусламж үзүүлсэн бол эдийн засаг нь хамаагүй хурдан сэргэх байсан хэмээн үздэгээ илэрхийлсэн байна. Гэсэн ч оросууд өөрсдийн хүчээр хүндрэлээ давж гарсан гэж доктор Сагс үзсэн байна. 2001 онтой харьцуулахад 2013 онд ОХУ-ын ДНБ 4,4 хувиар өсч, ОУВС-гийн мэдээгээр ОХУ-ын инфляц 6,9 хувьтай, ажилгүйдлийн төвшин 5,5 хувьтай, төсвийн алдагдал ДНБ-тэй харьцуулахад 0,3 хувьтай байна. ОХУ-ын валютын нөөц 500 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Нэг үгээр хэлбэл Путин амласандаа хүрлээ. Хөрөнгө мөнгө илэрхийлсэн тооноос гадна Владимир Путин тэр болгон удирдагчийн олж чадахгүй зүйлийг олж авч чадсан нь үндэстний бахархлаа сэргээсэн явдал байлаа. Москвагаас хэдэн мянган км-ийн хол амьдран суугаа якутууд, эвенкүүд ОХУ-ын багийнхаа тоглолтыг үзэх гэж, сэтгэл санаагаар дэмжих гэж цаа бугаа эртхэн хотлуулж байгаагаа ОРТ сувгаар ярьж байна. Сэтгэлийг нь хураавал биеийг нь хураахтай ижил хэмээн манай өвгөд бидэнд сургамжлан үлдээсэн байдаг. ОХУ дор нэгдсэн олон үндэстний сэтгэлийг Путин хурааж чадлаа.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №050